УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.01.22

Д.Зоригт: Манай хилтэй тулаад газрын цооног, ашигт малтмал олборлож байна

Тусгай хамгаалалтад оруулсан хилийн дагуух газрын хэвлийн баялагтай ордуудыг нэн яаралтай ашиглах ёстой хэмээн судлаачид үзэж байна.

Тусгаар улс бүрийн төрийн бодлогын хүрээнд хилийн дагуух ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашигладаг гэдгийг Оросын холбооны улс, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрш маань бидэнд харуулсаар байгаа юм. Газар доогуур манай баялгаас технологийн хөгжлийг ашиглан хумсалсаар байгаа эсэхийг бид мэдэхгүй суусаар байгаа юм.

Монголын эдийн засгийг ойрын тавин жилдээ уул уурхай, ашигт малтмалын салбар урагш чирч явна гэх гадаад дотоодын дүгнэлттэй маргах аргагүй болжээ. Монголын нийт эдийн засгийн 50-60 хувь нь уул уурхайгаас хамаарч, нийт экспортын 89.2 хувь нь ашигт малтмалын түүхий эд байгаагаас харвал ойлгомжтой байгаа юм. Хилийн дагуух бүс нутагт эдийн засгийн сонирхолтой маргаан хамгийн ихээр гардгийг мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Зоригт "Манай хилтэй тулаад газрын цооног, ашигт малтмал олборлож байна. тиймээс бид ялангуяа хилийн бүсэд аж ахуй эрхэлж байж л Монгол улсын газар нутаг гэдэг нь илүү баталгаажна. Монгол улс, монголын төр илүү мэдээлэлтэй болно. тэр бүсэд ямар төрлийн ашигт малтмал, эрдэс баялаг байгааг мэдэх шаардлагатай. Тиймээс бид эрэл хайгуулын түвшинд хилийн зурваст сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Монгол улс хилийн зурвас бүсдээ бүх төрлийн үйл ажиллагааг хориглоод байгаа. Үүнийг засах ёстой. Ялангуяа газрын тос, ашигт малтмал хайх ажилд нээлттэй болох ёстой" хэмээн хэллээ.

Эхлээд геологи судалгаа хийгдэж байж ашиглах боломжтой. Гэтэл манайд геологи судалгааны ажил бүрэн орхигджээ. Тэр дундаа монгол улс хил дагуух нутгийнхаа эрдсийг судлах боломжгүй болж тусгаар хамгаалалтад авсан нэрээр бодлогын алдаа гаргаж байна. Хятадын компаниуд асар олон лиценз авчихсан хил дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Ялангуяа говийн ихэнх хэсгийн хил дагуух компаниудыг янз бүрийн аргаар ашиглаж эхэлсэн. Хойд зүг рүү ороогүй ч нутагтайгаа ойрхон өмнөд хэсэг рүү нилээн гүн гүнзгий орчихсон гэдгийг геологийн судлаачид хэлдэг юм.