Ганхуяг.Д Даваасүрэн.Ц Бат-Эрдэнэ.Б Бямбацогт.С Батцогт.Д 2014.01.22

Ц.Даваасүрэн: Ашигт малтмалын хуульд хэн лобби хийснийг бид мэднэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Их Хурлын гишүүдийн ээлжит хэрүүлийн алим нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боллоо. Өмнө нь хэлэлцэж байсан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд тусгасныг энэ төсөлд оруулжээ.

Алт олборлодог аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөц буурчээ. Түүнчлэн алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах зэргээр татвар төлөхөөс зайлсхийх явдал гарч байгаа аж. Иймд Монголбанкинд алтаа тушаавал нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулах, тушаахгүй бол 10 хувийг төлдөг байхаар заасан байна.

Хууль батлагдсанаар банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсч, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл буурч, төгрөгийн ханш тогтвортой байна гэж үзжээ. Мөн алтны нөөц эрс нэмэгдэх, улсын төсөвт алтны борлуулалтын татвараас орох орлого жилд 40-50 сая ам.доллараар буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1.7-2.0 ам.тэрбум доллараар нэмэгдэж таван жилд 8.5-10 тэрбум ам.доллар болно гэж тооцжээ.

Энэ хууль батлагдвал таван жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Гэвч зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Засгийн газрынхаа төслийг хамгаалав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Ц.Даваасүрэн: -Үүний цаана явж байгаа лоббиг бид мэдэж байгаа. Хэн лоббидоод, ямар компани таван жилийн хугацаанд алт олборлох гээд байгааг мэдэж байна. Хоёр сайд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ийм хууль гаргаснаар валютын ханш сайжрахгүй. Та хоёр ханшийн төлөө үнэхээр санаа зовж байгаа юм бол өмнө нь яриад байсан Оюутолгойн орлогыг Монголд оруулдаг болго.

Тэгж байж валютын нөөц нэмэгдэнэ. Уул уурхайн экспортын орлогыг Монголд оруулж чадахгүй бол валютын ханшийг яриад ч хэрэггүй, та хоёр. Түүнээс Монголын 40 кг алт олборлодог компанийн төлөө хуулиар өөрчилдөг байж болохгүй. Алтны лообий үе, үе орж ирдэг. Хэдэн жилийн өмнө ингэж ярьж л байсан. Тэгэхээр үүнд бид анхааралтай хандах ёстой.

Д.Ганхуяг: -Би л лав хувийн компанийнхантай уулзаагүй, утсаар яриагүй. Ханш өсөх гээд байсан гэдгийг Монголбанкнынхан долоо, наймдугаар сард ярьсан. Түүнээс хойш алт алга болчихоод байна. Алт ч, татвар ч байхгүй болсон. Алт дээр биш хоосон авдар дээр суучихаад ярих нь зохимжгүй юм. Иймд татварыг хөнгөлж алтаа авъя. Монголбанкинд алтаа тушаавал нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлт үзүүлье гэж үзэж байгаа.

Д.Батцогт: -Алтны бүрдүү­лэлтийг нэмж, валютын нөөцийг бүрдүүлье гэдгийг зөвшөөрч байна. Гэвч валютын ханшийн савалгаа бол тодорхой мэдээлэлтэй хүмүүсийн хийж буй зохион байгуулалттай зүйл. Үүнийг байнгын хороо онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол болохгүй.  Энэ төсөлд биет, биет бус гэж заагтай заасан байна. Энэ ямар учиртай вэ. Биет бус гэдгийн цаана Оюутолгой явж байгаа юм биш биз дээ?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Д.Ганхуяг: -Монголбанкнаас оруулсан биет, биет бус гэсэн саналыг Ажлын хэсэг дээр яриад хасахаар болсон. Биет бус гэдэг нь санхүүгийн хэрэгсэл ашиглаж худалдж авахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар доор байгаа зүйлийг тухайн үед нь худалдаж авахыг томъёолсон байсан. Өөр онц зүйл байхгүй.

Н.Батбаяр: -Валютын нөөц нь ханштай шууд холбоотой. Монголд валютын нөөц хэдий чинээ нэмэгдэнэ төдий чинээ ханш тогтвортой байна.

С.Бямбацогт: -Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар валютын ханш тогтвортой болно гэж хоёр сайд хэлж байна. Хуулийн төслийн танилцуулгад ч ийм заалт оржээ. Ямар тооцоо судалгаанд үндэслэсэн бэ.

Д.Ганхуяг: -Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэдэг өнөөдрийн ханшаар тооцоход 40 тонн алтны асуудал. Энэ бол төсөөлөл.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ: -Агуулга, зорилт нь тодорхой төсөл байна. Алт ухаж байгаа компаниудад яаж хөнгөлөлт эдлүүлэх вэ гэсэн зорилго. 10 хувийг шууд 2.5 болгож буулгах нь. Эдийн засаг хүнд байдалд орсон, алтнаас өөр сарвайх юм алга гэдгээ та нар хүлээн зөвшөөр. Алттай холбоотой хуулийг шуурхай хэлэлцэж баталдаг.

Би үнэхээр харамсч байна. Н.Батбаяр сайдтай сүүлийн найман жил парламентад хамт суухдаа байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ард түмэндээ тэгш шударга хуваарилуулахаар хамтдаа хашгирч явсан. Гэтэл одоо эрх баригч болчихоод байр сууриа өөрчилчихжээ. Бусад нам, эвслийн төлөөлөл, бие даагчид байр сууриа хадгалж байх шиг. Цаашид ч ийм байгаарай.

Н.Батбаяр: -Би Монголын газар шорооны төлөө үхэн үхтэлээ зүтгэнэ. Урваж шарвахгүй. Гэвч Засгийн газар кабинетын зарчимтай ажилладаг учир бүх зүйл дээр дуугарч болохгүй юм.