Энхтүвшин.Ө Даваасүрэн.Ц Ганбаатар.С Ганбат.Д Гарамгайбаатар.Б 2014.01.24 | Сайт: Time.mn

Б.Гарамгайбаатар: Монголдоо алтаа үлдээх зохицуулалт хийж байгаа хуулийн төсөл юм

Б.Гарамгайбаатар: Монголдоо алтаа үлдээх зохицуулалт хийж байгаа хуулийн төсөл юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар гадаадын аж ахуйн нэгж, тухайлбал, Оюутолгой компанийн алтыг төгрөгөөр худалдан авснаар эргээд доллар болж, улмаар улсын гадаад валютын нөөцийг эрс бууруулах хүндрэл бий болгох эрсдлийг анхаарч үзэх,   гишүүн  С.Дэмбэрэл алт болон гадаад валютын нөөц гэх мэт  асуудал нь өөрөө эдийн засгийн бодлого шаардсан асуудал тул энэ хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг  мөнгөний бодлоготой уялдуулах нь зүйтэй  гэсэн саналуудыг гаргажээ.

Чуулганы хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголбанк арилжааны банкинд биет бусаар тушаана гэсэн юм яригдаад байна. Энэ нь Оюутолгой алтаа хүдэр байдлаар гаргаад дараа нь дансны аргаар Монголбанкинд шилжүүлэхийг хэлээд байна уу. Монголынхоо алтны нөөц нь тодорхой том үндсэн ордууд дээр татварын хөнгөлөлт яриад байгаа нь утгагүй зүйл. Бороо гоулдын лобби энд үргэлжлээд яваад байх шиг байна.

Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга бол алтны татварыг бууруулах бол биш. Яагаад ийм асуудлыг дахин дахин хэлэлцээд байгааг ойлгохгүй байна. Валютын нөөцийн 20 хувийг ч юм уу алтаар бүрдүүлдэг. Валютын нөөцийг алт гэж үздэг үе хойно өнгөрч байна. Экспортын орлогоор бид валютын нөөцөө бүрдүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Биет бус гэдэг хэсгийг хуулийн төслөөс авчихсан. Тэр заалт байхгүй. Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд олонх гишүүд доллар болон юань их болсон учраас дэлхий дахин эргээд алтаараа валютын нөөцөө бүрдүүлэх тал руу орж байгааг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн их итгэлтэй валютын нөөц бол алт мөн. Тиймээс валютын нөөцийг алтаар бүрдүүлэх нь зөв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Танилцуулгад дурдахдаа хууль батлагдвал хоёр тэрбум ам.долларын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн байна. Энэ яг баталгаатай юу. Хууль батлагдаад энэ хавар, зунаас алтны нөөц 40 тонноор нэмэгдээд валютын нөөц хоёр тэрбумаар нэмэгдэх нь баталгаатай юу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Засгийн газраас энэ хуулийн төслийг өргөн барьсан. Одоо УИХ, байнгын хороод хэлэлцсэн. Бидэнд өгсөн ажлын хэсгийн мэдээлэл, судалгаагаар энэ хуулийг гаргаснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсөх юм билээ. Өнөөдөр алтны нийлүүлэлт буурсан. Хууль батлагдсанаар төв банкны алтны нөөц нэмэгдэнэ. Монголбанк алттай байснаар валютын нөөц сайжирна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Этиоп гэдэг улсад татвараар боосон байхад банк нь 1 тонн алт авдаг байж. Манайх шиг хууль батлаад 12 тонн болсон юм билээ. Оюутолгой орохгүйгээр 24 тонн алт Монголбанкинд тушаана гэсэн судалгаа байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад алтны татварыг таван жилд хөнгөлөөд дараачийн таван жилд 50 хувиар хөнгөлсөн. Үүнээс болж асар их юм алдсан. Монгол Улс татвараараа хохироод орлогогүй болсон. Одоо энэ хуулиар байнгын хороо нухацтай дүгнэлт хийж чадсан уу. Валютын нөөцөө өсгөх нь зөв л дөө. Гэхдээ газраа ухаж, алтны татвараа хямдруулж байж гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх нь зөв үү. Өөр аргаар шийдвэрлэж болдоггүй юм уу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Байнгын хороо ажлын хэсгүүдтэй хамтарч ажилахдаа асуудлыг сайн судалсан. Алт хөтөлбөр бол алт олборлохыг дэмжиж байсан. Харин алт тушаахад дэмжлэг байгаагүй юм билээ. Өнөөдөр гаргаж байгаа хууль бол монголдоо алтаа үлдээх зохицуулалт хийж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Алтны ил тод байдлын тухай хууль нэрээ өөрчлөөд л ороод ирчихэж. Сорьцийг хөдөө орон нутагт тогтоох тухай заалт орсон байна. Хөдөө орон нутагт алтны сорьц тогтоогоод хүлээж авах тогтолцоо бий юу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл УИХ дээр унасан. Харин одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Сорьцийн тухай тусгай хууль байдаг. Тэр хуулинд орон нутагт, сорьцийн алба байгуулж болох юм. Гэхдээ сорьцийн тухай хуулиар зохицуулж болох юм гэж үзээд тэр заалтыг болиулсан.