2010.01.28

Хязгаар нутгийнханд нэмэгдэл олгоё

Улаанбаатараас Эрдэнэт руу авто шуудангаар явахад нэг хүний замын зардал 15 мянган төгрөг байдаг гэнэ. Харин Ховд руу талдаа 80 мянгаар, онгоцоор нисэх бол 700 мянган төгрөгөөр зорчих тасалбар авах ёстой юм байна. Монголоос Бээжин болон Сөүл руу нисэхэд 400-600 мянган төгрөг гэж бодохоор асар их ялгаа харагдана. Хэдэн зуу, мянга гаруй км-ийн алс учраас хотоос ачсан барааны үнэд замын зардал шингээд асар өндөр үнэтэй хүрдэг.

Социализмын үед хангай, говийнхон нэмэгдэл авдаг байжээ. 2001 онд батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлогод алслагдсан аймгийнханд цалин, тэтгэврийн нэмэгдэл олгоно гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй юм байна. Эдийн засгийн ийм хөшүүрэг байдаггүйгээс алс холоос байдгаа бараад Улаанбаатарыг зүглэх нүүдэл саармагжина гэж ер үгүй. Хотын агаар, хөрсний бохирдолд нутгаа орхигсод хувь нэмрээ оруулсаар.

Ингээд хот, хөдөөгийн нийлсэн 22 гишүүн алслагдсан бус нутагт амьдарч байгаа иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд "хүч" өгөхөөр хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн бариад байна. Тэдний нэг С.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Алслагдсан нутагт гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хотынхоос 30-60 хувь өндөр байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ хотын ханшаас 30-50 хувиар бага. Ингээд орлого, зарлагыг тооцоод үзэхээр говийн болон хангайн алслагдсан бүс нутгийн иргэдийн амьдралын өртөг нийслэл болон түүнд ойр суурин газрынхнаас 1.5-2 дахин өндөр байгаа юм. Түүнээс болж төв,суурин газар руу бөөнөөрөө нүүж байна. Зөвхөн 2000 онд Увс аймгаас 80 мянган хүн шилжсэнээс тус аймгийн хун ам огт өсөөгүй юм билээ. Ховд аймагт ядуурлын түвшин 47 хувьтай байна. Дараа нь Увс, Ховд, говийн аймгууд ордог. Алслагдсан нутгаас хот руу нүүдэл ихэссэнээс Улаанбаатарын механикаар өсөж, түүнийг дагасан сөрөг үр дагавар нэмэгдсээр буй. Үүнийг эерэгээр шийдэх нэг арга бол алслагдсан бүс нутгийнханд нэмэгдэл олгох явдал гэж үзээд хууль санаачилсан.

-Хэдэн хувиар нэмэх саналтай байгаа вэ. Түүнд төсвөөс хэдий хэрийн зардал гарахаар тооцов?

-40-20 хувь нэмэх санал боловсруулсан. Ингэхэд нэгдсэн төсвөөс 15-25 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо хийсэн. Монгол Улсын зах хязгаар эзгүйрэх, хотын төвлөрлийг сааруулах, түүнээс үүдэлтэй сөрөг дагавар бий болохоос сэргийлэх асуудлын дэргэд энэ хэмжээний хөрөнгө их биш.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.