Эрүүл мэндийн сайд Дорноговь аймагт ажиллав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.01.28

Эрүүл мэндийн сайд Дорноговь аймагт ажиллав

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа салбарын сайд Дорноговь аймагт ажилласан юм. 

Албан томилолтынхоо эхний өдөр Даланжаргалан, Айраг сумын удирдлага, иргэд, эмч, ажилчидтай уулзсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сум 2640 орчим хүн амтай. Харин Айраг сум 3590 гаруй хүн амтай. Аймгийн хэмжээнд 11 сум энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэ хоёр сум ч тэдний нэг. 

Даланжаргалан суманд чулуу, цемент, нүүрсний уурхай байдаг бол Айраг суманд жонш, нүүрсний уурхай бий. Энэ хоёр сумыг Улаанбаатар-Дорноговийг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Энэ ч утгаараа осол, гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Хүүхдийн эндэгдлийн дийлэнхийг осол гэмтэл эзэлдэг. Уул уурхай дагасан өвчлөл ч эрс нэмэгдсэн байна. Даланжаргалан, Айраг сумдын уурхайнуудад “Нинжа” нар элбэг.

Сумын удирдлагуудаас тодорхой арга хэмжээ авсны хүчээр эдгээр “бичил уурхайчдыг” нөхөрлөл болгож цэгцэлжээ. Амьдралын эрхээр уурхай дагасан хүмүүcийн дунд бэлгийн замын халдварт өвчин, хөрсөнд дарагдах, ясны хугарал, осол их гардаг байна. Гэвч өөр аймгаас ирсэн тэдгээр иргэд ямар ч бүртгэлгүй. Тэглээ гээд эмч нар хөсөр хаялгүй чадлаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Энэ хоёр сумын алинд нь ч тоноглогдсон түргэн тусламжийн автомашин байхгүй.

Мөн Айраг сумын эмнэлгийг сум дундын эмнэлэг болгож өргөжүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа хүсэлтээ сайддаа уламжлав. Хотын эмнэлэг очер дараалал ихтэй, наашаа цаашаа явахад зардал, мөнгө ч их шаардах учир нутгийн иргэд ч ойр зуурын хагалгаа, оношилгоо, шинжилгээ, эх барихын тусламж үйлчилгээг сумандаа авахыг хүсэж явдгаа ч илэрхийлэв. 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийн асуултад хариулахдаа, “Бид өнгөрсөн онд 11 аймгийг оношилгооны төв болгон үйлчилгээгээ өргөжүүлж байна. Үүний нэг нь Дорноговь аймаг. Одоо үлдсэн аймгуудаа ийм болгоно. Тиймээс иргэд заавал нийслэл хот руу явах шаардлагагүй болж байна. Түргэн тусламжийн машины техникийн шаардлага гэж бий. Дэд бүтэц сайн хөгжсөн аймгуудаа энэ жилээс тоноглогдсон автомашинаар хангана” хэмээв. 

 Харин сумын эрүүл мэндийн төвд Говьсүмбэр аймгийн нэгэн адил эх баригч, сувилагч дутагдалтай болсныг эмч, ажилтнууд хэлж байв. Мянган сайн ажиллаад урамгүй, нэг хүний хийсэн алдаагаар салбарыг тэр чигт нь хараар будаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг унагаж байгаад эмзэглэж байгаагаа ч нуусангүй. Энэ байдлаас болж, орон нутагт залуу боловсон хүчин ирэхгүй халгадаг болжээ. 

 Дорноговьчууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” зүтгэнэ 

Хүн амын өсөлт төвийн дөрвөн сумдад өндөр байгаа.

 Монгол Улсын 2012 оны тэргүүний аймаг болох Дорноговьчууд ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” уриан дор “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа хийхээр төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, Сайншанд сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэл нар Эрүүл мэндийн сайдтай уулзав. 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг хэлэхдээ, “Бид Эрүүл мэндийн сайд, Аймгийн засаг дарга нарын хамтран байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих бүхий л ажлаа зохион байгуулж эхлээд байна. Хүн амын өсөлт төвийн дөрвөн сумдад өндөр байгаа. Аймгийн хэмжээнд 67 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Багийн эмч нарыг унаажуулах, төрөхийн байр, нялхасын сувилалыг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн удирдлагууд түлхүү анхаарч байгаа гэдгээ дуулгав.

“Шинэ Дорноговь 2” тогтвортой хөгжлийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх олон ажил эрүүл мэндийн салбартай уялдах юм. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 2,5 тэрбум төгрөгийн оношилгооны төв байгуулахаар ажиллаж байна. Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгын ажил 80 орчим хувьтай явагдаж байна. Манай аймаг ундны усны хувьд асуудал ихтэй. Усанд агуулагдах фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээс 4 дахин их байгаа учраас ДЭМБ-тай хамтран “Ундны усны аюулгүй байдлыг хангасан загвар аймаг” болохоор эхний ажлууд хийгдэж эхэлсэн зэрэг олон амжилттай ажлууд хийгдэж байна” хэмээгээд салбарын сайдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх асуудлуудаа товч танилцууллаа. 

 Арван өртөө аялал... 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн “Эх,хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Уг үйл ажиллагаа нь эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байлаа. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагууд, цагдаа, нийгмийн даатгал, халамжийн байгууллага, ЭМШУИС-ийн салбар сургууль, боловсролын газар, эм ханган нийлүүлэх байгууллагууд, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг олон байгууллага оролцож, 10 өртөө дамжуулан мэдээ, мэдээллээ хүргэсэн. 

Эмч нар үүргээ биелүүлдэг ч эрхээ эдлэж чаддаггүй 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчидтай уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

 Хэдийгээр эмч нар тангараг өргөж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ч эмч нараас илүүтэй иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарах үүрэгтэй гэдгийг ДЭМБ-аас ч зарласан. Эмнэлгийн ажилчид үүргээ биелүүлдэг ч эрхээ эдлэж чаддаггүй, иргэд эрхээ эдлэж байгаа ч үүргээ ухамсарлахгүй байгаад эмзэглэж байгаагаа хэлсэн.

Мөн эрүүл мэндийн салбарын одоогийн тогтолцоо нийгэмтэй зохицохгүй. Төсвийн мөнгө нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгааг хэлж, арга хэмжээ авахыг сайдаараа дамжуулан эрх баригчдаас хүсч буйгаа илэрхийлж байв. Улсын төсвийн орлогоос шалтгаалан хуваарилагдсан “үмх” төсвөөрөө хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх цаг ирснийг орон нутгийн эмч, ажилчид хэлж байна.