Эрдэнэ.С 2014.01.28 | Сайт: Мэдээ.МН

С.Эрдэнэ: Эрчүүд маань богино насалж байна

С.Эрдэнэ: Эрчүүд маань богино насалж байна
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2014 оныг гэр бүлийг дэмжих жил болгон зарлажээ.

Салбарын сайд хэлэхдээ “Өнөөдөр Монгол гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсан учраас бид гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ явуулахыг зорьж байна. Үүний хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Насан туршдаа хууль ёсны гэр бүл болж амьдраад, насны эцэст хэн нэг нь түрүүлж тэнгэрт хальдаг хорвоогийн жам шүү дээ.

Гэвч үлдэж хоцорсон хань ижил нь сэтгэл санааны хувьд хүнд байдалд ордог. Ялангуяа сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад эрчүүд маань богино насалж байна. Гэтэл эрчүүд маань амьдралынхаа туршид илүү хөдөлмөрлөдөг, илүү орлого олдог, даатгалд арай илүү шимтгэл төлдөг. Энэ утгаараа өндөр тэтгэвэр тогтоолгодог талтай. Айл өрхийн зонхилох орлогыг олж байсан гэрийн эзэн бурхан болоход тухайн айлд том цохилт болдог.

Энэ эрсдэлээс хамгаалахын тулд уг хуулийг боловсруулсан. Хэрэв тухайн иргэн нас бараагүй бол авах л ёстой тэтгэвэр биз дээ. Тиймээс тэр тэтгэврийг хань ижилд нь үргэлжлүүлэн олгоё гэдэг л асуудал яригдаж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахын тулд бид тооцоо судалгаа хийсэн. Манайх шиг асар өргөн уудам нутаг, тэрбум тонноор хэмжигдэх  байгалийн баялаг байхад Монгол Улс яваандаа эдийн засгийн хувьд өснө.

Ийм байдлаар ирээдүйн эдийн засгийн төсвөө өөдрөгөөр харж болж байна. Ардын нам энэ асуудлаар завсарлага аваад байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай” гэв.