УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.01.28

Д.Сумъяабазар гишүүн Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 1600 гаруй ахмадуудтай уулзаж  өөрийн хийж бүтээж байгаа ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлынхаа тухай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Удахгүй болох сар шинийн баярыг угтаж тойргийнхоо бүх хороодоос ахмадуудаа хүлээн авч уулзаж байна. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт цаашдаа хийх ажил их байгаа. Ялангуяа цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар, дүүргийнхээ алслагдсан бүсэд амьдарч байгаа малчдынхаа бас тэтгэврийн насыг таван насаар доошлуулах гэх  мэтийн хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа.

Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр хийж байгаа, хийх гэж байгаа ажлуудыг хуулийн төсөл санаачилснаар бүтээхгүй. Гэхдээ хийх ажил асар их байгаа. Иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд дүүрэг, нийслэл, их хурал гэсэн уялдаа холбоогоор хамтарч ажиллаж байж тулгамдсан асуудлыг шийднэ гэж зорьж байна” хэмээн ярилаа.

Дээрх уулзалтаар ахмадуудаа хүндэтгэн эдийн дээд цагаан хадаг барин дүүрэгтэй цаашид хэрхэн ажиллах талаар, мөн иргэдийн санал бодлыг тусгахаар зорьж байгаа юм.

Тэрээр мөн дүүргийнхээ хэвтэрт байдаг ахмадууд дээр очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Хамгийн их хүн ам төвлөрсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудаас анх удаа сар шинийн өмнө ийнхүү уулзалт зохион байгуулж хүлээж авсанд ахмадууд баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа.