Бямбацогт.С 2014.01.29 | Сайт: UNEN.mn

С.Бямбацогт: МАН Засгийн газарт орж ажиллахгүй

С.Бямбацогт: МАН Засгийн газарт орж ажиллахгүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Мэдээллийн дараа сэтгүүлчид бүлгийн дарга С.Бямбацогтоос сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэрийг АН-ын бүлгээс гаргалаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд нийтдээ 78 субъект хууль санаачлах эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байгаа нь гишүүдэд ялгавартай хандаж буйн илрэл. Манай бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг Л.Энх-Амгалан нарын гишүүдтэй өргөн барьсан боловч хэлэлцэхгүй дарсан.

Энэ хуулийн төслийг давуулахын тулд С.Эрдэнэ гишүүн Засгийн газрын танхимын зарчмыг зөрчиж Хамтын тэтгэврийн даатгалын хуулийг өргөн барьж, ямар ч дараалал харгалзахгүй хэлэлцүүлсэн. Бидний өмнө нь өргөн барьсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр 21 мянган төгрөг олгох, бүсийн нэмэгдэл, одонтой эхчүүдэд одонгийн нэмэгдэл, олон хүүхэдтэй эхчүүдэд цалин олгох гэх мэт хуулийн төслийг хэлэлцэхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг Л.Энх-Амгалан нарын гишүүдтэй өргөн барьсан боловч хэлэлцэхгүй дарсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан үүнтэй ижил агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Цөөнхийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгааг бид УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр хэлж сануулж байж энэхүү адилхан агуулгатай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл хэлэлцсэн нэр зүүгээд л дээрх хуулийн төслийг унагаахаар тохирсон юм байна. Ийм байдлаар асуудалд үзэмжээр, тэгш бус хандаж байгаад харамсаж байна.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн гэсэн мэдээлэлд дараагийн Засгийн газарт Ардын нам хамтрах тухай дурджээ. Албан ёсоор яригдсан зүйл бий юу?

-Тийм юм байхгүй. Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина гэгч болжээ. Сайд нар "давхар дээл"-ээ тайлах хуулийн төслийн санал хураалтад оролцвол сонирхлын зөрчилтэй болно гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцогсдын 90 гаруй хувь нь "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг дэмжсэн байна. "Давхар дээл"-ээ тайлж, хуяг дуулганаасаа салах хүсэлгүй болохоороо зориуд ийм хар PR дэгдээж байгаа юм байна.

Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах зарчмын гол асуудлыг үнэгүйдүүлэхийн тулд Ардын нам засагт хамтрах нь гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж иргэдэд эргэлзээ төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ та бүхэн эргэлзэх шаардлагагүй. МАН Засгийн газарт орж хамтрахгүй.