Хуулийг дахин өргөн барина
2011.01.21

Хуулийг дахин өргөн барина

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  24 гишүүн Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар явуулсан байна.

Алслагдсан бүсийн болон говийн бүсийн нэмэгдэл олгох зорилгоор 2009 онд анх санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2010 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн ч олонхийн санал аваагүй бөгөөд гишүүд дахин боловсруулж, багц хуулийн төсөл болгон дахин УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн нь энэ юм.

Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн 91 сумыг, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн 87 сумыг оруулахаар хуулийн төсөлд тооцжээ.

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийн нэмэгдэл олгох, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахаар хуулийн төсөлд оруулжээ.

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил, шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшид онцгой албан татвар ногдуулахгүй байхаар төсөлд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.