Ц.Баярсайхан: Иргэд төрийн үйлчилгээг хотын төвөөс биш дэргэдээсээ авдаг болно
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.02.04

Ц.Баярсайхан: Иргэд төрийн үйлчилгээг хотын төвөөс биш дэргэдээсээ авдаг болно

Засгийн газраас Хотыг дахин төлөвлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлээд байна. Анхны хэлэлцүүлгийн шатанд яваа уг төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-аар хэлэлцэж буй Хотыг дахин төлөвлөх тухай хуулийн төслийн гол агуулгыг танилцуулна уу. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулах вэ?

-Өнгөрсөн онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний 2020 оны тодотгол, 2030 оны чиглэлийг УИХ-аар хуульчлан баталсан. Хуучин Улаанбаатар хотыг 500 мянга орчим хүнтэй байхаар төлөвлөсөн байсан. Сүүлийн үед хүн амын тоо өсч, хот руу шилжин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэнээр Улаанбаатарын ачаалал ихэссэн. Ойрын хэдэн жил бараг таван аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн хотод шилжин иржээ.

Дээр нь барилгажих процесс их явлаа. Энэ шалтгаанаас болоод замын түгжрэл, агаарын бохирдлын асуудал хүндэрсэн. Харин шинээр баталсан ерөнхий төлөвлөгөө нэлээд тодорхой гарсан. Хотын төвийн төвлөрлийг сааруулахаар төлөвлөсөн. Ингэхгүй бол бүх хүн өглөө гэрээсээ гараад л хотын төв рүү явж байна шүү дээ. Үүний дагуу хотын захиргааг Баянхошуу руу шилжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын дээрх төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн үед гишүүд санал гаргаж нэрийг нь өөрчлөн Хотыг дахин төлөвлөх тухай хууль болгож өөрчилсөн. Энэ төсөлд гурван үндсэн чиглэл туссан.

-Ямар гурван чиглэл вэ?

-Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн газар дээр орон сууц барих ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, ашиглалтын шаардлага хангахаа больсон барилгуудын асуудал. Гуравдугаарт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах нь энэ хуулийн гол агуулга.

-Энэ гурван чиглэл дээр яг ямар асуудал тулгараад байна вэ?

Гэр хорооллын газрыг ч гэсэн ингэж л олгож байгаа шүү дээ.

-Барилгын нягтаршил их төвөгтэй байдал үүсгээд байна. Барилгын газрыг хамар хашааны зарчмаар залгуулаад олгочихдог. Гэр хорооллын газрыг ч гэсэн ингэж л олгож байгаа шүү дээ. Уг нь газар олгохдоо дундуур нь зам тавихаас эхлээд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зай үлдээх ёстой л доо. Үүнээс эхлээд хот төлөвлөлтийн асуудлыг энэ хуулиар зохицуулна гэж үзэж байгаа. УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотод дэд бүтцийн ажил нэлээд эрчимтэй хийж байгаа.

Тухайлбал, орон сууцны 10 хороолол, 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн шугам сүлжээний ажлыг хийсэн. Шугам сүлжээний ажлаа хийчихээд дараагийн ажлаа хийх гэхээр нарийн төлөвлөлт хэрэгтэй болоод байна. Хэдийгээр аж ахуйн нэгжүүд энэ газар дээр ийм барилга барина гээд төлөвлөлтөө гаргаж байгаа ч тухайн барилгад очих нийтийн тээврийн зорчих хэсэг, орц, гарцны замыг төлөвлөөгүй байдаг.

Тухайлбал, Буянт-Ухаа хорооллын нийтийн эзэмшлийн зам, талбайн асуудлыг тухайн компаниуд ярилцах шаардлагатай байгаа. Газар чөлөөлөх шаардлага ч гарах байх. Энэ мэт асуудлыг зохицуулахаар тусгасан.

Ашиглалтын шаардлага хангахаа больсон барилгуудын асуудал байгаа гэдгийг дээр хэлсэн. Ийм барилга нэлээд олон бий. Заримыг нь буулгаад барилга барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгддөг. Нэг давхар байшинг буулгаад гаднаа зогсоолгүй, дороо гражгүй 10 давхар барилга барьчих жишээтэй. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Улсаас мөнгө гаргаад энэ асуудлыг шийдэх боломжгүй учраас тухайн орчинд амьдарч буй иргэд, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгч компани, тухайн орон нутгийн засаг захиргаа хоорондоо гэрээ хэлцэл хийж шийддэг болно.

Хуучирсан барилгаа буулгах уу гэдгийг оршин суугчдын саналаар шийднэ. Орон сууцны асуудал хариуцсан орон нутгийн байгууллага замын орц, гарц, ногоон байгууламж, барилгын өндөр зэргийн стандартыг тогтоож өгнө. Энэ маягаар хуучин барилгуудын газрыг ашиглах ажлыг төлөвлөх юм.

Гуравдугаарт нь, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. Гэр хорооллын газар дээр орон сууц бариад л болно гэж ойлгож болохгүй. Дэд бүтцийг нь шийдэхээс гадна тэнд амьдарч байгаа хүмүүсийн бизнес хийх, орлого олох боломжийг харгалзан үзэх ёстой. Өнөөдөр бол хэсэгчилсэн байдлаар инженерийн шугам сүлжээ хүргэх, зам тавих ямар боломж байна гэдгийг л анхаарч байгаа. Зарим гэр хорооллын дундуур түргэн тусламжийн машин явах боломжгүй байгаа шүү дээ.

-Гэр хорооллын иргэд орон сууцанд амьдраад зогсохгүй төрийн бүх үйлчилгээг дэргэдээсээ авдаг болно гэсэн үг үү?

Гэр хороололд ч хүмүүс тохилог байшинд амьдардаг хэдий ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас гэртэйгээ ялгаагүй.

-Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцанд амьдарч байна. Үлдсэн хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд ч хүмүүс тохилог байшинд амьдардаг хэдий ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас гэртэйгээ ялгаагүй. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын 30 орчим хувь нь монгол гэрт амьдарч байна.

Цаашдаа Улаанбаатарын иргэн бүр аль хэсэгт амьдарч байгаасаа үл хамаарч цахилгаан, дулаан шугамд холбогдсон, халуун устай орон байранд амьдрах ёстой гэдэг зарчим баримталж ажиллана. Мөн цаашлаад нийгэм, соёлын бүх үйлчилгээ нь ойр байх ёстой. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ зөвхөн орон сууц барихгүй. Сургууль, цэцэрлэгээс эхлээд бүх үйлчилгээ нь ойр байх юм. Бүгдээрээ хотын захаас автобусанд суугаад хотын төв рүүгээ ирдэг, өглөө, оройдоо бужигнадаг байхаа л болино гэсэн үг.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний зээл авч төрийн бүх үйлчилгээг хүргэх найман үйлчилгээний төв байгуулна. Тухайлбал, шинээр байгуулагдах Баянхошуу, Сэлбэ үйлчилгээний төвөөс иргэд эрүүл мэнд, бизнесийн гэх мэт бүх үйлчилгээгээ авдаг болно. Хотын төв рүү орохгүйгээр л төрийн бүх үйлчилгээг авдаг болно гэсэн үг. Гэхдээ энэ бол урт хугацаанд хэрэгжүүлэх зорилт.

-Хотыг дахин төлөвлөх тухай хуулийг батлуулснаар Улаанбаатар хотын төлөвлөлтийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдэх үү. Эсвэл нэмж өөр хуульд өөрчлөлт оруулах, шинээр батлах шаардлага бий юү?

-Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын төлөвлөлт сайжирна гэхэд учир дутагдалтай. Зөвхөн энэ хуулиар зохицуулахгүй шүү дээ. Тиймээс хаврын чуулганд Барилгын хууль, Хот байгуулалтын хууль, Авто зогсоолуудын тухай хуулийн төслийг өргөн барина.