Хөдөлмөрийн бирж байгуулах ёстой
2011.04.15

Хөдөлмөрийн бирж байгуулах ёстой

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Хуулийг нь батлахаар УИХ хэлэлцэж буй нь энэ.Уул уурхайн салбар хөгжиж, Монгол Улс үүцээ задлахын хэрээр тодорхой төрлийн ажлын байрны эрэлт нэмэгдэж байгаа. Ажил хайж байгаа олон мянган иргэнээ сургах асуудлыг ч хамт сөхөж буй юм. Төслийг хэлэлцэх үеэр гишүүд энэ талаар хөндсөн.Жил ирэх бүр нэмэгдээд байгаа
ажилгүйдлийг бууруулах, ажил
олгогчдыг дэмжих нь шинэчилсэн найруулгын төслийн зорилго аж. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтийггишүүн С.Бямбацогттанилцуулсны дараа бусад нь асуув.

Ж.Батсуурь: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн хянах вэ.Эрэлттэй биш мэргэжлээр хэдэн хүн сургасан болж, дундаас нь мөнгө завших явдал байна. Нөгөө талдаа ажил олгогч нар түр ажлын байр бий болгосныхоо хариуд уг сангаас мөнгө авдаг. Өнөөх хүнээ удалгүй халчхаад дахин өөрийг авч урамшуулал авах замаар ажиллаж байна. Энэ мэт алдааг засах уу?

С.Бямбацогт: ХЭДС-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтыг хянах журмыг Засгийн газар батална. Үүний дагуу сум, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар аймаг, хотдоо улирал тутам тайлангаа тавина. Өмнө нь түр ажлын байр бий болгочхоод дээрх сангаас урамшуулал авдаг ажил олгогчид байсан. Одоо 12 сараас дээш хугацаанд тогтвортой ажлын байр бий болгож байж энэ урамшууллыг хүртэхээр өөрчилсөн.

Д.Ганхуяг: Дэлхийн нийгмийн хамгааллын байгууллагад 178 орон элссэн байдаг. НҮБ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бүтцийг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг халамжийн газраас нь салгах тухай ярьж байна. Энэ зөв үү. Нэг асуудал ярих бүрт шинэ газар байгуулж, орон тоо, зардал нэмэх юм. Манай улсад хөдөлмөрийн бирж хэрэгтэй байна. Энэ талаар юу ярив. Хөдөлмөр эрхлэлтийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уях ёстой. Ажил олгогчдоо яаж дэмжихээр зохицуулав?

С.Бямбацогт: Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагыг халамжаас нь салгах талаар төсөлд тусгаагүй. Ер нь цаашид ажилгүйдлийг бууруулахын тулд бүтцийг өөрчлөх шаардлагатай. Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох, алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулах зэрэгт тодорхой урамшуулал олгож, төрөөс дэмжинэ. Бирж байгуулах заалт оруулсан. Хөдөлмөрийн төв бирж нь бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байх юм.

Д.Балдан-Очир: Барилга, авто замын ажлын байранд голдуу хятад иргэд байна. Тухайн ажил олгогч шаардлагатай байгаа боловсон хүчнээ өөрөө бэлтгэх ёстой шүү дээ. Энэ талаар төрөөс ажил олгогчид шаардлага тавьж, шахалт үзүүлэх ёстой. Ийм зохицуулалт байна уу?

С.Бямбацогт: Дотооддоо байгаа ажилгүй иргэдээ гадагш явуулчхаад гаднаас ажиллах хүч авдаг гажуудлыг засна. Эхний ээлжид зөвхөн монгол хүмүүсийг ажилтай болгож, эрэлттэй мэргэжлээр гаднаас ажилчин авна гэх мэт зохицуулалт бий. Хөдөлмөрийн зуучлалыг төр биш хувийн хэвшлээр хийлгэх саналыг Л.Гантөмөр гаргав. Ийм боломж нээлттэй гэж С.Бямбацогт хариулсан ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди арай өөр зүйл хэлэв. Энэ мэтээр гишүүд асуусны дараа зарчмын зөрүүтэй саналуудыг хураасан.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.