Гишүүд хаагуур байна?
2014.02.10

Гишүүд хаагуур байна?

УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 30-ны өдөр завсарласнаас хойш Төрийн ордон бараг л эл хуль болжээ. Гишүүд чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж байгаа талаар тэдэнтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Сар шинээр Дорнод аймагтаа шинэллээ. Одоо тойрогтоо ажиллаж эхэлж байна. Ирэх гуравдугаар сар хүртэл тойрогтоо ажиллана. Энэ хүрээнд бүх сумдад ажиллан, иргэдтэй уулзаж, саналыг нь сонсох, УИХ-аар батлагдсан хуулийн төслүүдийн талаархи мэдээллийг өгнө. Би Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулийг намрын чуулганаар батлах байсан ч амжаагүй. Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг батлахад бэлэн болгосон байгаа. Ээлжит бус чуулганаар батлах уу, эсвэл хаврын чуулганаар хамгийн эхний асуудал болгож хэлэлцэх үү гэдэг нь УИХ-ын асуудал байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сар шинээс хойш суурин байна. Зарим нэг хуулийн төсөл дээр судалгаа хийж, нутгийн зөвлөлийнхөнтэй ажил хэргийн уулзалт хийж байна. Лхагва гаригт тойрогтоо очиж, “Шинэ сум” төслийн ажилтай танилцана. Манай аймагт энэ жил Бууцагаан, Баацагаан хоёр сумыг шинэчлэх ажил 80-90 хувьтай яваа гэж албаныхан хэлж байгаа. Тиймээс нөгөөдөр тойрог руугаа явж, шинэ сумуудын ажлын явцтай танилцана. Хоёрдугаар сарын 20-ноос Японд ажиллахаар болсон. Би Япон-Монголын парламентийн холбооны дэд дарга. Тиймээс холбооны ажлаар Япон улсад ажиллана. Үүний дараа тойргийнхоо бусад сумдад ажиллахаар төлөвлөсөн байгаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 28-ныг хүртэл тойрогтоо ажиллана. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2013 оны намрын чуулганы тойм, УИХ-д өргөн баригдсан болон хэлэлцэгдэж, батлагдсан хуулиудын талаар иргэд олон нийтэд танилцуулж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ 2014 оны төсөв, түүнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн оролцоо, хяналт тавих эрх үүргийг танилцуулан ажиллаж, аймгийн иргэдтэй уулзалт хийнэ. Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Шарын гол сум, Орхон сумдуудын хүрээнд хороо тус бүрээр нь иргэдтэй хэсэгчлэн уулзаж, нягт ажиллана, хороо бүрээс төлөөлөл бүхий айлуудаар орж, аж амьдралтай нь биечлэн танилцахаар төлөвлөөд байна.