Орос, Япон хоёр Арктикийн найзууд болох нь
Эрдэмтдийн судалснаар дэлхийн судлагдаагүй байгалийн хийн нөөцийн 30 хувь, газрын тосны нөөцийн 13 хувь Арктикт байдаг.
2014.02.12

Орос, Япон хоёр Арктикийн найзууд болох нь

2014 онд Арктикийн бүс нутаг Хятад, Япон тэргүүтэй Зүүн азийн орнуудын эрчим хүчний бодлогын нэг хэсэгт орж олон улсын харилцааны чухал сэдэв боллоо.

Сүүлийн жилүүдэд Япон Арктикт өөрийн байр суурийг бэхжүүлэхэд нэлээдгүй чармайсан. Уг бүс нутагт Японтой хамтран тоглох улс бол Орос. Хоёр улсын харилцаа амжилттай хөгжих эсэхээс олон асуудал шалтгаална.

2012 оны есдүгээр сард хойд мөсөн далайн мөс түүхэндээ хамгийн бага хэмжээнд хүрснээр уур амьсгалын өөрчлөлт санаа зовниулсан асуудлын нэг болов. Мөс багассанаар Арктик эрчим хүчний нөөцийн төлөөх тэмцлийн талбар болж хувирав. Түүнчлэн Арктикаар дамжин өнгөрөх Умардын далайн зам эрчим хүч тээвэрлэх хамгийн дөт зам болох юм. Хэрэв энэ санаа биелвэл эрчим хүч импортлогч болон экспортлогч орнууд Ормуз, Малаккийн хоолой гэх мэт тойруу, найдлагагүй далайн замаас хамаарахгүй болно.

Тиймээс Зүүн ази хийгээд Арктиктай хил залгаа орнууд геополитикийн давуу талаа ашиглахыг оролдож байна. 2013 оны тавдугаар сард Хятад, Япон, Өмнөд Солонгос Арктикийн Зөвлөлийн байнгын ажиглагч болсон нь Зөвлөлийн хуралд оролцож, Арктикт өөрийн стратеги бодлогыг хэрэгжүүлэх боломжийг олгов. Эдгээрээс хамгийн идэвхтэй нь Хятад бөгөөд улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт Арктикийн талаар цогц бодлого хэрэгжүүлдэг.

Япон Арктикийн тэмцэлд хожуу орсон билээ. Эрчим хүчнийхээ 84 хувийг гаднаас авдаг энэ орны хувьд Арктикийг сонирхох нь зүй ёсны хэрэг. Эдүгээ Япон газрын тосны импортоор дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд байгалийн хийн хэрэглээгээр томоохонд тооцогддог. Фукусимагийн атомын цахилгаан станцийн ослын дараа Япон улсын эрчим хүчний хараат байдал улам нэмэгдэв. Дэлхийн хамгийн том далайн боомтуудын нэгийг эзэмшдэг Япон улсын хувьд Умардын далайн зам маш ашигтай. Уг замыг ашиглаж чадвал Суэцийн сувгаар дамжихаа больж Гамбургаас Йокогама хүртэлх замыг 40 хувиар товчилж, түлшээ 20 хувь хэмнэнэ.

Арктикийн бүсийн олон улсын статусыг хөндөлгүй Япон улс өөрийн нөлөөг тогтоож чаджээ. Тухайлбал, ОХУ тэргүүтэй Арктикийн орнуудтай хоёр талын хэлэлцээг байнга хийдэг. Орос, Японы харилцаа 2010 онд Медведев Курилын бүлэг арлын нэг Кунаширт айлчилсны дараа нэлээд муудсан ч Путин дахин сонгогдсоноор дахин сайжирсан.

Хоёр улс хоёулаа Хятадын эрс өсөлтөд түгшдэг нь гарцаагүй. 2012 онд Хятадын “Цасны луу” нэртэй мөс зүсэгч хөлөг онгоц Хойд мөсөн далайг хөндлөн туулж гарахад ОХУ Хятадыг авч үзэлгүй Японыг Арктикийн зөвлөлийн ажиглагч орон болгохыг шууд дэмжсэн юм. Түүгээр зогсохгүй Японы Inpex Corporation хэмээх газрын тосны компани “Роснефть” компанитай хамтраад ОХУ-д харъяалагдах газрын тосны хоёр ордыг хамтран ашиглах гэрээ байгуулав.

Хоёр улс ашгаа өгсөн олон тооны дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулав. Өнгөрсөн онд хоёр улсын харилцааны түүхэнд анхных болсон “2+2” уулзалтыг зохион байгуулж, батлан хамгаалах, гадаад хэргийн сайдууд аюулгүй байдлын чухал асуудлуудыг хэлэлцэв.

Гэхдээ амжилттай хамтран ажиллахад саад болох зүйлс бий. Курилын арлуудын статус, Япон Америкийн аюулгүйн байдлын хамтын ажиллагаа, түүнчлэн 20 дугаар зууны эхний Орос, Японы дайн, дэлхийн хоёрдугаар дайн зэрэг нь хэвийн хамтын ажиллагаанд тээг болсоор ирсэн билээ. Гэсэн хэдий ч хоёр улс хамтран ажиллахыг хичээж байна.

Орос, Япон хоёр хамтын ажиллагаанаас юу хожих вэ? Оростой харилцаагаа сайжруулснаар Япон улс Хятадын идэвхтэй бодлогыг хазаарлахыг оролдоно. Эцэстээ Япон Арктикт өөрийн нөлөөг бэхжүүлэхийг хүсч байгаа. Японы эрчим хүч, тээврийн компаниуд болон шинжлэх ухааны судалгааны төвүүд ч Арктикийг сонирхож байна. Хойд мөсөн далайд замтай болвол Япон улс Сингапур, Шанхай, Хонконг зэрэг өрсөлдөгчдийн өмнө давуу талтай болно.

Оросын хувьд ч ашигтай тал бий. Стратегийн чиглэл Европоос Ази руу чиглэсэн. Хятадтай ямар нэгэн асуудал үүсвэл аюулгүй байдлаа хангахын тулд ОХУ Азийн бусад орнуудтай дотно харилцаатай байхыг зорьдог. Хятад хамгийн гол худалдааны түнш хэдий ч Орос улс Азийн бусад орнуудад эрчим хүчээ экспортлох сонирхолтой. Хятад Ойрхи дорнод, Африк, Дундад Ази, Ази номхон далайн бүсэд эрчим хүч нийлүүлэгчдийн өргөн сүлжээг бий болгож чадсан ч ОХУ зөвхөн Хятадад зориулсан томоохон дэд бүтцийг байгуулав.

Оросын эдийн засаг эрчим хүчний экспортоос хамааралтай бөгөөд Арктикт тэргүүлэх нөлөөтэй болоход технологийн хувьд өрсөлдөгчдөөсөө хоцронгуй. Япончуудын эрчим хүч олборлолт, далайн тээвэрт зориулж боловсруулсан ноу хау оросын компаниудад тун ашигтай.