Ойрын хэдэн жилд 40 тонн алттай болно гэж мөрөөдөж байна
Алтыг монголчууд оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь унамгүй зовлон гэж үздэг байж.
2014.02.12

Ойрын хэдэн жилд 40 тонн алттай болно гэж мөрөөдөж байна

Алтыг монголчууд оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь унамгүй зовлон гэж үздэг байж. Энэ нь байгалийн баялгаа өөрсдөө хайж олж, ашиглаж олборлож чаддаггүй байх үеийн тодорхойлолт, аман яриа л даа.

Харин одоо бол алт хэмээх эрдэс баялаг Монголын эдийн засаг, улсын төсвийн бүрдүүлэлтэд томоохон байр суурь эзэлдэг металл болсон. Олон улсын эдийн засгийн харилцаа ч үүний үндэс суурь. болж байна. Эдийн засгийн дотоод амьдрал ч алттай тодорхой хэмжээгээр шууд холбогдож байгаатай уялдан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Цагаан сарын өмнөхөн УИХ-аар яаравчлан баталсан. Гэхдээ гишүүдийн 53.3 хувийн саналаар арай хийж баталсан нь олон хүнд тийм ч таатай байгаагүйг гэрчлээд байх шиг.

Учир нь, 2008 онд баталсан Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвараас өмнө жилдээ 25 тонн алтыг Төв банкинд тушаачихдаг байсан алт олборлогчид сүүлийн жилүүдэд зургаан тонн алтаа тушаадаг болсон нь бусдыг нь хяналтаас гадуур “сүйхээчлэн” борлуулж, татвараас зайлсхийдэг болсонтой холбоотой. Энэ хугацаанд алтны олборлолт огцом багасаагүй атлаа Монголбанкинд тушаасан хэмжээ эрс буурсан нь ашиг сонирхлын зөрчилтэй УИХ- ын гишүүдтэй хамааралтай гэж олон нийт үзэж байна.

Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хяналтын хор хохирол арилаагүй байгаа, алтнаас олох дотоодын ашиг орлого уруудаж, валютын ханш огцом өссөнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүний гол заалт нь алт олборлогчид Төв болон арилжааны банкинд алтаа тушаасан нөхцөлд 2.5 хувийн татвар авч, бусад өсөн нэмэгдэх болон роялтийн татварыг тэглэх явдал гэж тус хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг  ахалсан УИХ-ын гишүүн Д.Ганбат онцолж байна.

Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хяналтын хор хохирол арилаагүй байгаа, алтнаас олох дотоодын ашиг орлого уруудаж, валютын ханш огцом өссөнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хэрэв өөр замаар борлуулах бол өсөн нэмэгдэх, роялтийн тус бүр таван хувийн татвар болон борлуулалтын дүнгийн 100 ам.доллар тутамд нэг хувийн буюу өндөр ашгийн татвараа давхар төлөх юм. Энэ нь аж ахуйн нэгж, компаниудын олборлосон алт “буруу зам”-аар орохоос сэргийлж, улсын сангийн алтны нөөцийг нэмэгдүүлнэ гэж манай улстөрчид тооцоолсон бололтой.

Тэгвэл ирэх жилийн улсын төсвийн орлого дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 1384-өөр тооцсоныг ойлгохын аргагүй. Валютын ханш “ухардаг араа”-ндаа ер орохгүй, ядаж л 1700-гаас буухгүй байхад ийм тооцоо хийж байна. Дээр нь алтны нөөцөөр дэлхийд эхний тавд жагсдаг ОХУ-ын татвар дөрөв, Хятадынх 2-7 хувьтай байхад манай улс хэдийгээр нөөцөөрөө 10-т багтдаг ч 2.5 хувь байлгах нь хэр оновчтой, ирээдүйд хэр ашигтай байх бол гэдэг эргэлзээтэй. Энэ талаар УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэг өрнөж байхад Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл нарын гишүүд, алтыг нөөцөлснөөр  валютыг нэмэгдүүлэх нь оновчтой арга биш гэж мэтгэлцэж байсан.

Харин гишүүн Д.Ганбат өөрийн байр суурийг хамгаалснаар олонхийн саналаар батлуулж чадсан. Хожим нь Д.Ганбат гишүүн, социализмын үеийн эдийн засагчдад зах зээлийн зарчим, жам ёсыг ойлгуулах нь оцон шувууг нисгэж сургахтай л адил гэж нөгөө хэдийг “доош нь хийсэн” ярилцлага өгч харагдана билээ. Бас батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн дараахнаас валютын ченжүүд гар дээрх доллар,  юанийг ихээр борлуулж, ханш нь даруй 10-20 төгрөгөөр унасан байгаа гэж мэдээлсэн юм. Үүний араас залгуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хулгайг бус худалдааг дэмжсэн хууль гарлаа”, “ноён долларыг - номхотгож эхлэв” гэгчилэн бичиж, сурталчилж байгаа.

Үнэндээ 1930-онд “хуурай хууль” гаргаснаар АНУ- д мафийн сүлжээ бий болж, манайд 68 хувийн татвартай холбогдон улсын санд нэмэрлэх алтны урсгал татарч байсантай харьцуулбал гайгүй боломжийн хууль баталсан гэж салбарынхан үзэж байгаа юм билээ. Тийм ч учраас Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн дэргэд зөвхөн алт олборлогчдын холбоо байгуулж, төр засагтай хэрхэн хамтарч ажиллах талаар нэлээд өргөн хүрээний ярилцлага, хэлэлцүүлэг явагдаж эхэлсэн гэж холбогдох албаны хүн тайлбарлаж байсан.

Ямартай ч “Бороо гоулд” шиг Монголын газар нутгийг ухаж сэндийчээд 40 тонн гаруй алтыг зүгээр л ачаад аваад явчихсан гашуун түүх давтагдахгүй бололтой. “Оюутолгой"-н хувьд хүдрийн баяжмалаа тэнд нь хийж байгаа болохоор хүдрийн найрлагад буй алтны хэмжээг мэдэх аргагүй.  Тэд ч ялгаж авсан алтаа буцааж оруулж ирээд манай банкуудад тушаагаад байх нь юу л бол. Оруулж ирсэнгүй гээд манайхан тэдэнд дээд талын буюу 10 хувийн татвар ногдуулах, аль эсвэл хууль бус арилжаа гээд ном дүрэм ярьж, ял шийтгэл ногдуулж чадахгүй нь тодорхой. Хамгийн энгийн логикоор ингээд бодоход УИХ-ын гишүүд “цоорхой”-гүй сайхан хууль баталчихлаа гэхэд бас л учир дутагдалтай гэж зарим мэргэжилтэн хэлээд байгаа юм.

Д.Ганбат  гишүүний тайлбарлаж мэдээлснээр бол манай улс энэ хуулийг мөрдсөнөөр энэ онд 16 тонн, цаашдаа ойрын гурван жилд 40 тонн алтны нөөцтэй болчих юм билээ. Энэ нь зөвхөн энэ онд нэг тэрбум орчим ам.долларын хуримтлалтай болно гэсэн үг. Хамгийн гол нь Монголын аль эх орондоо үлдэж, эдийн засгийг урагшлуулж, алтны олборлолтод хяналт тавих арга зам нь нээлттэй болоосой билээ. Эцэст нь монголчууд алтан дээр суусан гуйлгачин ч юмуу онгойсон хар нүх бараадсан хоосон хүмүүс биш жинхэнэ алтаа авдардаа хадгалсан баячууд болох болтугай.