Т.Баярсайхан: Арьс ширний салбар буун дуу хүлээж байгаа гүйлтийн тамирчин шиг л гараан дээр зогсч байна
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан
2014.02.12

Т.Баярсайхан: Арьс ширний салбар буун дуу хүлээж байгаа гүйлтийн тамирчин шиг л гараан дээр зогсч байна

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн жил арьс ширний салбарт ямар өөрчлөлт гарсан бэ. Үйлдвэрлэл эрхлэгчид Засгийн газрын бондын зээлийг хэрхэн үр дүнтэй зарцуулав аа?

 Арьс ширний салбарын хувьд  их хүлээлтийн он байлаа. Хэдийгээр 2012 оны 12 сард УИХ-ын 74 дүгээр, ЗГ-ын 48 дугаар тогтоолоор эх орны арьс ширний үйлдвэр эрхлэгчдэд засгийн газрын бондын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон ч өнөөдрийг хүртэл аваагүй л байна. Үйлдвэрлэгчид мөнгөгүй болж ахиад л Хятадууд бүх арьсыг аваад л гарчихлаа.

-Энэ ажил удааширч байгаад ямар дүгнэлт хийж байна?

Олон талын асуудал бий. Нэгдүгээрт Засгийн газрын зээлийг арилжааны банкаар олгоно гэсэн боловч 7 хувийн хүүтэй зээл олгох банк олдохгүй байна. Энэ нь банкны хувьд тохиромжгүй нөхцөл бололтой. Хэрвээ зээлээ өгчихвөл түүхий эдээ зуун хувь өөрсдөө авахад бэлэн. Ерөөсөө манай салбарт Хятадуудын жилд оруулж ирдэг 110 тэрбум төгрөг байхад хангалттай. Бид эхний жил нь арьсаа хагас боловсруулаад хорин хувь, дараа жил нь дөч, жар, наян хувь хүртэл нь боловсруулдаг болох боломжтой.

-Арьс ширний салбарт  хичнээн ЖДҮ эрхлэгчид байдаг вэ. Тэдний өнөөгийн байдал?

Арсь ширний салбарт нийтдээ 4000 хүн ажилладаг. Ерөөсөө арьс ширний үйлдвэрүүд бүгдээрээ ЖДҮ-д орно. Гэхдээ би жижиг дунд гэдэг үгэнд маш дургүй. Үндсэн хуулийн дагуу тэгш л хандах ёстой. Үйлдвэрийнх нь хувьд жижиг том гэж ялгалгүй нэгдсэн бодлого явуулах ёстой. Ангилж зааглаж яваад байгаа нь төрийн гажиг бодлого. Ээж аав хүүхдээ том жижиг гэдэггүй. Сүүлийн арав гаруй жил жижиг дунд үйлдвэрлэл гэж ярих болсон нь сайн хэрэг. Гэхдээ С.Батболдын засгийн газрын үед ЖДҮ-ийн талаарх баримтлах бодлого бүр дампуурч, хэтэрхий жижиглэх буюу өрхийн үйлдвэрлэл рүү орсон.

Хятадууд өлсгөлөнгөөс гарахын тулд өрх бүр үйлдвэрлэгч байя гэсэн уриаг дэвшүүлсэн. Гэхдээ манай нөхцөлд аль болох нэгдэн нийлж, томрох шаардлагатай.

Аль болохоор Дарханы нэхий, Эрдэнэт үйлдвэрийг дэмжинэ гэсэн үг.

-ЖДҮ эрхлэгчид өрсөлдөх чадвар муутай хэмээн шүүмжлүүлдэг. Нөгөө талаас үйлдвэрлэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй хэмээн гомдоллодог. Өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Өнөөдөр ЖДҮ гээд ярьдаг мөртлөө дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй л байна. Жишээлбэл Монголчууд жилдээ 300 тэрбум төгрөгний зургаан сая гутлыг өмсдөг. Гэтэл энэ нь дандаа хятадын хиймэл арьсан, нэг зуны ч насгүй гутал байдаг. Дотоодын гутал үйлдвэрлэгчдийн хувьд үүнийг л хийчихвэл хангалттай. Хэрвээ ингэвэл 300 тэрбум төгрөг гадагшаа гарахгүй.

Хятадын үйлдвэрлэгчид биднээс хүүгүй мөнгийг засгийн газраас авдаг гэдгээрээ давуу. Харин бид хүүтэй мөнгөтэй. Ийм өрсөлдөгчтэй бид өрсөлдөж байна шүү дээ. Дээрээс нь монголчуудын оюун ухаанд монгол бүтээгдэхүүн муу гэсэн ойлголт байсаар байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь цаад утгаараа ажилгүй хамаатан чинь ажилтай болж, гудамжинд хүмүүс гуйлга гуйж, биеэ үнэлэхээ болино гэсэн үг. Нийгэм эрүүлжинэ.

Өнгөрсөн намар сурагчийн хувцсыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Гэтэл бид даавуугаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй болохоор одоо хувцасны чанар дээр шүүмжлүүлж байна. Мэдээж алдаа байлгүй яах вэ. Гэхдээ тэр хувцсыг монгол эмэгтэй ур ухаан, оюун ухаанаа шингээн байж оёсон шүү дээ.

-Танай салбарыг дэмжиж буй төрийн бодлогыг хэр оновчтой гэж хардаг вэ?

Уржигдрын сонинг уншаад их гайхлаа. гайхаж байна. Манай улс Оросоос нефть авдаг мөртлөө, одоо Тамсагын нефтийг хоолой татаж Хятад руу явуулна гэх юм. Их сонин үзэгдлүүд ажиглагдаж байна.

Яг үүнтэй адилхан зүйл манай салбарт байна. Юу гэвэл арьс ширээ хагас боловсруулаад дотоодын боловсруулах үйлдвэрт хавтан болгоод зарахаар НӨАТ-ын татвар авдаг мөртлөө хагас боловсруулсан чигээр нь Хятад руу экспортлохор НӨАТ-ын татвар авдаггүй. Экспортын татвар ч авдаггүй. Төрийн бодлого алийг нь дэмжээд байгаа юм бэ.

-ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлэх ёстой юм бэ. Ялангуяа хөдөө аж ахуйн орон гэсэн онцлогоо хэрхэн давуу тал болгох вэ?

Аль болох жижгүүдийг томруулах, нэгдүүлэх бодлогыг баримаар байна. Тухайлбал Увс аймагт гутал хийдэг 50 орчим жижиг аж ахуйн нэгжүүд байвал тэдгээрийг нэгтгэж шугамын үйлдвэрлэл болгочихвол ашиглалтын зардал багасч, хөдөлмөрийн бүтээмж өснө. Ганц нэгээрээ үйлдвэрлэхээр өрсөлдөх чадваргүй болоод байгаа юм.

Ер нь цаашид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрлэлийг дэмжмээр байна. Тухайлбал Турк улс арьс ширний салбараа хөгжүүлсэн гурван арга байдаг. Их амархан. Нэгдүгээрт, Хэрвээ чи арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг байгаад гадаадын  үзэсгэлэнд очиж туршлага судалж, зах зээлээ тэлсэн бол зардлын баримтаа өгөөд тавин хувиа улсаас авах боломжтой. Ийм нөхцөлд үйлдвэрлэл эрхлэхээс өөр аргагүй.

Хоёрдугаарт, сая доллараас дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн экспортловол 170,000 долларыг чамд буцаагаад өгнө. Энэ арга нь олон жижиг үйлдвэрлэгчдийн нэгдэж, нийлэхэд тусалдаг. Бүтээгдэхүүнээ экспортлохын тулд НЭГДЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ.

Гуравдугаарт, арьс ширний тоног төхөөрөмж оруулж ирэхэд ямар ч татваргүй. Ингээд л туркийн арьс ширний салбар хөгжсөн.

Арьс ширний салбар монголд зайлшгүй байх салбар. Италиуд манайхаас ямааны арьс авчихаад буцаагаад PRADA-гийн үнэтэй цүнх хийгээд зардаг. Монгол ямааны арьс 40 хэмийн халуун, 30 хэмийн хүйтэнд тэсвэртэй.

Өнөөдөр хятадууд манай түүхий эдийг өндөр үнэтэй худалдаж авдаг нь эргүүлээд зургаан сая гутлаа наашаа оруулж ирэхийн тулд зах зээлээ бэлдэж, үндэсний үйлдвэрчидтэй өрсөлддөг юм.

Ийм том бодлого явуулж байна шүү дээ.

Гэхдээ манай арьс ширний салбар буун дуу хүлээж байгаа гүйлтийн тамирчин шиг л гараан дээр зогсч байна.

 Ярилцсанд баярлалаа.