Дэлхий ертөнц газрын тосны дайны босгон дээр
2035 он гэхэд дэлхий дээр өдөрт 110,6 сая газрын тос олборлох болно.
2014.02.13

Дэлхий ертөнц газрын тосны дайны босгон дээр

2035 он гэхэд хэт том гүрэн гэгдэх АНУ, Хятадын хооронд жил ирэх тутам багассаар буй эрчим хүчний нөөцийн төлөө жинхэнэ тэмцэл эхэлж, дэлхий ертөнц өөрчлөгдөнө гэж “Цус ба газрын тос” номын зохиогч Майкл Клар үзэж байна.

Түүний European Energy Review сэтгүүлд нийтлэгдсэн “Хятад 21 дүгээр зууны эрчим хүчний хэт гүрэн болох нь”  өгүүллийн хэсгээс сонирхуулж байна.

Ертөнцийн салхи хаашаа үлээхийг мэдэхийг хүсч байна уу? Хятадыг аваад үзье. Энэ оронд манай гаригын бүх том гүрний гадаад бодлого, тэр дундаа эрчим хүчний асуудал төвлөрнө. Цагаан ордныхон хэдийнэ санаа зовж эхэлжээ.

Хятадын шинэ тутам үүсч буй эрчим хүчний хэрэгцээг нарийн тооцоолоход хэцүү. АНУ-ын эдийн засаг, цэрэг дайны хүч газрын тосонд суурилсан байдаг. Хоёрдугаар дайны дараагаас АНУ-ын нутаг дэвсгэр дэх газрын тосны нөөц багасч эхэлснээр америкийн лидерүүд эдийн засаг, цэргийн хүчээ хангалттай нөөцөөр хангахын тулд өндөр зардалтай бодлого явуулж эхэлсэн. Үр дүнд нь АНУ гадаад орнуудын газрын тосыг ашиглах дэлхийн хэмжээний бодлогыг хэрэгжүүлж чадсан юм. АНУ-ын гадаад бодлогод газрын тос түлхүүр үүрэгтэй учраас үүн дээр нь Кувейт, Нигер, Саудын Араб зэрэг орнууд тоглолт хийж, тэдэнтэй найрсаг харилцаатай байхаас өөр аргагүй болгодог.

Энэхүү нөхцөлд байдалд үндэслэж гаргасан сүүлийн үеийн судалгааны дүнгээр 2007-2035 оны хооронд Хятадын эрчим хүчний хэрэглээ 133 хувиар өснө хэмээжээ. Газрын тос, байгалийн хий, уран болон бусад эрчим хүчний нөөцийн хэрэгцээтэй Хятад орон эдгээр нөөцийг олж авахдаа төрөл бүрийн асуудалтай тулгарах нь гарцаагүй. Асуудал мөргөлдөөнд хүргэнэ.

Түүнчлэн Хятадын эрчим хүчний хэрэгцээ олон улсын зах зээл дээрх үнэд нөлөөлнө. Хятадын эрх баригчид улс орноо импортын хараат байдалд оруулахгүйн тулд өөрсдөө олборлодог нүүрсэнд түшиглэх нь гарцаагүй. Судлаачдын гаргасан тооцоогоор 2035 он гэхэд нүүрс Хятадын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг эзэлж, Хятадын дэлхийн агаар мандалд цацаж буй хорт хаягдал 31,4 хувьд хүрч, эрүүл мэндийн зардлын улмаас эдийн засаг суларна гэжээ.

Тиймээс Хятадад газрын тосноос гадна өөр нөөц хэрэгтэй. 2030 он гэхэд, магадгүй түүнээс ч наана Хятад газрын тосны хэрэглээгээ өдөрт 10,6 сая баррельд хүргэснээр АНУ-ын өнөөгийн байр суурийг эзэлнэ. Энэ үед газрын тосыг байгалийн хүнд нөхцөлтэй, улс төр тогтворгүй газруудад олборлоно.

Хятад АНУ-д газрын тос  нийлүүлэгч орнуудтай холбоо тогтоох болсон нь хоёр улсын хооронд геополитикийн сөргөлдөөнийг бий болгов. Гэхдээ дэлхий ертөнц “Газрын тосны харгис эринд” шилжиж буй учраас тэмцэл илүү хурц хэлбэрт шилжиж мэдэх юм.

Хэрэв Хятад, АНУ урт хугацааны давуу байдалтай болох гэж газрын тосны нийлүүлэгч орнуудыг зэвсэглээд байвал зэвсэглэсэн тэр улсууд хэзээ нэгэн цагт хөршүүддээ түрэмгий, шунахай ханддаг болох аюултай. Хэрэв ингэвэл АНУ, Хятад хоёр олон тооны орон нутгийн дайнд татагдан орох магадлалтай. Газрын тосны бодлогын нэгэн аюултай тал бол энэ.

Ингээд бодохоор Хятад, АНУ-ын хоорондох газрын тосны төлөөх тэмцлийг төсөөлөхөд хэцүү биш. Цагаан ордныхны тайланд Хятад Тайваньд үүсч болзошгүй аюулд бэлтгэж цэргийн хүчээ зузаатгаж буй тухай дурдагдаж байгаа ч, шинжээчид Хятад орон ирээдүйн эрчим хүчний нөөцийн тэмцэлд бэлдэж буй тухай ярьдаг.