Засаглал Ганбаяр.Д 2014.02.14 | Сайт: MMinfo.mn

Д.Ганбаяр: Компаниуд ил тод ажиллавал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой

Д.Ганбаяр: Компаниуд ил тод ажиллавал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр

Компанийн нийгмийн хариуцлагын асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.

-Компанийн нийгмийн хариуц­лага гэж их ярьдаг. Үүнд ямар ойлголтуудыг багтаах вэ?

-Компанийн нийгмийн хариуц­лагын нэгдүгээрт ил тод байдал ордог. Тухайн компани нийгмийн хариуцлагатай бол өөрсдийн хийж буй ажлаа төр засаг, ард түмний өмнө ил тодоор тайлагнана гэсэн үг. Хоёрдугаарт, ажил нь хяналттай байх ёстой. Гуравдугаарт, хариуцлагын механизм орно. Тухайн захирал нэгэнт л хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цалингаа цаг хугацаандаа тавьж, хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийг нэмэх тал дээр шударга хандах нь хариуцлагын механизм юм. Мөн ижил тэгш байх нь ажил олгогчийн бас нэг чухал зүйл. Бага хөрөнгө оруулагчдыг тоохгүй, томоохон хөрөнгө оруулагчидтай харьцах явдал манайд байдаг. Хөрөнгө оруулсан л бол бага ч бай, их ч бай бүгдтэй нь ижил тэгш харилцах нь компанийн захирлын үүрэг.

-Тэгвэл манай улсад ком­пан­ий эзэд нийгмийн хариуц­ла­гаа хэр ухамсарлаж байна вэ?

-Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ үед төрөөс бизнесийнхэнд тавих хяналт хангалтгүй байлаа. Тухайн үеэс л компанийн эздийн дунд хууль зөрчөөгүй бол юу ч хийсэн болно гэх ойлголт үүссэн. Өөрөөр хэлбэл бизнес нь амжилттай байвал бусад нь хамаагүй гэж нийгмийн хариуцлагыг орхигдуулах явдал гарах болсон. Гэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилладаг сайн компаниуд бий. Тухайлбал, “Хаан” банк л гэхэд 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Олон улсын санхүүгийн корпорациас авахаар болсон. Энэ нь “Хаан” банк нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж, ил тод байсантай холбоотой. Энэ мэтчилэн гадныхан манай компаниудад хөрөнгө оруулалт хийх сонирхол байдаг.

Гэтэл манай компаниуд өөрсдөө маш хаагдмал, санхүүгийн хувьд хэр биеэ даасан, хэн гэдэг захиралтай вэ гэдгээс эхлээд наад захын мэдээлэл олддоггүй. Уг нь өнөөдөр компаниуд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд хүссэн, хүсээгүй ашиг орлогоо ил тод тайлагнаж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах шаардлага тулгараад байгаа. Тэр хэрээр ил тод байвал гадны хөрөнгө оруулалт авахад нэн тустай.

Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаа хийдэг 215 компани байдаг. Үүний 166 нь өнгөрсөн жил санхүүгийн тайлангаа өгсөн.

Цаана нь 40 гаруй компани хүмүүсээс хувьцаа авч, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ тайлангаа одоог хүртэл өгөөгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг үл хайхарч байгаагийн илрэл болов уу. Тэд хөрөнгө оруулагчид мөнгөө өгсөн л бол боллоо, бусад нь хамаагүй гэх байдлаар хандаж байна.

Энэ компаниуд нийгмийн хариуцлагаа биелүүлэх нь битгий хэл хөрөнгө оруулагчдын өмнө хуулиар хүлээсэн үүргээ ч биелүүлэхгүй байна. Энэ мэтчилэн сул тал бий. Тиймээс нийгмийн хариуцлага гэдгийг компанийн засаглалтай холбох хэрэгтэй байгаа юм. Нийгмийн хариуцлагын талаар тухайн компанид тодорхой ойлголт бий болдог. Бодит байдал дээр компанийн өдөр тутмын ажлыг ТУЗ-өөр дамжуулан хийж байгаа нь сайн засаглал юм. Ингэж уялдаж ажиллавал бизнесийн байгууллагад ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Өдгөө төрийн өмчит компаниуд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнээс 36 тэрбум нь эрчим хүчний компанийн алдагдал байгаа юм. Тиймээс бид үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагыг компанийн засаг­лалтай холбож ажиллах хэрэгтэй гэж үзээд хэд хэдэн ажил хийсэн.

-Тухайлбал, ямар ажил хийсэн бэ?

-Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш одоог хүртэл салбар бүрийн засаглалын тайланг гаргалаа. Ирэх сарын 1-нд компанийн засаглалын судалгааны тайлан гаргаж УИХ-д өргөн барина. Энэ нь засаглалтай холбоотой монголд гаргасан анхны судалгаа гэж хэлж болно. Судалгааны үндсэн дээр компаниудын ТУЗ-ийн гишүүдийг ил болгох юм. Компанийн тухай хуулийн 75.8-д зааснаар Компанийн ТУЗ-ийн гишүүд сургалтад сууж, сертификат авсан байна гэдэг. Энэ хүрээнд компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг жагсааж ард нь сургалтад суусан эсэх, хэдий хугацаанд хамрагдсан зэрэг мэдээлэл багтаж байгаа. Ингэснээр ТУЗ-ийн хариуцлагын механизмыг дээшлүүлж байна. Мөн компанийн ТУЗ-ийн ги­шүүдийн хурлыг онлайнаар хийдэг болсон. Цаашлаад компанийн ил тод байдлыг хангах үүднээс удирдлагуудыг нь телевизийн ярилцлагад оруулж байна.

-Үнэт цаасны тухай хуульд энэ талаар оруулсан гэсэн. Тэ­гэхээр компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажил­лахад хууль эрхзүй хангалттай болсон уу?

-Үнэт цаасны тухай хуульд компаниудын мэдээллийг ил тод байлгах заалт оруулсан. Үүнээс гадна компаниудын ил тод байдлыг хангах үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах талаар оруулъя гэсэн ч хүлээж аваагүй. Энэ талын мэдээллийг Хөрөнгийн биржийн сайтад байрлуулахад болно гэсэн. Гэтэл Хөрөнгийн биржийн сайтад хүн болгон орж мэдээлэл авдаггүй. Орсон ч мэргэжлийн үг хэллэгийг энгийн иргэн ойлгохгүй. Тиймээс телевизээр дамжуулан мэдээлэл хүргэх нь чухал байдаг. Энэ асуудлыг Үнэт цаасны тухай хуульд тусгаагүйд дурамжхан байдаг хүний нэг нь би. Харин Компанийн тухай хуульд голлох олон зарчим оруулж ирсэн. Тэр тусмаа санхүүгийн ажлаа тайлагнах заалтыг сайжруулсан.

-Хуульд тодорхой заалтууд оруулсан. Харин хуулийн хяналт хангалтгүй байна уу?

-Хэдийгээр хуулийн заалтаа сайжруулсан ч хяналт сул байгаа. Хэрэв хуулийн заалтыг зөрчсөн, компани санхүүгийн тайлангаа ил тод гаргаагүй, ТУЗ-ийн гишүүд нь сургалтад хамрагдаагүй тохиолдолд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй. Энэ мэтчилэн хангалтгүй зүйл олон бий.

-Компаниудыг нийгмийн хариуц­­лагаа ухамсарлаж ажил­лах шаардлага тавихаар эдийн засгийн хямралтай үед хэцүү байна гэх хариулт өгдөг?

-Ер нь компанийн нийгмийн хариуцлага гэдэг тухайн ажилчдын өдөр тутам хийх ёстой ажлын нэг хэсэг. Үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах нь тэдний ажил байтал эдийн засаг хямралтайгаар далимдуулан үүргээ биелүүлэхгүй байж болохгүй. Эдийн засаг хямралтай нөхцөлд ч нийгмийн хариуцлагаа сайжруулан ажиллавал бизнес нь дээшилнэ. Тэр  талаас нь ойлгох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд одоо бизнес эрхэлж буй компанийн эзэд ихэвчлэн 1990 оноос Орос руу тарваганы арьс гаргаж, гахай зөөхөөс ажлаа эхэлсэн байдаг. Тийм болохоор менежмент, хөрөнгө оруулалт, засаглалын талаархи мэдлэг хомс.

Тухайлбал, “Анод”, “Зоос” банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүйгээс дампуурлаа зарласан. Ялангуяа төрийн өмчит компанийн ТУЗ-ийнхөн энэ тал дээр хойрго байх тохиолдол бий. Тэр хөрөнгө өөрийнх нь биш болохоор төрийн өмчийг яасан ч яах вэ гэсэн үүднээс ханддаг. “Шарын гол”, “Шивээ овоо” зэрэг төрийн өмчийн оролцоотой компани байна. 70 гаруй хувь нь төрийн өмчит, 30 хувь нь хөрөнгө оруулагчдынх байдаг. Гэтэл байнга алдагдалтай ажиллаж, хувьцааг нь авсан хөрөнгө оруулагчид үйлээ үзэж байна. 100 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийчихээд 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Гэтэл хараат бус гишүүд нь “Би ТУЗ-д ороод, удирдъя” гэхээр төрийн өмч давамгайлсан компани учраас тэгж болохгүй гэдэг. Тэгсэн мөртлөө өөрсдөө ямар ч ашиггүй ажиллуулдаг. Ашиггүй ажиллаж байгаа шалтгаанаа эрчим хүчний үнэ бага гэх зэргээр тайлбарладаг. Тэгэхээр бизнес эрхлэгч, эздийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг компанийн эздэд ойлгуулсан тохиолдолд л Монголын бизнесийн орчин сайжирч, эдийн засаг сэргэнэ. Нийгмийн хариуцлагаа биелүүлж чадахгүй бол компани удалгүй дампуурна л гэсэн үг.