Сономпил.М Болд.Л 2014.02.19 | Телевиз: ЕTV

Салхин цахилгаан станцын нээлт болно

Монгол улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байна

Монгол улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол өнөөдөр болно.

Ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгал орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, зарим УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн (Mr. Gerhard Thiedemann), Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтан оролцох юм.

Салхин цахилгаан станцыг хаана байгуулах, хөрөнгө оруулалт нь хэдэн зуун ам.доллараар хэмжигдэх вэ, хэзээ ашиглалтад орох уу, жилдээ хичнээн сая кВт/ц цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх вэ зэрэг салхин станцтай холбоотой бүхий л мэдээллийг өгөхөөр болжээ.

Энэхүү цахилгаан станц Монгол Улсын дэд бүтцийн салбарт технологийн ямар дэвшлийг бий болгох, нийгэм дэх ажилгүйдлийн үзүүлэлт болон ДНБ-ний өсөлтөд хэрхэн нөлөөлөх нь мөн сонирхол татаж байна. Ирээдүйд Цагаан суварга, Оюу Толгойн уурхайгаас гадна ямар ямар томоохон хэрэглэгчд энэ эх үүсвэртэй нэгдэх талаар ч мэдээлэх ажээ.