Ганхуяг.Д 2014.02.27 | Сонин: Үндэсний Шуудан

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал

Уул уурхайн яамнаас сар бүрийн сүүлийн долоо хоногт хийдэг “Ил тод уул уурхай” хурал боллоо.

Тус яамны зүгээс энэ сард болсон нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” чуулганы үр дүн, улсын хэмжээнд шатахууны нөөц, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний экспорт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд шатахууны 35 хоногийн нөөцтэй байгаа аж. Тэгвэл энэ оны эхний сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүнээс алтны олборлолт нэмэгдсэн бөгөөд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсны үр дүн гэж үзэж байв. Цаашид Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө гэж албаныхан хэлсэн.

Харин энэ оны эхний сарын байдлаар 1.4 сая тонн нүүрс экспортолж, 5.37 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ жил нүүрсний салбар хүндхэн нөхцөлд ажиллана гэж шинжээчид ярьж байгаа.

Цаашид Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө гэж албаныхан хэлсэн.

Манай улсын хувьд нүүрсний гол худалдан авагч нь байгаа хэдий ч дэд бүтэц, ложистикийн зардал өндөр байгаагаас компаниуд нүүрсээ зах зээлийн ханшаар нийлүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байгаа юм. Тиймээс салбарын яамнаас нь “Нүүрс хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

“Нүүрс хөтөлбөр” батлагдсанаар нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, жилдээ 50-80 сая, цаашлаад 100-130 сая тонн нүүрс экспортлох боломж нээгдэнэ гэж үзэж байгаа аж. Мөн экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх гэв. Гэхдээ үүнээс өмнө тээвэр ложистикийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх нь чухал байгаа юм.