Бямбацогт.С Тэрбишдагва.Д Энхболд.З 2014.02.27

Хоёр хуулийн нэгтгэн хэлэлцэж, батлав

Хоёр хуулийн нэгтгэн хэлэлцэж, батлав

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийг Улсын Их Хурал 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр батлан гаргалаа.

Энэ хуулийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Э.Мөнх-Очир Ц.Шинэбаяр, З.Энхболд нараас 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Одбаяр, Д.Одхүү, С.Оюун, Д.Тэрбишдагва нараас 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцсэн болно.

Хууль батлан гаргах нөхцөл шаардлага

Монгол Улс эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжин төрийн өмчийн үйлдвэрүүдийн бүтэц задарч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд буй болж тэсрэх материалын эргэлтэнд хяналт тавих эрх зүйн орчин хангалтгүй байснаас шалтгаалан 2004 онд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг Улсын Их Хурал батлан гаргасан.

Цаашид манай улсад уул уурхайн салбар улам эрчимтэй хөгжиж ашигт малтмалын томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орсноор тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэгцээ, импорт эрс нэмэгдэх хандлага гарч байна.

Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй аж ахуйн зарим үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулах, онцгой аюултай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих төрийн хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдах болсон байна.

Иймд дээрх шаардлагыг хангах зорилгоор Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль санаачлагч өргөн мэдүүлжээ.

Хуулийн үр нөлөө, ач холбогдол

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдсанаар онцгой аюултай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих төрийн хяналт сайжрах, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуул үүрэг хүлээх, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх, улмаар ажлын байр шинээр бий болох, импортыг багасгаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналтын хийдэл арилах зэрэг эерэг үр дагавар гарна.

Дагалдан өөрчлөгдсөн хууль, тогтоомжууд

  • 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль