2014.02.28 | Сайт: Vip76.mn

Л.Дашням: Эдийн засгийн эрх мэдлээ алдана гэдэг улс төрийн эрх мэдлээ алдахаас ялгаагүй

Л.Дашням: Эдийн засгийн эрх мэдлээ алдана гэдэг улс төрийн эрх мэдлээ алдахаас ялгаагүй
Монголын уламжлалын академийн ерөнхийлөгч, профессор Л.Дашням

Монголын уламжлалын академийн ерөнхийлөгч, профессор Л.Дашнямтай ярилцлаа.

- Зөвхөн ашигт малтмал олборлож, гадаадын хөрөнгө оруулагчдын царай харж эдийн засгаа хөгжүүлэх боломжгүй нь тодорхой боллоо. Тэгэхээр цаашид эдийн засгийн хөгжлийн ямар гарцыг зөв гэж бодож байна?

Одоогоор Монголын эдийн засаг дан ганц уур уурхайн үйлдвэрлэл, тодруулбал олзворлох үйлдвэрлэлд үндэслэн хөгжиж байна. Эцсийн бүтээгдэхүүн бий болгосон юм байхгүй.

Монгол бол мал аж ахуй зонхилсон уламжлалт эдийн засагтай  орон бөгөөд удаан хугацаанд амьдралын үндэс суурь болсоор ирсэн. Харин нэмээд газрын баялгаа ашиглавал улс орны нийгэм, эдийн засагт үсрэнгүй хөгжлийг авчрах учиртай. Бүтэлгүйтсэний гол шалтгаан гэвэл хэтэрхий үрэлгэн, бодит амьдралаас ургасан бодлогогүй эдийн засагтайд хамаг учир бий. Нийгэмд үүссэн хүндрэлийг давах гарц бол сайтар судалгаа хийж, эрдэмтдийг татан оролцуулах явдал.

Эдийн засаг ил тод гэж байгаа ч хуурч мэхэлсэн, аргацаасан үгэнд халхлагдаад хэргийн үнэн мөнийг олоход хүндрэлтэй болчихлоо. Үнэн зөв дүгнэлтийг зөвхөн судлаачид л хийж чадна. Мэдлэг чадваргүй хүмүүс төрийн албанд олширсноос ажил унагааж буйг бүгд мэдэж байгаа. Харин оюуны чадавхитай хүмүүс нь хөгжлийн бодлого боловсруулах ажилд оролцох боломжгүй болчихсон. Тэгэхээр нийгмийн үнэт зүйлгүй болж утгагүй улс төржилт, нам улс төрийн хүчний тэмцэл, дөрвөн жилийг аргацаасан хоосон амлалтаар амьдардаг.  

Монгол Улсын гадаад өр. 2013 оны хоёрдугаар сарын байдлаар Монголын өр 87,432,726,223.59 төгрөг байна.

Угтаа орлогын олон талын тэнцвэрт эх үүсвэртэй, тэдгээр нь нэг нэгнээ дэмжиж нөхсөн байвал хөгжинө. Энэ үзэл баримтлалд үндэслэж бодлого явагдах ёстой. Гэтэл хөдөө аж ахуйгаа орхиж уул уурхай руу бөөнөөрөө хошуурсан. Малын тоо толгой 44 саяд хүрчихээд байхад малчдын тоо улам цөөрч байна. Орон нутаг улам эзгүйрч, нийслэл нь хүн ам хэтэрчихээд бөөн асуудал дунд хахчихсан. Дэлхийд байхгүй гажуудал.

Эдийн засгийг эрүүлжүүлье гэвэл бодит хэрэгцээ, чадвар, боломжоос ургуулж бодлогоо гаргах хэрэгтэй. Хаа нэгтээ үйлдвэрлэсэн барааг зөөж авчраад үнийг нь өсгөж зарснаар эдийн засаг хөгжихгүй. Ардчиллын замаар 20 гаруй жил замнахад түүхэнд үлдэхээр бүтээн байгуулалтын ажлыг хийсэнгүй.

Монголчуудад том шунал хэрэггүй. Манай эдийн засаг бол хараат эдийн засаг. Хятадууд их нүүрс худалдаж аваасай, Оросын нефтийн үнэ бүү өсөөсэй гэж залбирсан байдалтай өдөр хоногийг аргацаадаг. Эдийн засгийн эрх мэдлээ алдана гэдэг улс төрийн эрх мэдлээ алдахаас ялгаагүй. Цаашлаад тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө.

- Онолын хувьд зах зээл дэх төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

Зах зээлийн үйл ажиллагаанд төр огт оролцохгүй байж болохгүй. Хүмүүсийн шунал гэдэг хязгааргүй учраас нэг нэгнээс нь хамгаалахын тулд зохицуулалт хэрэгтэй. Эрх зүйн орчин, татварын бодлогоо эрүүлжүүлж зах зээл зөв хөгжих нөхцлийг бүрдүүлэх нь төрийн гол үүрэг. Үйлдвэрлэгчдэд хөрөнгийн эх үүсвэрүүдийг ашиглах боломжийг нээж, ямар салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогоо төр боловсруулдаг.

Манай нийгмийн харилцаа, хүн амын хөгжил ямар ч бодлогогүй. Нэг нэгнээ дуурайсан, хөл алдсан, эргэлзэж тээнэгэлзсэн уур амьсгалтай. Төрийн оролцоо гэдэг энд л чухал. Монголын эдийн засгийн харилцаа хаос (эмх замбараагүй) маягтай болчихлоо.

- Бонд гаргасан нь ямар үр дүнд хүргэв?

Ямар ч үр дүнгүй. Түр зууртаа гал унтрааж буй хэрэг. Өмнө 11 тэрбум шилжих рублийн өртэй байсан. Гэхдээ өр бидэнд хоёр том цахилгаан станци, хотын хэд хэдэн хороолол болж үлдсэн. Гэтэл өнөөдрийн өр тэрнээс хэд дахин илүү. Хүн амд хуваагаад үзвэл түгшүүртэй тоо гарна. Шалтгаан нь үргүй төсөл хөтөлбөрүүд, хоосон амлалт. Бодит үйлдвэрлэл болж чадахгүй өр улс оронд том аюулыг авчирна.

Бонд гаргасан нь түр зууртай гал унтраасан хэрэг
- Уул уурхайгаас гадна ямар салбаруудыг түлхүү хөгжүүлэх боломжтой вэ?

Нэгдүгээрт эрчим хүч экспортын гол бүтээгдэхүүний нэг байх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчнээс гадна нүүрсээ эрчим хүч болгон ашиглах бололцоотой. Бидэнд их хэмжээний эрчим хүч хэрэггүй бөгөөд гадагшаа чиглэсэн шугамуудын дагуу амьдрахад л хэрэгцээгээ бүрэн хангана. Өртэй бус өөрийн мөнгөтэй болно гэсэн үг.

Хоёрдугаарт том бодлого болгох ёстой салбар бол агаарын тээвэр. Хөлөг онгоцноос дутуугүй ачаа тээвэрлэдэг онгоц бий болсон өнөө үед хоёр хөршөөс гадна Монголын агаарт ачаа тээвэрлэх сонирхолтой орнууд цөөнгүй.

- Эрдэмтдийн судалгааг төрийн бодлогод хэрэгжүүлдэг ямар механизм байх ёстой вэ?

Судалгааг төрд ашиглах замыг төр өөрөө хаачихаад байна. Амьдралаас тасарсан төрийн хийсвэр тогтолцоо оюуны урсгалыг нэвтрүүлдэггүй. Зөвхөн залуу үеийнхэн задалж чадна гэж бодож байна.