Г.Баярсайхан: Тамхи импортлогч компаниудын нөлөөнд автсан бол үйлчилгээний газруудыг хаах хүртэл арга хэмжээ авна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.02.28

Г.Баярсайхан: Тамхи импортлогч компаниудын нөлөөнд автсан бол үйлчилгээний газруудыг хаах хүртэл арга хэмжээ авна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. 

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жилийн нүүрийг үзэж байна. Таны дүгнэлтээр хууль хэр сайн хэрэгжсэн бэ?

-Тамхины хууль хэрэгжсэнээр Монгол Улсад баар, ресторан хаалгаа барьж, хаагдлаа гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байна. Тэгэхээр энэ хууль эерэг нөлөө үзүүлж байна гэж ойлгож байна. Хамгийн гол нь хууль ямар үр дүн үзүүлж байна вэ гэдэг нь чухал. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэ хуулийг гаргасан. Монгол хүнээ нэгдүгээрт тавьж байгаа юм шүү дээ.

Өнөөдрийн байдлаар монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл бий. Түүн дотроос тамхидалт асар хүчтэй нөлөөлж байна. Тамхины утаанд 4000 төрлийн мкат, 69 төрлийн канцерган бодис байдаг. Эдгээр зүйлс бүгд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ хуулийг цаашид сайн хэрэгжүүлээд явах шаардлагатай, зарим зүйл заалтыг нь чангалах арга хэмжээ авна гэсэн бодолтой байгаа.

-Зарим компаниуд тамхи татах тусгай өрөө гаргасан байна. Тэгэхээр хууль зөрчсөн ийм үйлдлүүдэд оногдуулах хариуцлагыг чангатгана гэсэн үг үү?
Тамхины утаанд 4000 төрлийн мкат, 69 төрлийн канцерган бодис байдаг.

-Зарим аж, ахуйн нэгж ресторан, баарандаа тусгай тамхи татах өрөө гаргасан байна. Үнэхээр том, том тамхины импортлогч компаниудын нөлөөнд ороод нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргаж тамхиа борлуулах тал дээр ийм арга хэмжээ авч байгаа бол хуулийн зарим заалтыг өөрчлөөд хууль зөрчсөн үйлчилгээний газруудыг хаах хүртэл арга хэмжээ авна.

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүмүүсийн эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарсан бол. Тамхинаас үүдэлтэй өвчлөл ер нь буурсан уу?

-Дэлхий нийтийн хуулийн үр дүнг харж байхад 3-5 жилийн дотор эхний үр дүн гарч ирсэн байдаг. Эрүүл мэндийн салбарт хандаж байгаа хандалтыг ажиглаж үзэхэд уушигны хавдар, тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн тоо асар их хэмжээгээр буурсан байдаг.

Мөн элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн өвчлөлт буурах хандлагатай байна гэдгийг манай Эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай хуулийг хамгийн дэвшилттэй хууль гэж тэмдэглэсэн байна лээ. Тэгэхээр монгол хүнийхээ төлөө бүгдээрээ хамтраад ажиллах нь зүйтэй.