Крым яагаад Оросуудад хэрэгтэй вэ?
Украины хямрал. Гэрэл зургийг Максим Дондюк
2014.03.04

Крым яагаад Оросуудад хэрэгтэй вэ?

Владимир Путин хэний ч хүлээж байгаагүй зүйлийг дахин хийлээ. Орос улс үнэн хэрэгтээ Украйнд цэргээ оруулчихаад байна. Крымд цэрэг оруулах зөвшөөрлийг холбооны зөвлөл гуравдугаар сарын нэгэнд түүнд өгсөн.

Гэрэл зургийг Nvs.gov.ua

Хэдийгээр Кремлийн тэргүүн энэ зөвшөөрлийг албан ёсоор ашиглаагүй байгаа ч тэнд байдаг оросууд аль хэдийнэ ашиглаж эхлээд байна. Үйл явдал тун хурдан өрнөсөөр хоёрдугаар 26-наас 27-нд шилжих шөнө зэвсэглэсэн үл мэдэгдэх хүмүүс Симферополь (Крымийн нийслэл) дахь парламентын барилгыг эзэлж, дээр нь ОХУ-ын далбааг мандуулжээ.Крымийн парламент автономит эрхээ өргөтгөх талаар бүх нийтийн санал асуулга зарлаж, засгийн газраа огцрууллаа. Крымийн шинэ ерөнхий сайдаар “Орос нэгдэл” намын гишүүн Сергей Аксенов томилогдов. Тэрээр Оросын талаас тусламж гуйх гэж удсангүй.

Киев хот. Гэрэл зургийг Nvs.gov.ua

Энэ үйл явдлын өмнөхөн Симферополь, Севестополь хотын онгоцны буудалд хэн нь мэдэгдэхгүй цэргийн хувцастай хүмүүс гарч ирж хилийн боомтууд, нисэх буудал, цэргийн ангиудыг хяналтандаа авчээ. Хар тэнгис дэх Оросын цэргийн флотын пуужинт хөлөг онгоц Севестополь хотын хөлөг онгоцны зогсоолуудыг хяналтандаа авч, Украины хилийн албаны хөлөг онгоцуудын гарцыг хаажээ. Төрийн Думд шинэ бүс нутгийг нэгтгэх үйл явцыг хялбарчлах хуулийн төслийг өргөн барьжээ. Зөвхөн энэ бүгдийн дараа л Оросын төрийн тэргүүн Украины газар нутагт цэрэг оруулах боломжийн талаар ам нээв. Сүүлийн хэдэн өдөр В.Путин Украины талаар мэдэгдэл хийхээс эрс татгалзаж байсан шалтгаан одоо тодорч байх шиг.

Оросын цэргүүд Крымд

Одоо түүнийг үгээ нэгэнт хэлсэн гэж үзэж болох нь. Өрнөдийнхөн Кремлийн тэргүүнийг ийм алхам хийхгүй гэж бодож байсан билээ. 2008 онд гадаад улс орнууд Москвад сануулсаар байсан ч Гүржид цэргээ оруулж таван өдрийн хэмээн нэрлэгдсэн дайн болоод өнгөрсөн юм. Киевийн шинэ “эрх баригчид” өмнөх Засгийн Газрын гэрээ хэлэлцээг цуцалж, Европын Холбоотой тохирсон ярианаасаа буцсан нь оросуудыг ийнхүү хөдөлгөсөн хэмээн үзэж байна. Украины шинэ лидерүүд улс орны нэрийн өмнөөс ярихыг оролдож байгаа ч Украиныг бүхэлд нь төлөөлж чадахгүй байгаагийн зэрэгцээ засаг, төрөө эмхлэх гээд хэтэрхий завгүй байна. Шинэ эрх баригчдад дутагдаж буй хууль ёсны бус байдал нь Кремлийн зорилтыг хялбарчилж байна.

Үр дүнд нь ОХУ геополитикийн хамгийн хүнд ялагдлаа ялалт болгон хувиргахаар оролдох болов.

ЗХУ задарсан нь 20 дугаар зууны геополитикийн хамгийн том гамшиг гэдэгт Путин итгэлтэй байдаг. Украиныг баруун, зүүн хэсэгт хуваах нь алдагдсан нэр хүндээ эргүүлэн олж авахад тустай. Мөн энэ хуваагдал Украиныг Европын Холбоо болон НАТО-д элсэх боломжийг хязгаарлах юм. Крымийг Орост нэгтгэнэ гэдэгт итгэх хүн ховор. Гэвч тус хойг бүрэн автономит руу хөдөлж байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Тэгвэл ОХУ тэнд байдаг цэргийн баазууддаа санаа зовохоо болино. Крымийг хяналтдаа эргүүлэн авснаар Путин үндэсний ашиг сонирхлыг хамгаалдаг, цөвүүн цагт сайн ажилладаг хэмээн магтагдаж, хүчтэй лидерийн статус нь бэхжих талтай.