С.Бямбацогт. Мастерын зэрэг хамгаалчих санаатай
2009.01.30

С.Бямбацогт. Мастерын зэрэг хамгаалчих санаатай

Энэ удаагийн зочноор УИХ-ын шинэхэн бас залуу гишүүдийн нэг С.Бямбацогтыг урилаа.

-Та нэр дэвшихдээ Парламентыг хэрхэн төсөөлж байсан бол. Ороод ирсэн хойно ямар санагдав. Төсөөлөл, бодит байдал хоёрын ялгаа залуу хүнд хэр мэдрэгдэж байна вэ.

-Өөртөө итгэлтэй байсан л даа. Би айлын том болохоор хар багаасаа ачааны хүндийг үүрч ирсэн. Болгоно, бүтээнэ л гэж зорьсон. Өөртөө дүгнэлт хийж, шаардлага тавих хэрэгтэй юм билээ. Бас хүлээцтэй байх ёстойг мэдэрсэн,  хичээж л байна.

-Хууль тогтооно гэдэг хүнээс ачаалал их шаарддаг. Тэгэхээр хувь хүний бэлтгэл нэлээн чухал байж таарна. Биеэ яаж бэлдэж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ. УИХ-ын үйл ажиллагааг харж байхад заримдаа ч шантармаар байдаг. Бие сайтай байхгүй бол горьгүй санагддаг...

-Насаар харьцангуй залуу ч гэсэн бараг хориод жил байгууллага удирдаж, олон хүнтэй харьцаж сурсан. Ачаалалтай үе байсан. Хүн ажил, амралтаа зөв хослуулахгүй бол бүтэхгүй юм байна гэж тэр үед бодож байсан.

Ажлаа дийлэхгүй бухимдаж, түүнээсээ салж чадалгүй байсаар гэртээ орвол сайхан байхгүй нь мэдээж. Гэрээсээ тавгүй байдалтай гарсан хүн ажлаа олигтой хийхгүй нь ойлгомжтой. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс бухимдалгүй байж л ажил, гэр бүлийнхээ амьдралд амжилт гаргаж чадна. Энэ зарчмыг би баримталдаг. УИХ-ын танхимд төрийн түшээ шиг, гэр бүлдээ сайн аав, хань нь байж чаддаг байх хэрэгтэй. Би амралтаараа бүжиглэж, дуулна, найз нөхөдтэйгөө хааяа наргина. Долоо хоногт гурван удаа биеийн тамираар хичээллэдэг. Эхнэр, хүүхэдтэйгээ амралтаа өнгөрүүлнэ. Залуу хүн юм чинь найзуудтайгаа "баасан ахын төрсөн" өдрийг хааяа нэг тэмдэглэнэ, Нуугаад яахав. Бухимдалгүй хүнээс л ажлын үр дүн гардаг.

-Ямар спортоор хичээллэдэг вэ?

-Багаасаа л волейболын аймгийн шигшээ багт тоглодог байлаа. Одоо тоглох нь ховордсон.

-Зэрэг дэв бий юү?

-I зэрэгтэй.

-Бялдаржуулах урлагаар хичээллэдэг юм биш үү?

-Бид суугаа ажилтай байдаг учраас жин нэмээд байгаа. Жингээ барихын тулд тодорхой хэмжээнд хичээллэнэ ээ. Уулын спортод сонирхолтой. 4000 мянган метрээс дээш өндөр нэг, хоёр оргилд гарчихвал спортын мастерын зэрэгтэй болчих гээд байна. Уулын оргилд гарах сайхан шүү. Хаврын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллах үеэр зэрэг хамгаалах санаатай.

-УИХ-ын гишүүн ч галаа залуу хүнийг хааяа "баасан ахын төрсөн өдөр" тэмдэглэхийг нь буруутгах аргагүй. Гэхдээ нэг "хана хэрэм" мэдрэгдэнэ биз. Нууц биш бол хаана, хэнтэй, ямар байдлаар шоуддаг вэ?

-Эхнэр, найз нөхөдтэйгөө диско, караокед ордог байсан. Одоо бол хэцүү. Хэдий залуу хүн ч гэсэн УИХ-ын гишүүн болчхоор үнэндээ л "нэг хана, хэрэмд" хашигдсан юм шиг санагдаад байдаг. Хааяа нэг караокед л орох юм шив дээ. Бүжиглэмээр санагдаад байдаг юм.

-Та сая Япон руу яваад ирсэн гэсэн. Олны нүднээс хол сайхан дискодох боломж олдсон уу?

-Мэргэжлийн боловсролын тухай хуулийг нь судлахаар Ажлын хэсгийн долоон гишүүн Япон, БНСУ яваад ирсэн. Үндсэн ажлаа дуусгаад сүмогийн сүүлийн өдрийн барилдаан үзсэн. Түүнээс бус дисконд ороогүй.

-Сүмо үзэж суухад ямар байв. Юү бодож суув?

-Хоёр аваргын эхний барилдаанд Асашёорюү давна, харин нэмэлт барилдаанд Хакухо ялж, түрүүлэх байх гэж бид бодож байсан. Гэтэл эсрэгээрээ болсон. Түрүүлсэн их аваргынхаа сэтгэлийн хөдлөлийг хараад дотор нэг юм огшоод ирж байдаг шүү. Тэр олон японы өмнө эх хэлээрээр ярьсан нь хүртэл сэтгэл хөдөлгөм. Ний нуугүй хэлэхэд танхимын уур амьсгал Хакухогийн талд байсан.

-Гишүүн болоод зургаан сар болчихлоо. Ажилдаа хэр дадаж байна даа?

-Овоо зүгширч эхэлж байна. Түүндээ тулгуурлаад дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг хийж байна. Чуулганы завсарлагаар хэд хэдэн хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллаж байгаа. Сүүлийн арваад жил арав хоногоос илүү амарч үзээгүй. УИХ-ын гишүүн чинь үнэхээр их ажилтай байдаг юм байна. Сайн хууль, тогтоомж гаргахын тулд их унших хэрэгтэй. Бодлогын судалгаа их хийж байна. Хичээнэ ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.