Ганхуяг.Д Баярсайхан.Г Тэрбишдагва.Д Алтангэрэл.П Батхүү.Г 2014.03.04

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль өргөн барив

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль өргөн барив
Хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын 10 гишүүн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг цогцоор нь шийдээгүйгээс 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын дүнгээр сүүний 60 үйлдвэрээс 42 нь буюу 72 хувь нь эрсдэлтэй, мах, махан бүтээгдэхүүний 139 аж ахуйн нэгжээс 79 үйлдвэр буюу 57 хувь нь өндөр эрсдэлтэй,  гурилын 32 үйлдвэрийн 47 хувь нь эрсдэлтэй, нарийн боов, гоймон, хэрчсэн гурил, талх үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуй нэгжийн  80 хувь нь хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж гарсан байна.

Тэгвэл хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хэн бэ? Хуулийн төсөлд тусгаснаар энэ нь бүртгэлд хамрагдсан, хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд юм. Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг цахим хэлбэрээр эсвэл маягт бөглөх байдлаар үнэ төлбөргүй бүртгэнэ.

Гэхдээ мах, сүү боловсруулах, нярай, бага насны хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдолд зөвшөөрөл авах ёстой бөгөөд мөн давхар бүртгүүлэхээр хуульд заажээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, бүтээгдэхүүн нь аюулгүй байдал хангаагүйгээс хордлого, халдварт өвчин гарсан бол хохирлыг хариуцах, баталгаагүй бүтээгдэхүүнээ буцааж татсан бол нийтэд мэдээлэл үүргийг хуулиар хүлээлгэсэн байгаа.

Хэрэв зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн, ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг дур мэдэх хассан, жинг нэмж, хассан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц түүхий эд ашигласан, шаардлага хангахгүй сав баглаа, боодолтой бол мэргэжлийн хяналтын байцаагч хариуцлага тооцно. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, үйл ажиллагааг нь зогсоох хариуцлага тооцох юм.

Ер нь энэ хуулиар хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын бүх шатанд аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах,  хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгжээр дамжуулан импортолдог байх тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “бэлчээр талбайгаас ширээн дээр” хэмээх зарчмыг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага


1/ Эрх зүйн үндэслэл, шаардлага: 1. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Хүний аюулгүй байдлыг хангах” нэг үндэс нь хүнсний аюулгүй байдлын асуудал гэж үзэн түүнийг хангах арга замыг дараахь байдлаар тодорхойлсон байна:- хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын бүх үе шатанд хүнсний аюулгүй байдал, чанар, эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй хүнс тэжээлээр хангах; - хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандарттай нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээ авах; - байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах; - хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан импортлох тогтолцоог бүрдүүлэх.

2. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” –д хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан дараахь зорилтуудыг тусгасан: - хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангах;- хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйг сайжруулах;- малын тэжээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээний эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, төрийн бодлогоор дэмжих.

3. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Эрүүл ахуй, ургамал хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр, Худалдаан дахь текникийн саад тотгорын тухай хэлэлцээр, НҮБ болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүний хувьд Хүнсний хууль, эрх зүйн хороо /Кодекс Алиментариус/ –ноос гаргасан зөвлөмжийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой заалтуудад үндэснийхээ хууль тогтоомжийг нийцүүлэх үүрэг хүлээсэн.

4. Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хүнс үйлдвэрлэх, импортлоход тавих шаардлага, хяналтыг боловсронгуй болгох” шаардлагын хүрээнд Хүнсний тухай хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсан. Хуулиар зохицуулах харилцааны агуулга /материаллаг болон процессын шинжтэй/, хамрах хүрээ зэргийг харгалзан үзэж хүнсний хангамж, хүртээмжийг дээшлүүлэх, шим тэжээлийг нэмэгдүүлэх, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах ерөнхий шаардлага, үзүүлэх хөнгөлөлт, эрх бүхйи байгууллагуудын чиг үүрэг зэрэг асуудлуудыг Хүнсний тухай хуулиар /Засгийн газраас санаачлан боловсруулсан/, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хүнсийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдах зэрэг хүнстэй холбоотой үйл ажиллагааны бүх үе шат, дамжлагад /процесст/ тавигдах шаардлага, түүнийн хэрэгжилтэд тавих дотоодын болон хөндлөнгийн хяналт, хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар тус тус зохицуулахаар хуулийн төслийг боловсруулна.

5. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн харилцаанд Европын Холбооны стандартын шаардлагыг нэвтрүүлэх төрийн бодлогын хүрээнд хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.2/ Практик шаардлага:

6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг цогцоор нь шийдээгүйгээс 2011 онд МХЕГ-аас хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын дүнгээр сүүний 60 үйлдвэрээс 42 үйлдвэр буюу 72 хувь нь эрсдэлтэй, мах, махан бүтээгдэхүүний 139 аж ахуйн нэгжээс 79 үйлдвэр буюу 57 хувь нь өндөр эрсдэлтэй, гурилын 32 үйлдэрийн 47 хувь нь эрсдэлтэй, нарийн боов, гоймон, хэрчсэн гурил, талх үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуй нэгжийн 80 хувь нь хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж гарсан байна.

7. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор “хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” /food safety/ гэдэг нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдал гэж шууд утгаараа тодорхойлогддог. Харин өргөн хүрээнд авч үзвэл хүнсний анхан шатны үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, боловсруулалт, баяжуулалт, дахин боловсруулалт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, хүнсний импорт, экспорт, борлуулалт, худалдаа, хүнсний тусламж зэрэг хүнстэй холбоотой бүх үйл ажиллагаанд эрсдлийн удирдлагын тогтолцоо, хүсний үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой дадлуудыг нэвтрүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэл дээр суурилсан төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх замаар хүнс хүний эрүүл мэндэд аюулгүй байх нөхцөлийг хангах цогц үйл ажиллагаа юм. Хүнс нь чанартай л бол аюулгүй гэсэн байдлаар хандаж байснаас хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн аюулгүй байдлын маш чухал асуудлууд зохицуулалтгүй орхигдож байна.

Гэтэл бид одоог хүртэл “аюулгүй хүнс” хэрэглэж байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байж чадахгүй байгаа билээ. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдлын талаархи ойлголтыг хооронд нь холих, нэгтгэх байдлаар хэрэглэх, хүнсний чанарын асуудлыг хүнсний аюулгүй байдлын асуудалтай ижилтгэн авч үзэх хандлагууд нийтлэг байгаагаас хүнсний аюулгүй байдлын асуудал хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, чанарын асуудалд дарагдан ач холбогдол нь бүдгэрсэн байна.

8. Хэдийгээр газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг боловч мал, ургамалын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо нь тодорхойгүй, олон улсад мөрдөгддөг хүнсний аюулгүй байдлын шаардлагуудыг хууль тогтоомждоо тусган мөрдүүлдэггүйгээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломж хязгаарлагдмал байна. Мөн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ч бүрэн хэмжээгээр тогтоох бололцоогүй байна.

9. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “бэлчээр/талбайгаас ширээнд” зарчим буюу түүхий эдээс хүнсний бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх бүх үе шат, үүнд хүнсний анхан шатны боловсруулалт хийх, бэлтгэн нийлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх /боловсруулах, баяжуулах, дахин боловсруулах, савлах/, түгээх, тээвэрлэх, хадгалах, импортлох, борлуулах, худалдаалах, хүнс тусламжаар авах, өгөх бүх үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

10. Хүнсний бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатны үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулахаас гадна энэхүү “хүнсний сүлжээ”-д ашиглах, хэрэглэх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сав, баглаа бодол, бусад материал нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болдог тул тэдгээрт тавигдах шаардлагыг мөн цогц байдлаар зохицуулна.

11. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тухайн шатанд үүсч болзошгүй хүнсний аюулгүй байдлын эрсдлүүдийг удирдан зохицуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ. Ингэснээр хүнсний аюулгүй байдлын хяналт нь тэдний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг тул өмнөх тогтолцооноос илүү нарийвчилсан, үр дүнтэй хяналт тавигдана.

12. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн үйл ажиллагаандаа эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлж, хяналт тавихдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дараах зохистой дадлууд, эрсдэл суурилсан дотоод хяналт, бүртгэлийн тогтолцоог ашиглана: Хүнсний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх дадлууд: -Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/- Эрүүл ахуйн зохистой дадал /GHP/-Хөдөө аж ахуйн зохистой дадал /GAP/Эрсдэлд суурилсан дотоод хяналтын арга зүй: Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /HACCP/ -үйлвэрлэлийн технологийн шат дамжлага бүрээр аюулын дүн шинжилгээ хийж, хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй цэгүүдийг тогтоох, тэдгээр эрсдэлтэй цэгүүдэд тогтмол хяналт тавих /үе шаттайгаар болон үйлдвэрлэлийн хэмжээнээс хамааран хялбаршуулсан, эсхүл бүрэн хэлбэрээр үйл ажиллагаандаа нэвтрүүлж болно/Ул мөрийг мөрдөн тогтоох тогтолцоо:

Тухайлбал, мах бэлтгэх /мал төхөөрөх/ үед тухайн малд өмнө нь хийсэн вакцин, хэрэглэсэн антибиотик болон өвчний түүх нь тодорхой мэдэгдэж байх, харин мах хүнсний сүлжээнд орсон тохиолдолд ул мөрийг мөрдөн тогтоох боломж нь үйлдвэрлэгч нар түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг хаанаас авсан бөгөөд хэнд цааш нь дамжуулсан талаархи тэмдэглэл хөтөлдөг “нэг дээшээ/нэг доошоо” гэх дүрмээс хамаардаг. Энэ нь “малын жүчээнээс ширээ хүртэл” ул мөрийг бүрэн мөрдөн тогтоох боломжийг олгох юм. Үүнээс гадна аюултай бүтээгдэхүүнүүдийг хүлээж авахгүй байх, эргүүлэн татах, устгах болон холбогдох тэмдэглэл хийх бүхий л хүрээнд ул мөрийг мөрдөн тогтоох боломж нь хэрэгжих шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор нийт хүнсний бизнес эрхлэгчдийн бүртгэлийн тогтолцоог бий болгох.

13. Төр эдгээр тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бололцоо, орчинг бий болгох үүргийг хүлээх ба аюулгүй байдлыг хангахад шууд оролцохгүй. Төрийн зорилт нь аюулгүй байдлыг хангадаг нийт тогтолцоо нь зохих байрандаа байж, зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавина.

14. Төрөөс эрсдэлд суурилсан хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ хяналтын хуудас, тухайн үйлдвэрлэгчийн зөрчлийн түүх зэргээр тогтохгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдлийн үнэлгээнд тулгуурлана. Ингэснээр хяналт илүү үр дүнтэй болно.

15. Лавлагаа лабораторийг байгуулах асуудлыг хуульд тусгаснаар аливаа маргаантай асуудлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Лавлагаа лаборатриор дотооддоо шийдвэрлэх боломжтой болно. Одоогийн төрийн хэд хэдэн байгууллагуудын харъяанд байгаа лабораториудын үйл ажиллагааны зохион байгуулалт, уялдаа холбоотой асуудлыг зохицуулна.

16. Хүнсний бүтээгдэхүүн дэх микробиологийн болон химийн үлдэгдлийг хянах, хүнснээс гаралтай өвчин, халдвар, хордлого, түүний шалтгаан нөхцөл зэрэг асуудлаар мониторингийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллага тогтмол явуулж байхаар хуульд тусгана. Эдгээр үндэслэл, шаардлагаар хүнсний бүдээгдэхүүнйи аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулна.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

1. Нийгмийн үр дагавар: -Хүнсний аюулгүй байдал сайжирна. -Хоол хүнсний гаралтай өвчлөл болон нийтийг хамарсан хордлого халдварт өвчлөл багасах, түүнчлэн ийм өвчлөл гарсан тохиолдолд түүний мөрөөр шуурхай арга хэмжээ авах чадвар дээшилнэ. -Хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого зохицуулалт, хяналт, мониторингийн асуудлаарх төрийн байгууллагуудын эрх, үүрэг тодорхой болж, хариуцлага дээшилнэ. -Хүнсний бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлын талаар хүлээх хариуцлага өндөрч хүнсний аюулгүй байдал сайжирна. -Олон улсын сайн туршлагад нийцүүлэн хууль тогтоомжоо шинэчлэснээр Монгол Улсын гадаад худалдааны түншүүд, хэрэглэгч нарт Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнсний бараа бүтээгдэхүүнд итгэл байдал нэмэгдэж, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлнө. -Хүнсний аюулгүй байдлын талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. -Иргэд, хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдал, түүнийг хангахтай холбогдсон мэдээлэл хүртээмжтэй болж, хэрэглэгчдийн хэрэглээний соёл дээшилнэ.

2. Эдийн засгийн үр дагавар: -Хүнсний бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа зохистой дадлууд болон аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын болон ул мөрийг мөрдөн тогтоох тогтолцоог нэвтрүүлж, түүнд тавих төрийн хяналт үр дүнтэй болсноор хүнсний экспорт нэмэгдэж, тэр хэмжээгээрээ эдийн засгийн хувьд үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нарт болон улсын төсөвт эерэг үр дагавар авчирна. -Хүнсний бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал сайжирна. -Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулснаар хоол хүнснээс хордох, өвчлөх хүн амын тоо буурч, ингэснээр эмчилгээнд зарцуулагдах улсын төсвийн болон хувь хүнээс гарах зардлын хэмжээ багасна. -Хүнсний аюулгүй байдалд тавих төрийн хяналтыг илүү тодорхой асуудалд чиглүүлснээр хяналт шалгалтын тоо буурч, энэ нь захиргааны зардлыг бууруулах бөгөөд нөгөө талаас аж ахуй эрхлэгчдэд учруулах дарамтыг багасгана. -Бүртгэлийн тогтолцоо сайжирснаар татвар төлөгчийн хүрээг тэлж, татварын орлого нэмэгдэнэ. -Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд аж ахуй эрхлэгчдээс хувьд хөрөнгө оруулалт шаардах бөгөөд иймээс уг арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, үүнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлага гарч болно.

3. Хууль зүйн үр дагавар: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль бие даасан хууль бөгөөд энэ хуультай холбогдуулан Хүнсний тухай хуулийн төсөлтэй уялдуулан зарим давхардлыг арилгах шаардлагатай бөгөөд үүнийг эдгээр төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад хийх болно. Түүнчлэн энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, хүнсний бүтээгдэхүүний буцаан авалт, заах зээлээс эргүүлэн болон татан авах зэрэг үйл ажиллагааг тусгайлсан эрх зүйн актаар зохицуулна