Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлийг өргөн барив
Хуулийн төслийг сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүлэв
2010.09.30

Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлийг өргөн барив

Хуулийн төслийг Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийн танилцуулга

Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байгааг харгалзан үзэж дэлхий дахинд тамхидах тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ДЭМБ-аас “Тамхины хяналтын суурь конвенци”/ТХСК/-ийг боловсруулж 2003 онд батлагдан 2005 оноос хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн  билээ.

Манай улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д нэгдэн орсноор тамхины хяналтын арга хэмжээг Монгол Улс  үндэснийхээ хэмжээнд дангаар төдийгүй бусад улс үндэстэн, олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргах нэг нөхцөл бүрдсэн юм. Монгол Улсын Засгийн газраас “Тамхины хяналтын суурь конвенци”- ийн  ерөнхий зарчим, арга хэмжээг дотоодынхоо нөхцөл, байдалтай уялдуулан Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг  шинэчлэн найруулж “Тамхины хяналтын тухай хууль”-ийг  2005 онд УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь нэг талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт дутагдаж, хяналтын механизм тодорхойгүй  байгаатай холбоотой хэдий ч нөгөө талаар тамхины үйлдвэрлэл,  импортлолт эрхэлдэг компанийн зүгээс Тамхины хяналтын тухай  хуулийг хэрэгжүүлэх явцад сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой юм.

Тухайлбал ДЭМБ-аас “Тамхины хяналтын суурь конвенци”-ийг санаачлан боловсруулж байх үед тамхи үйлдвэрлэн борлуулагч Филипп Моррис компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээн 2003 онд УИХ-ын нэрийг барьж конвенцийн эсрэг зөвлөлгөөн гэгчийг зохион байгуулж байв. Түүнчлэн эрүүл мэндийн зурагтай анхааруулга бүхий янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага -үндэсний стандартыг 2007 оноос эхлэн боловсруулсан боловч тамхи  үйлдвэрлэгч, тамхи   импортлогч компанийн зүгээс элдэв аргаар саад тотгор учруулж байсны улмаас 2008 он хүрч байж батлагдсан юм. Одоо ч холбогдох газарт захидал бичих, шалгуулах  зэргээр стандартын бүрэн хэрэгжих хугацааг хойшлуулахыг элдэв аргаар оролдсоор байна.

2005 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулиар утаат тамхи татахыг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох талаар зохицуулсан нь тэр бүр хэрэгжихгүй байгаагаас олон хүн сургууль, ажлын байр, олон нийтийн газарт тамхины утаанд өртөж байна.

2007 онд явуулсан “Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээний судалгаа”-ны дүнгээс харахад ЕБС-ийн 13-15 насны сурагчдын 81.1 хувь нь тамхийг худалдан авах боломж ихтэй, тэдний насыг үл харгалзан дэлгүүр, сургууль орчмын түргэн үйлчилгээний цэгээр тамхийг чөлөөтэй худалддаг, 60 хувь нь тамхины зар сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон гудамжны самбараас харсан гэж хариулжээ. Эдгээр нь сурагчдын дунд тамхины хэрэглээг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Сурагчдын 79.1 хувь нь тамхийг олон нийтийн үйлчилгээний газар татахыг хориглосон хуулийн заалтыг мөрдүүлэх нь чухал гэж үзсэн байна.

2009 онд явуулсан “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа”-гаар 15-64 насны хүн амын 27.6% нь тамхи татдаг, үүнд эрэгтэйчүүд 48.0%, эмэгтэйчүүд 6.9% -ийг эзлэж байна. Энэ тоог 2005 оны судалгааны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ өөрчлөгдөөгүй, харин эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  Судалгаагаар хоёр хүн тутмын нэг (42.9%) нь гэртээ, гурван хүний нэг нь (35.6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгааг тогтоожээ. 

Хүн амын дунд тамхины хэрэглээ буурахгүй байгаагаас шалтгаалан тамхинаасүүдэлтэй өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 10000 хүн амд ногдох хавдраас шалтгаалсан нас баралт 2004 онд 20.0 байсан бол 2009 онд 20.8 болж нэмэгдсэн   байна. Үүний дотор уушигны хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 2007 онд 10000 хүн амд 9.8 байсан бол 2009 онд 12.1 болж, уушигны хавдраас шалтгаалсан нас баралт эрэгтэйчүүдийн дунд 2005 онд 10000 хүн амд 16.1 байсан бол 2009 онд 16.7 болж тус тус нэмэгдсэн нь анхаарал татаж байна.   

Тамхи үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид сүүлийн үеийн техник, технологи ашиглах, үндэсний болон олон улсын спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёлын зүтгэлтэн, кино од, алдартай тамирчдыг зар сурталчилгаандаа оролцуулах замаар тамхийг сурталчилж байгаа нь хүн амд ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж тамхины зах зээлийг өргөтгөж байна.

ТХСК-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас уг конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор “Тамхины хяналтын талаархи нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад уламжлалт ашиг сонирхлоос хамгаалах удирдамж”, “Тамхины утаанд өртөхөөс хамгаалах удирдамж”, “Тамхин бүтээгдэхүүний савлагаа ба шошгололтын талаарх  удирдамж”, “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаарх удирдамж”-ийг боловсруулж ТХСК-д оролцогч талуудын II, III дугаар Бага хурлаар /2007, 2008 он/ батласан тул эдгээр удирдамжтай нийцүүлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор гарч байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд дараахь зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан болно:

  1. Тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад уламжлалт ашиг сонирхлоос хамгаалах, тамхины хяналт,  нийгмийн эрүүл мэндийн асуудлаар тамхи үйлдвэрлэгчтэй харьцах үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байлгах үүднээс Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заалт оруулсан.
  2. Тамхины хяналтын талаар төр, иргэн, тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүргийг нарийвчлан заалаа. Түүнчлэн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд төрийн зүгээс тавих хяналт, зохицуулалтыг тодорхой болгох үүднээс тодорхой заалт оруулав.
  3.  Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол, шошгод тавих шаардлагын талаархи зохицуулалтыг нарийвчилж төсөлд тусгав.
  4.  Олон нийтийг тамхины утаанд өртөж хордохоос хамгаалах үүднээс утаат тамхи татахыг хориглох газрын тоог нэмэгдүүлж, тамхины хяналтын талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох чиглэлээр хуулийн “Утаат тамхи татахыг хориглох газар” гэсэн 9 дүгээр зүйлийг өөрчлөн найруулав.
  5. Тамхины зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх төрлийн шууд болон шууд бус зар сурталчилгаа, аливаа тусламж, дэмжлэг, хандив, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглохталаархи заалтыг нарийвчлан тодорхой болгох зорилгоор  Тамхины хяналтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  7-12 гэсэн заалт нэмсэн. Түүнчлэн сүүлийн үед орчин үеийн технологи ашиглан тамхийг сурталчлахын зэрэгцээ худалдаалж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор ”интернэтээр тамхи худалдахыг хориглох” тухай  заалтыг Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь заалтын 13 дахь хэсэгт нэмж тусгасан болно. 
  6. Хууль зөрчигчдөд ногдуулж байгаа торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, торгууль ногдуулах эрх бүхий этгээдийг тодорхой болгох, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих байгууллагын чиг үүргийг тодорхой болгон хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6 дахь заалтыг өөрчлөн найруулахаар тусгав.

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтад өртөж тамхи хэрэглэгчийн нэгэн адил халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл нь буурах, тамхины зар сурталчилгаанд хүүхэд өсвөр үеийнхэнөртөх нь багасч тамхины хэрэглээ буурах боломж бүрдэх юм. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, тамхины хяналтын талаар төр, тамхи үйлдвэрлэгчийн хоорондын харилцааны хэм хэмжээ төлөвшиж тамхины хайрцаг сав, боодолд тавих шааардлага,  зохицуулалт сайжирч тамхины хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой мэдээллийн хүртээмж  нэмэгдэнэ.

Ингэснээр хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ багасах, тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас барах явдлыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдамжид заасан зарчим, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлогод бүрэн нийцэж байгаа болно.

.