Нийгмийн даатгал, халамжийн байгууллагыг босоо удирдлагатай болгох төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаан
2014.03.05

Нийгмийн даатгал, халамжийн байгууллагыг босоо удирдлагатай болгох төслийг хэлэлцэхийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Түүнчлэн, Мянганы Хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгож  Ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

            Нийгмийн даатгалын болоод халамжийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг дарга томилдог байсныг хуулийн холбогдох заалтаар өөрчилж босоо удирдлагатай болгосноор мэргэжлийн байгууллагыг улс төрөөс ангид байлгах чухал ач холбогдолтой гэдгийг хуулийн төсөл санаачлагч С.Одонтуяа танилцуулсан. Гэхдээ салбарын сайд нь нийгмийн даатгал, халамжийн байгууллагын даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргын оролцоог хангах үүднээс зөвшилцөнө гэв. Холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэе гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэг байсан ч “Засаг даргатай зөвшилцөнө” гэдгийг өөрчлөх боломж байгаа эсэхийг зарим гишүүн  хуулийн төсөл санаачлагчаас асууж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “ Зөвшилцөх гэдэг үг тохиромжгүй, тэгээд ч мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах томилгоог улстөржүүлэхгүй, босоо удирдлагатай байя гэвэл тухайн шатны Засаг даргатай зөвшилцөөд байх шаардлагагүй. Бие даасан байдлаа хадгалах хэрэгтэй” гэсэн санал илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн Г.Уянга “Зарим байгууллагын удирдлагыг босоо тогтолцоо руу чиглүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ хариуцлага хүлээлгэх механизм нь яаж хэрэгжих вэ” гэсэн асуултыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тавьсан. УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ “ Одоо хэрэгжиж байгаа хуулиар томилогдсон нийгмийн даатгал, халамжийн байгууллагын дарга мөнгө хөрөнгө шамшигдуулсан тохиолдолд удирдах газрынх нь дарга хариуцлага тооцох боломж байдаггүй. Учир нь тухай шатны Засаг дарга томилдогтой холбоотой. Тиймээс хуульд өөрчлөлт орвол хариуцлагын тогтолцоо сайжирна. Түүнээс гадна Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж байдаг. Нийгмийн даатгалын байгууллага, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбооноос бүрддэг энэ зөвлөл тухайн шатны Засаг даргатай зөвшилцөхгүйгээр даргыг томилох асуудлыг ярилцаад шийддэг байх бололцоотой” гэж байв. Байнгийн хорооны санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганд Г.Уянга гишүүн танилцуулах болсноор дараагийн хэлэлцэх асуудал руугаа орсон юм.