Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив.
2013.04.24

Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас санал авсны зэрэгцээ яам, агентлагийн холбогдох асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, саналыг нь Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан бөгөөд 191 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоолын төслөөс шинээр боловсруулах 66, шинэчлэн найруулах 64, нэмэлт, өөрчлөлт оруулах 61 хуулийн төсөл байгаа бол Улсын Их Хурлын тогтоолын хувьд шинээр боловсруулах 22, нэмэлт, өөрчлөлт оруулах 1 төсөл байгаа юм байна.

   Харин Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болсон шалтгааныг Хууль зүйн сайд танилцуулахдаа хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас улсын хэмжээнд 8301 иргэнд учирсан хохирол өнөөдрийг хүртэл бүрэн барагдаагүй, Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөж байгаа гэлээ.

   Иймээс Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А47 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа юм байна