С.Бямбацогт: Би ч гэсэн тэр хариултыг буцаагаад хэлье
2009.11.06

С.Бямбацогт: Би ч гэсэн тэр хариултыг буцаагаад хэлье

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ашигт малтмалын орд газруудаас олох орлогоос иргэддээ хувь хүртээх буюу “Хүний хөгжил” сан хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ. Сангийн мөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар ярилцаж байна. Гэхдээ бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд хувь хүртээх хувилбар нь боломжгүй юм гэсэн ойлголт байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн төслийн дагуу орд газруудаас олох орлогыг дөрвөн зүйлд зарцуулахаар тусгаж байна. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээл, бэлэн мөнгө гэсэн дөрвөн хувилбар ярьж байна. Бэлэн мөнгө хэлбэрээр хувь хүртээх бололцоо бий. Хамгийн гол нь бодит эдийн засгийнхаа тэлэх бодлогыг үлдсэн хугацаанд зөв авч явуулах хэрэгтэй.

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь улсын эдийн засаг тэлэх томоохон боломж бий болж байгаа хэрэг. Үүнтэй адил Тавантолгой зэрэг томоохон орд газрууд ашиглалтад орохоор томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж, үйлдвэр дагасан бизнесүүд бий болж, хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Үүнээс Монгол Улсын иргэн бүртээ дээр дурдсан дөрвөн хэлбэрээр хувь хүртээх боломжтой гэж харж байна.

-Анхнаасаа сая, сая таван зуун мянган төгрөг өгнө гэсэн амлалт байсан болохоор мөнгө авахыг хүмүүс хүсэж байна. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулсны дүнд иргэн бүрт 50 мянгөн төгрөг өгнө гэсэн асуудлыг УИХ дахь намын бүлгүүд хэлж байсан. Харин Төсвийн байнгын хорооны хурлын үеэр эхлээд ахмад настнууддаа 500 мянган төгрөг өгье. Бас бага орлоготой иргэддээ хувь хүртээе гэсэн асуудлыг хөндлөө. Гэвч үүнээс иргэддээ ялгамжтай хандаж байна гэсэн ойлголт гарч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн бодлогыг эх орны хишигтэй холбогдуулан цэгцлэх асуудал бий. Өнөөдөр бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож иргэн хүний эрх, үүрэг, хариуцлагыг нэгтгэсэн мэдээллийн сантай болох нь чухал байна. Үүнээс үүдэн иргэн бүрт тавин мянган төгрөг өгөх асуудал гарч ирсэн. Хамгийн гол нь энэ мөнгөөр тодорхой асуудал шийдэж байгаад ач холбогдол нь оршино. Үүнтэй адил хүнийг хөгжүүлэх, хамгаалах,халамжлах гэсэн гурван бодлогоо “Хүний хөгжил” сан хуулийн төсөлтэй уялдуулж зэгцэлье гэсэн бодлого баримталж байна. Ядарсан хүмүүст нь ахиухан, боломжтойд нь боломжоор нь туслая гэсэн бодлого барина. Тэгэхээр 1,5 сая төгрөгийг ялгавартай хандаж, хэрэгцээнд нь тааруулж хуваарилах нь гэж ойлгож болно. Ахмадууд орд газруудаас олох орлогоос хувь хүртэхийг хүлээж байгаа. 1800 ахмад дайчинд орон сууц олгох шийдвэр гаргасан ч эхнээсээ насны жамаар өөд болцгоож байна. Тиймээс бид улс орныхоо төлөө хийх зүйлээ хийсэн ахмадууддаа эхлээд хувь хүртээхээр ярилцаж байна. Энэ нь эргээд л үр хүүхдэд нь хөрөнгө оруулалт болох болов уу. Харин ч миний ээж, аав, ах, эгч нарт минь мөнгө өгөх нь гэж залуус баярлах учиртай гэж бодож байна.

-С.Оюун гишүүн УИХ-ын төсвийн байнгын хорооны хурал дээр тэгвэл эмзэг бүлэгт хамрагддаггүй 35 настай иргэн Доржид 1,5 сая төгрөгөө хэзээ өгөхөө хэлээд өгөөч гэж байсан. Би ч бас энэ асуултыг танаас давтаж асуух гэсэн юм?

-С.Оюун гишүүн энэ асуултыг асуусан. Харин Ч.Хүрэлбаатар дарга 60 настай Доржид 500 мянган төгрөг өгнө. Ойлгомжтой зүйл дээр ойлгомжтой хариулт өгнө гэсэн. Би ч гэсэн тэр хариултыг буцаагаад хэлье.

-Хишиг хүртээх энэ ажлыг улс төржүүлээд хэрэггүй, харин бодит ажил болгоё гэдэгт намын бүлгийн гишүүд санал нэгдэж байгаа. Гэхдээ мөнгөө өгье гэсэн ч хуулийн төсөлд оруулж ирсэн тооцоо нь их гэнэн болжээ гэсэн зүйлийг О.Чулуунбат гишүүн хэлж байсан. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд Хүний хөгжлийн санд ердөө 635 тэрбум төгрөг л байх нь гэж байсан. Үүнээс харахад уул уурхайн баялгаас хувь хүртэх боломж нь эргэлзээтэй санагдаж байна?

-Ажлын хэсгээс гаргасан саналаар бол 2020 он хүртэл стратегийн орд газруудаас хувьцааны ногдол ашиг хэлбэр болон бусад хэлбэрээр 600 гаруй тэрбум төгрөг цуглах тооцоо оруулж ирсэн. Бусад мөнгө босгох боломж хувилбарын талаар тооцоо хийж оруулж ирээгүй байна лээ. Гэхдээ бидэнд мөнгө босгох олон боломж байна. Стратегийн 15 орд газраас гадна энэ жагсаалтад багтах олон уул уурхайн орд газар бий. Төр бүхнийг эзэмшиж, үйл ажиллагааг нь явуулаад ашиг олж, сангийн мөнгийг бүрдүүлнэ гэхээр ийм хэмжээний мөнгө цуглаж байгаа юм. Хэрэв тавь эсвэл гучин хувийг хувьчлаад явбал хангалттай мөнгө босгох боломж бий.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Үндсэн чиглэлээ чамбайруулна гээд Засгийн газарт буцаасан. Засгийн газраас мөрөөдлийн жагсаалт оруулж ирлээ гэсэн шүүмжлэлийг та юу гэж үзэж байна вэ?

-Үндсэн чиглэлийг хэлэлцэж баталдаг дэг жаягийг өөрчлөхгүй бол гишүүдийн нэрийдсэн мөрөөдлийн жагсаалт хэвээр л байна. Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ 36 их наяд хэрэгтэй байна. Үүний гуравны нэг нь төсвөөс гуравны нэг нь хувийн хэвшлээс, гуравны нэг нь гаднын зээл тусламжаар бий болно гэсэн байдлаар оруулж ирсэн. Уг нь дөрвөн жилд нь хуваагаад нэг жилд хэрэгжүүлэх ажлын жагсаалт байх учиртай юм. Гэтэл шал өөр зүйл орж ирдэг. Үндсэн чиглэлийг бид хэлэлцэж баталсан ч хэрэгжилтийг нь дүгнэдэггүй. Тиймээс ч мөрөөдлийн жагсаалт болж, төсөвтэйгөө уялддаггүй. Миний зүгээс Үндсэн чиглэл төсөвтэйгөө хэр зөв уялдах асуудлаар удахгүй хуулийн төсөл санаачилж, өргөн барина.

-УИХ-ын гишүүд Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр тойрогтоо хийх томоохон ажлуудаа санал болгож, жагсаалтад багтаахыг хичээдэг. Таны хувьд тойрогтоо ямар ажил хийх вэ?

-Мэдээж сонгогдсон тойрогтоо үр бүтээлтэй зүйл хийх бодол, санал бий. Гэхдээ манай тойрогт тулгамдаж байгаа асуудал нь монголын 21 аймагт тулгамдаж байгаа л асуудал. Ялангуяа алслагдсан болон говийн бүсэд амьдарч байгаа иргэдийн бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байна. Эхний ээлжинд цалин, тэтгэвэр, тэтгэмжид бүсийн нэмэгдэл олгоё гэдгийг санаачилсан. Энэ нь Засгийн газраас дэмжлэг аваад Үндсэн чиглэлд тусгагдаад явж байна. Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулахыг бодлогоор дэмжих асуудлыг Үндсэн чиглэлд тусгаж чадсан. Түүнчлэн нутагтаа усалгаатай газар тариалан бий болгох асуудлыг Үндсэн чиглэлд тусгуулахаар санал оруулсан нь хэрэгжинэ гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.