Таван хошуу малынхаа сүүгээр брэнд үйлдвэрлэх нь зөвхөн малчдын ажил биш
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсах
2014.03.11

Таван хошуу малынхаа сүүгээр брэнд үйлдвэрлэх нь зөвхөн малчдын ажил биш

“Таван хошуу малынхаа сүүгээр брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий юу” сэдвээр энэ удаагийнхаа редакцийн уулзалтыг зохион байгууллаа.

Монголын Хүнсчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Л.Дамдинсүрэн, ШУТИС-ийн доктор Ц.Батсүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсах, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал нартай энэ талаар ярилцсан юм. 

-Манай улс 45 сая малтай, 2.9 сая хүнтэй. Тиймээс таван хошуу малынхаа сүүгээр брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах боломжтой юу? 

Л.Дамдинсүрэн: Брэнд гэдгээ зөв ойлгохгүйгээр их амархан л ярьчихаад байгаа юм. Нэг тогоонд юу ч юм хийж хутгачихаад брэнд гэнэ. Брэнд гэдэг чинь бол маркетингийн их том ойлголт шүү дээ. Брэнд гэдэг нь тодорхой бүтээгдэхүүн ч биш. Хүний сэтгэлд хоногшсон ойлголт. Жишээлбэл, нүдээ аниад “Кока Кола” гээд бодъё. Тэгэхэд “Кока Кола”-гийн бичиг харагддаг биз дээ.

Монгол хүн айраг гээд бодоход юуны өмнө жирийтэл уячихсан унаганы зэл нүдэнд харагддаг байхгүй юу даа. Ингэж байж брэнд болдог юм. Ер нь монгол цагаан идээ брэнд мөн үү гэвэл бүр Чингис хааны үед брэнд болчихсон эд шүү дээ. Бид л өөрсдөө олигтойхон шиг дэлхийд гаргаж чадаагүй. Яагаад гэвэл, манай нийгмийн хөгжлийн үе шатуудтай холбоотой байхгүй юу. Түүнээс биш исэг идээ буюу айраг, тараг, хоормог, нэрмэлийн хөрөнгө гээд бүлэг бүтээгдэхүүн байна шүү дээ. Энэ бүтээгдэхүүний хөрөнгө нь Монголын цаг уур, орчин нөхцөл, экологитой зохицоод тогтчихсон. Дэлхий дахинд кефирийн хөрөнгө гээд шуугиад байгаа.

Хүнсчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Л.Дамдинсүрэн

Түвдийн хөрөнгө гэж сүүлийн үед маш их ярьж байна. Бид өөрийнхөө энэхүү исэг цагаан идээнийхээ хөрөнгийг аль эртний ингэж гаргаж чадсан бол дэлхий дахинд шуугиад байгаа кефир, Түвдийн хөрөнгөнөөс дутахгүй. Ганцхан түүнийг ямар бүтээгдэхүүн болгох вэ гэдэг нь чухал. Үүнийг манай ард түмэн маш сайн эзэмшсэн. Манайхан их дэврүүн сэтгэлтэй. Гэртээ айраг, тараг хийхийгээ үндэсний технологи гэдэг. Үүнийг олон улсын хэлээр уламжлалт мэдлэг гэдэг юм. Хэрэв технологи гэвэл үйлдвэрлэлтэй холбогдож ойлгогдоно. Технологи гэвэл ижил чанартай бүтээгдэхүүн гарах ёстой. Гэтэл нэг голын таван айл гүү барихад бүгдээрээ өөр айрагтай байдаг. Тиймээс энэ нь уламжлалт мэдлэг.

Үүнийг брэнд болгоно гэвэл уламжлалт мэдлэгийнхээ мөн чанарыг илрүүлээд үйлдвэрлэлийн технологид шилжүүлэх ёстой. Ийм оролдлого, эхлэл бол байна. Хамгийн гол нь эхлээд өөрсдөө хэрэглэх учиртай байхгүй юу даа. Бид чинь өөрсдөө толгой нь эргэчихсэн, хоосон магтаад байна. Одоо пивийг айраг гэж хэлдэг зөв үү, үгүй юу. Тиймээс биднээс өөрсдөөс их олон зүйл хамаараад байгаа юм. Судалгаа шинжилгээндээ ч, нэрэндээ ч байна. Тэгээд гадаадаас хүн ирэхээр их мундаг, хэлтэй хүн болох гээд таргаа орос хүнд простокваша, англи хүнд йогурт гэж орчуулж өгдөг.

Гэтэл йогурт нь элгэн тараг хэмээх монгол үг байхгүй юу. Гарал үүслийг нь хөөж, эртний монгол хэлнээс орчин цагийн хэлэнд буулгаж үзвэл зунгааралдсан, өтгөн гэсэн утга гарч ирдэг юм билээ. Түрэг хэлний йогурт гэдгийг болгарууд өтгөн сүү гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, элгэн тараг юм. Ингээд Балканы хойгийн орнууд тараг иддэг. Гэтэл бид тараг уудаг. Бид өөрсдөө Монголоо алдчихаад байна шүү дээ. Улаанбаатарт ер нь “Тараг иднэ” гэж ярьдаг хүн байхгүй.

-Яагаад бид тараг уудаг болчихсон бэ?

Л.Дамдинсүрэн: Хүрээ гэж байхад зах дээр тараг зарж байгаа хүмүүс сагачихаар нь сүү гэж шингэлээд уудаг болгож байсан. Гэтэл жинхэнэ монгол тараг чинь уудаг эд биш шүү дээ. Бид өнөөдөр жинхэнэ монгол таргаа йогурт гэдэг нэрэнд цохиулчихаад сууж байгаа. Малчин айлын эзэгтэй өглөө “Йогуртаа бүрнэ” гэх нь холгүй болчихоод байна. Йогурт гэхээр л ид шидтэй, дээр нь заавал жимс нэмдэг ч юм биш. Тиймээс жинхэнэ мөн чанарыг нь илрүүлж, үйлдвэрлэлийн технологид шилжүүлэх хэрэгтэй. Бүлэг бүлгээр нь хөөвөл бид тарагны асуудлыг бараг шийдчихсэн байсан. Үүнийгээ алдчихаад эргээд дахин оролдсоор байгаад өнгөрсөн намар хөрөнгөө гаргаад авчихлаа. Би өнгөрсөн зун Хангайн бүсийн дөрвөн аймгийн 28 сум, 60 гаруй багаар дээж цуглуулж явсан.

-Өөрөөр хэлбэл, Монголчууд цагаан идээгээ хийж чадахаа больсон юм уу?

 Л.Дамдинсүрэн: Хөдөө яг уламжлалаараа хийж байна. Ээж аавыгаа рашаанд явуулчихаад залуучууд гүүгээ барьж, үнээгээ саагаад, ааруул, цагаан идээгээ хийгээд сууж байна. Энэхүү уламжлалт мэдлэгийг л үйлдвэрлэлийн арга руу шилжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн арга руу шилжүүлнэ гэхээр сүүг цуглууж аваад, нэг газар бөөгнөрүүлэх маягаар явахгүй. Би бас нэг төсөл дээр ажиллаж үзсэн. Хөдөө аарц хийлгээд хотод зөөнө гэдэг шиг үлгэр байхгүй. Аарц 60 хувийн чийгтэй учраас зун айлын гадаа байхдаа өмхийрөөд, өтөөд, ялзарчихна.

Иймэрхүү байдлаас гарахын тулд хот айл дундын, сумын хэмжээний малчдын хоршоог хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Архангай аймгийн Чулуут, Хангай, Өндөр-Улаан суманд ийм эхлэл байна билээ. Гэрийнхээ гадаа илүү гэр барьчихсан, үндсэндээ жижигхэн хөөрхөн үйлдвэр ажиллуулж байх юм. Түүнд оюутнууд ажиллаж байсан. Өдөрт 100 орчим кг сүүн хурууд хийчихдэг. Гэтэл түүнийгээ борлуулах газар нь байхгүй. Тиймээс брэнд болгоно гэж байгаа бол технологио сайжруулахаас гадна маркетингийн бодлого хэрэгтэй.

Түүнийг цуглуулж аваад, чанараар нь системчлээд, савлаад сум, аймаг, нийслэлийн зах зээлд борлуулдаг болмоор байна. Нийслэлийнхэн хэрэглэхгүй гэхэд говийн аймгууд Улаанбаатараас цагаан идээгээ авдаг. Үүнд ерөөсөө буруу зүйл байхгүй. Говийн аймгуудад Цагаан сарын үеэр шар, цагаан тос, өрөм, ааруул гээд юм бүхэн дутагдалтай шүү дээ. Говийн аймгуудад сүүний нөөц муу. Зах зээлийн ийм асуудлыг шийдэх ёстой.

-Бид сүү гэхээр зөвхөн үнээний сүү л гэж ойлгодог. Гэтэл бусад малын сүүг сааж ашиглах боломж хэр байдаг юм бол?

Социализмын үеийн энэ ойлголтоосоо салах хэрэгтэй байна.

Л.Дамдинсүрэн: Социализмын үеийн энэ ойлголтоосоо салах хэрэгтэй байна. Дэлхийд тэр болгон байдаггүй ховор төрлийн сүү Монголд бий. Жишээлбэл, гүүний саам. Гүүний сүү найрлага, шинж чанараараа хүний хөхний сүүтэй их ойрхон. Адуу битүү туурайтай амьтан учраас элдэв гоц халдвартай өвчинд бараг өртдөггүй. Өөр нэг онцлог нь гүүний саам маш богино хугацаанд исдэг. Дөнгөж саахад 50 градусын исгэлэнтэй байгаад зэлэн дээрээс 50 метр алхаад гэрт оруулж тавьчихаад 20 минутын дараа үзэхэд 7-8 градусаар өсчихсөн байдаг.

Тиймээс гүүний сааманд хортой бактери үрждэггүй. Ийм учраас монгол хүн айргийг сүүгээ халааж боловсруулахгүйгээр исгэж уудаг. Энэ нь юугаар ч орлогдохгүй. Гүүний сүүнд байгаа уургийн бараг тэн хагас нь усанд уусдаг хэлбэртэй буюу хүний биед их амархан шингэдэг онцлогтой. Сүүний чихэр, нүүрс усны агууламж өндөртэй, тос нь ханаагүй тосны хүчил ихтэй. Тиймээс айргийг дулаан нөхцөлд удаан хадгалбал тос нь исэлдээд хахарсан амт орчихдог. Ийм онцлогтойг нь мэдчихээд Европт өнөөдөр гоо сайхны зориулалтаар эрэлт ихтэй байна. 1990-ээд оны үед “Монэнзим”-ийнхэн гүүний саамыг хатаагаад хуурайгаар нь гаргаж байсан.

ШУТИС-ийн доктор Ц.Батсүх

Ц.Батсүх: Би ингэний сүүний талаар товчхон хэдэн үг хэлье. Олон үндэстний хоол хүнсийг судлаад үзэхэд брэнд гэдэг зүйл чинь заавал үйлдвэрийн шат дамжлагаар явсан зүйлийг хэлэхгүй. Өрх гэрийн нөхцөлд хийсэн зүйл ч зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд болж болно. Баруун европын орнууд сүү, цагаан идээн дээр ямар бүтээгдэхүүнийг брэнд гэж үзэж байна вэ гэвэл үйлдвэрийн аргаар гарсан бүтээгдэхүүнийг брэнд гэхээсээ илүүтэйгээр жижигхэн, бага хүчин чадалтай өрх гэрийн үйлдвэрлэлд хийсэн бүтээгдэхүүнүүд брэнд болж гарч ирж байна. Олон жилийн даралттай мундаг дарснууд байна. Түүний технологи нь нууц. Брэнд гэдэг нь дахин давтагдашгүй нууцтай байдаг. Түүнийг нь өөр улс үндэстэн, өөр хүн хийх боломжгүй. Тухайлбал, Францын хөгцтэй бяслагыг хаана ч, ямар ч үйлдвэр хийж чадахгүй. Зөвхөн 5-6 айл нэгдээд хийчихсэн байдаг.

Л.Дамдинсүрэн: Монголд бүр ашигладаггүй нь гэвэл хонины сүү. Намайг бага байхад хонио өдөрт хоёр саадаг байсан. Хонь саах хугацаа богино ч гэсэн саах тоог нь нэмээд ирэхээр авах сүү нь нэмэгдэнэ. Хангай газарт хониноос нэлээн сүү авчихаж болно. Хонины сүү маш өтгөн. Хуурай бодисын агууламж, уураг ихтэй. Хонины сүү ааруул, хурууд, цагаан тосны гол түүхий эд. Бидний багад хониныхоо сүүг зүгээр даавуу уутанд хийгээд өлгөчихдөг байсан. Сүүгээ сааж орж ирээд тийш нь хийчихнэ. Сүү гашилж, шар ус нь доошоогоо гоожоод уураг, тос нь уутандаа үлдэнэ. Уутаа дүүрэхээр нь амыг нь боогоод сүүдэр газар тавьчихна. Тэгээд намар сургууль цуглахын үед тосоо хайлдаг байлаа. Нэг хэсгийг нь хөлдөөж байгаад өвөл ч хайлна. Тэндээсээ шар, цагаан тос авна.

Монголд нэлээн сайн ашиглаж болмоор нь ямааны сүү. Нөөцөөрөө үхэр, гүүний сүүний дараа гуравдугаарт орж байгаа. Ямаа саах хугацаа хониныхоос арай урт. Хонийг тавдугаар сарын 20-доос наадам хүртэл саадаг. Ямааг үүнээс хойш дахиад нэг сар саачихна шүү. Ямааны сүүг өнөөдөр Европт маш үнэтэй хэрэглэж байна шүү дээ. Манай улсад аялал жуулчлал нэлээд хөгжиж байна. Ямааны сүүний нөөц ихэвчлэн аялал жуулчлал хөгжих боломжтой газруудаар байгаа юм. Ямаагаараа Хангайн бүс тэргүүлж, дараа нь говийн бүс ордог. Тиймээс зун жуулчдын баазыг түшиглээд ямааны сүүгээр сайхан монгол таргаа бүрье л дээ.

Ямааны сүүний тараг их сайхан амттай. Ямааны сүүний онцлог нь тосны бөмбөлөг нь жижигхэн, жигд тархсан. Хүүхэд, настай хүнд шингэц сайтай байдаг. Уураг, бусад агууламжаар үнээний сүүнээс ерөөсөө дутахгүй. Тиймээс ямааны сүүгээр бүрсэн элгэн таргаар жуулчдын өглөөний цайг бэлдэх хэрэгтэй. Жуулчид манайхан шиг өглөө босоод хоносон хоол халааж идэхгүй шүү дээ. Дэлхий дахинд өглөөний цайнд аяга сүү, дээр нь эслэгийн агууламжтай нэвс хийж хутгаад иддэг хэлбэрт орж байна. Эсвэл тараг идчихдэг. Ямааны сүүгээр европт үнэтэй хөгцтэй бяслаг ч үйлдвэрлэдэг.

Манай улсад амьтны гаралтай тосны илүүдэл ихтэй. Гэтэл Зүүн өмнөд Азийн орнуудад амьтны гаралтай уураг, тосны дутагдал маш их байдаг. Бид энд шар буурцагийг нь сурталчлаад сууж байгаа. Тэр хүмүүсийн гол иддэг хоол нь энэ.

 Хоол унд нь хүрэлцэхгүй байгаа амьтдын юмнаас булаацалдаж яах юм бэ. Өөрсдөө өчнөөн мал сүрэг, газартай байж. Тиймээс бид ерөөсөө учраа сайн олж чадахгүй байна. Энэ бүхнийг бас нэг учир начиртай болгоё гээд яамтайгаа хамтраад ирэх тавдугаар сард амьтны гаралтай брэнд бий болгох талаар семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мах, сүү гээд манай аль ч салбарт дэлхийн зэх зээлд брэнд болчихоор зүйл уг нь байгаа. Зөвхөн үйлдвэрлэл талаа барьсан, хэтэрхий их гадаадын юмыг оруулж ирсэн гээд янз бүрийн олон хөтөлбөр бий.

Гэтэл аймаг бүр сүү, цагаан идээний хөтөлбөртэй болмоор байна. Төрийг хараад сууж болохгүй. Орон нутаг өөрөө ажиллах ёстой. Одоо болохгүй бол төр рүү заагаад суучихдаг хандлагатай боллоо. Энэ нь биш. Ялангуяа, мал ихтэй аймгууд сүү, цагаан идээнийхээ нөөцийг ашиглах хэрэгтэй. Заримдаа бүр уур хүрмээр байдаг. Монголын хамгийн их үхэртэй аймгийн дэлгүүрт Улаанбаатар хотын сүүний үйлдвэрүүдийн сүү өрөөстэй байгаа. Нөгөө малчид нь сүүгээ борлуулж,  орлоготой байх юмсан гээд байдаг.

-Монгол хүмүүс цагаан идээ ямар байдаг вэ гэдгийг бүгд мэднэ. Гэтэл одоогийн нөхцөл ямар байна вэ гэвэл ааруул авахад гурилтай, сүү нь устай. Жил бүр сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Тэнд худалдаж байгаа цагаан идээ мөн л хотод зарагддаг нөгөө л бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

Л.Дамдинсүрэн: Маркетингийн бодлого үгүйлэгдэж байна. Ний нуугүй хэлэхэд малчид хүртэл хоёр янзын идээтэй болчихсон байна билээ. Хөдөө айлд ороод айраг уухад зочны болон зардаг айраг хоёр нь тусдаа байна. Зардаг айргийг нь хярамлачихсан. Мөн нэрмэлийн аарцанд гурил холиод байх юм. Хөнгөнцагаан тогооны бал орчихсон, хөхдүү өнгөтэй болонгуут нь гурил холиод байгаа. Тиймээс бид эхлээд иймэрхүү асуудлаа дотооддоо шийдэж, өөрсдөө зөв хэрэглээтэй болох хэрэгтэй.

Ингэхийн тулд маркетингийн зөв бодлого байх ёстой. Олон газраар дамждаг, ченжийн гараар ордог байдлыг үгүй болгохгүй бол айраг гэхэд л арвижсаар яваад Улаанбаатарт ирдэг. Айрагны чанарыг алдагдуулахгүй авчрая гэвэл 30-40 хувьд нь түүхий саам хийчихнэ. Тэгээд машинтай давхиад ирэхэд зүгээр. Ингэхгүйгээр олон хүний гар дамжиж, дунд нь арвижуулаад зарахаар ямар чанартай бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой.

Ц.Батсүх: Энэ ажлыг сумаасаа эхлэх хэрэгтэй.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсах

Л.Дуурсах: Жилийн өмнө Х.Баттулга сайд намайг дуудаад “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв гэдэг байгууллага бий. Байгуулагдаад 14 жил болсон, 10 захирал солигдсон. Энэ байгууллага ерөөсөө юу ч хийгээгүй байна. Зөвхөн сургалт л хийдэг. Сургалтаа япон, солонгос, англи, америк гээд гадаадаас орж ирсэн хүмүүсээр хийлгэдэг. Гадаадын бодлого Монголд сургалтаар орж ирсэн байдал нь манай улсын үнэхээр гайхамшигтай байсан уламжлалт брэндийг хөгжүүлэхгүй, хаасан ийм бодлого байжээ.

Тиймээс та үүнийг жинхэнэ утгаар нь ажиллуулж чадах уу” гэж надтай ярилцаад би энэ төвийн захирлын ажлыг хүлээж аваад жил болж байна. Би нэн даруй таван хошуу малынхаа бүх төрлийн ашиг шимийг уламжлалт мэдлэгтээ суурилуулаад, шинжлэх ухааны ололт болон гадаадын бусад дэвшилтэт технологийг нэвтрүүлэн уялдуулсан хэлбэрээр олон улсын зах зээлд болон дотооддоо гаргах боломж ямар байна вэ гэсэн судалгааг өнгөрсөн хугацаанд хийлээ. Энэ судалгаандаа үндэслээд “Бог малын сүү, монгол брэндийн технологи” төслийг боловсруулсан байгаа. Төсөл хийхдээ мэдээлэл цуглуулаад бичдэг стандарт Монголд бий.

Бид энэ төслийг хийхдээ малчны хотонд очиж цахилгаан саалтуураар бог малыг 60 хоног сааж, саасан сүүгээрээ бяслаг хийж туршсан. Бяслаг хийгээд тодорхой хэмжээний дээжийг Мэргэжлийн хяналтын газар өгсөн. Зарим дээжийг Солонгос, заримыг нь Герман руу явуулсан. Герман, Солонгосоос “Танай туршсан малын сүү бол ямар нэгэн химийн найрлага огт ороогүй, зориуд аргаар бэлдсэн тэжээлгүй, байгалийн өвс ургамлаараа байгаа нь хамгийн органик, эрүүл хүнс байна. Гэхдээ гадаадад гаргахын тулд та нарт ямар нэгэн технологи хэрэгтэй” гэдэг хариу өгсөн. Монголд сүүгээ брэнд болгох боломжтой. Энэ нь малчдаас хамаарахгүй.

Төрийн бодлого хэрэгтэй. Эрүүл ахуйн стандарт мөн чухал. Төрийн бодлогоор малчдад тодорхой хугацаа, зорилготой зээл, хөрөнгө оруулалтыг өгөх хэрэгтэй. Тиймээс монгол малын сүүг брэнд болгох үндэсний хэмжээний хөтөлбөр гаргаад, үүндээ төр засгаас ач холбогдол өгөөд, тодорхой хэмжээний малчдыг хооронд нь нөхөрлөл, хоршоо хэлбэрээр зохион байгуулалтад оруулвал энэ ажил явах юм байна. Нэг малчин үүнийг хийвэл зардалаа дийлэхгүй дампуурна. Олон хонийг сааж хүчрэхгүй.

Тиймээс хоршооны зохион байгуулалтад ороод сааль сүүгээ эдийн засгийн эргэлтэд оруулбал таван хошуу малаас гарах сүү маань дотоодынхоо хэрэгцээг жилийн турш бүрэн хангаад, тодорхой хэмжээний илүүдэл бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж ашиг олох боломжтой. Бид 45 сая малтай хэр нь жилд хамгийн багаар бодоход 10 орчим тэрбум ам.долларын бяслаг, йогурт, зайрмаг, хуурай сүүг импортолж иддэг гэсэн гаалиас авсан статистик байна. Монгол үнэхээр сүүний хомсдолд орсон уу гэвэл үгүй. Улирлын шинжтэй үүсч байгаа асуудал. Үүнийг зохицуулах боломжтой. Монголчууд хол аянд авч явах зориулалттай сүүгээ ширмэн тогоо улайсгаж байгаад хатаадаг байсан.

Өөрөөр хэлбэл, гар аргаар хуурай сүү хийгээд аянд авч явдаг байсан түүх бий. Одоо технологи хөгжсөн учраас зун сүүгээ аваад хуурай болгох боломжтой юм байна. Тиймээс эхний удаад бог малын сүүг цахилгаан саалтуураар авч, өтгөрүүлэх, бяслаг хийх, төрөл бүрийн цагаан идээний үйлдвэр байгуулж туршилтын журмаар ажиллуулах ажлыг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд сонгож хийхээр төлөвлөсөн. Монгол хонь, ямааны хөх дэлэнгийн хэмжээнд таарч тохирсон саалтуурыг Хонкгонкийн өндөр технологийн паркад тааруулаад хийчихсэн байгаа. Ийм загвар үйлдвэрийг ажиллуулж үзэх гээд байгаа юм. 

Ц.Батсүх: Ингэж саах цаг арай болоогүй.

Өөрөөр хэлбэл, малчин хэрэглэгч хоёр шууд холбогддог механизм хэрэгтэй.

Л.Дамдинсүрэн: Малчин айлын хотонд яг цэвэр ариунаараа буй болсон цагаан идээг ямар ч өөрчлөлтгүйгээр авдаг байхыг хэрэглэгчид хүсч байна. Өөрөөр хэлбэл, малчин хэрэглэгч хоёр шууд холбогддог механизм хэрэгтэй. Тэр олон хонь, ямааг ямар саалтуураар яаж саах билээ. Тэр цаг болоогүй. Бид ойрхоноос ярих хэрэгтэй.  

Л.Дуурсах: Уламжлалаа тодорхой хэмжээний хүмүүс нь хадгалж үлдээд, хажуугаар нь шинэ технологийг нэвтрүүлэх ёстой. Жишээлбэл, хүн төрөлхтөн гар утас хийхийн тулд өчнөөн олон эрсдэлийг үүрч, цаг хугацааны шалгуурыг давж туулсаар хөгжиж, алдаа онооноосоо суралцаж өнгөрсөн байдаг. Үүнтэй адилхан өнөөдөр Монголын сүүний нөөцийг бүрдүүлэхийн тулд саалийн хугацаанд нь амжиж саах ажлыг хийх ёстой газар нь хийх ёстой.

-Дээр үед үнээний ферм, сүүний үйлдвэр олон л байсан шүү дээ.

Л.Дамдинсүрэн: Наадах чинь бүтэхгүй. Машинаар саагаагүйдээ ч зах зээлд орохгүй байгаа юм биш. Онолын зүйлийг дээр үеэсээ их ярьсан. Ерөөсөө энэ ажлыг чинь зохион байгуулдаг маркетингийн арга хэмжээ нь байхгүй. Тэгээд голдуу шийдвэр гаргагч, эрдэмтдээс санаачлагыг нь гаргадаг. Яг газар дээр нь байгаа малчид, сумын Засаг даргаасаа гарахгүй байгаа шүү дээ. Тэндээсээ санаачлага гарч дэмжигдээд, хөрөнгө оруулалт хийгддэг бол үлгэр жишээ байдлаар харуулах хэрэгтэй.  Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт суманд үнээ их сайн саадаг. Өдийд монгол үүлдрийн үнээ ширгэчихсэн байхад тэнд эрлийз үнээгээ сааж л байгаа.

Тэр бүтээгдэхүүнийг дунд нь элдэв гар дамжуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг оновчтой механизмыг шийдсэн ажилд л мөнгө төгрөг өгмөөр байгаа юм. Би шинжлэх ухаан, технологийн төсөл яриагүй. Тодорхой маркетинг хэрэгтэй. Өнөөдөр хонь, ямааны сүүний найрлагыг судлаад хэрэггүй. Тэртэй тэргүй тогтоогдчихсон. Тэгээд ч байгалийн амьтны сүү гэдэг чинь саах хугацаа, тухайн жилээсээ болоод өөр өөр гарна шүү дээ. Үүндээ гол нь биш. Нэгэнтээ идэж уугаад өдий хүрсэн сүүний чинь цэвэр ариуныг бид байтугай дэлхий дахин мэддэг. Хэрэглээний том зах зээл нь тодорхой. Нэгдүгээрт, Улаанбаатар, тэгээд Дархан, Эрдэнэт хот. Одоо Сайншандыг аж үйлдвэрийн парк болгоно гэж ярьдаг. Яаж сүүгээр хангах гэж байгаа юм бэ. Үүнийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Тэнд сүү байхгүй.

Сүү байтугай усны асуудал тодорхойгүй байгаа шүү дээ. Ийм байхад яаж тийм олон саалийн ферм байгуулах юм бэ. 200-300 мянган хүнтэй хот болгохоор төлөвлөсөн байна билээ. Өнөөдөр тэр хотын хангамжийн асуудлыг ярихгүй байна. Жишээлбэл, ийм амьд зүйл руу онол, үгүй бол магтдаг уламжлалаасаа салаад, тэгээд хэрэг болдоггүй янз бүрийн нэртэй байгууллагуудаа цөөлөөд, жинхэнэ үр дүнгээ өгөх маркетингийн хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлмээр байгаа юм. Жишээлбэл, “Хэнтий аймгийн сүүний нөөцийг зах зээлийн эргэлтэд оруулах маркетингийн хөтөлбөр” гаргах хэрэгтэй. Тэнд мөнгийг нь өгөөд жинхэнэ амьд ажил болго.

Түүнээс биш шинжлэх ухааны туршилт хийж байна, эсвэл ярьж ярьчихаад төгсгөлд нь надад ингэж ойлгогдож байна гэх мэт төрийнхний хариуцлагагүй яриа энд одоо хэрэггүй. Монгол Улсад бид бүх насаараа л туршилт хийлээ шүү дээ. Гэтэл Хубилай хааны үед ч хуурай сүү хийж л байсан, Монгол Улс. Сүүг ноосонд шингээгээд сүүдэр газар хатааж, арьс дэвсч байгаад дээр нь сэгсрэхээр хуурай сүү нь тунаад ойчдог. Тиймээс одоо маш тодорхой, шийдвэртэй алхам хэрэгтэй.

-Манай улс мал аж ахуйн орон гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр импортоор сүү, сүү бүтээгдэхүүн авч хэрэглэж байна. Үүнийг яаж болиулах вэ?

Б.Мөнхжаргал: Манай улс жилд 500 гаруй сая литр сүүний нөөцтэй гэж ярьдаг. Өнгөрсөн онд гэхэд л 570 сая литр сүүний нөөцтэй гэсэн мөртлөө их хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн байдаг. Өнгөрсөн жил 3959 мянган тонн хуурай сүү орж ирсэн байгаа. Түүнийг нь сүүнд шилжүүлэхээр 35 литр сүү л болдог. Манай хүн амын бодит хэрэгцээний долоохон хувийг л хуурай сүү эзэлдэг. Үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа бүтээгдэхүүнд хуурай сүүг хэрэглэдэг. Энэ нь дэлхийд байдаг л жишиг. М

анай улсын хувьд сүү бэлтгэлийн тогтолцоо маань одоо хүртэл улирлын чанартай байсаар байна. Манайхан 500 гаруй сая литр сүүний нөөцтэй гэж цээжээ дэлддэг мөртлөө хангаж чадахгүй байгаа нь дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой. Орон нутагт маань тархай бутархай байгаа сүүний нөөцүүд байна. Үүнийг бид 45.1 сая толгой малтай, 2.9 сая нь үхэр, түүнээс 750 мянга орчим нь хээлтэгч. Үндсэндээ үнээний дэлэнгээр нь боломжит сүүний нөөцийг тоолчихсон. Гэтэл уламжлалт аргаар саасан 60-70 сая литр сүү хэрэглэгдээд байгаа юм байна гэдэг албан бус тооцооны аргаар гаргаж үзсэн.

Түүнээс биш малчид өнөөдөр хэдэн литр сүү сааж байна вэ гэдэг статистик тоо байдаггүй. Орон нутагт цөцгийн тос хийж байна. Гэхдээ өмнө нь бидний хийж байсан шиг нэг стандартай болж чадахгүй байгаа. Монгол Улсын сүүний салбарт янз бүрийн төслийг болно, болохгүй гэсээр байгаад 27.2 сая төгрөг боссон. Гэтэл үүнийгээ авч хэрэглэж чадахгүй байна. Яагаад гэвэл, аж ахуйн нэгжүүд маань чадавхжиагүй байна. Орон нутагт байгаа аж ахуйн нэгжүүд жижиг, уламжлалт аргаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол их байна. Гэтэл зах зээлдээ хүрч очих маркетингийн бодлогууд нь алга.

Нэг стандартыг мөрдсөн сав, баглаа боодол ч үгүй. Тиймээс том үйлдвэрүүдийнхээ түүхий эдийг чанар, стандартын дагуу бэлтгэж нийлүүлчихье. Бид сүү бэлтгэлийн тогтолцоон дээрээ ихээхэн алдаа гаргаж байгаа. Одоо бид томоохон зочид буудлын өглөөний цайнд хэрэглэх маслоо бүгдийг гадаадаас авч байгаа. Гэтэл өөрсдөө үйлдвэрлэх боломжтой юу гэвэл боломжтой. Эхлээд аялал жуулчлалын салбарыг дагасан брэндинг үйлдвэрлэх боломж бий. Бид үүнийгээ ашиглаж чаддаггүй.

-Тэгвэл бид яагаад дотооддоо сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо ашиглаж чадахгүй байна вэ?

Б.Мөнхжаргал: Бид хамтарч, нэгдэж чадахгүй байна. Өрсөлдөх гээд өрсөлдөж чадахгүй байснаас бүгдээрээ нэгдэж, гадаад зах зээлдээ хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жижиг аж ахуйн нэгжүүд хамтраад томоохон үйлдвэрийнхээ түүхий эдийг нийлүүлчих. Бүгдээрээ нийлээд гадаад зах зээлийн захиалгыг нь чанартай сайн биелүүлэх хэрэгтэй. 

Л.Дуурсах: Энэ бол төр засгийн буруу. Төрийн бодлогын буруу. Одоо байгаа эрдэмтдийн буруу. Тэдний зориггүй, аймхай, арчаагүйгээс болсон. Технологи хөгжчихөөд байхад бид 15 сая саалинд хамрагдах таван хошуу мал саах боломжоо алдсан. Сүү, сүүн бүтээгдэхүүнээс жилд хоёр тэрбум ам.долларын ашиг олох боломжийг бид 24 жил алдаж ирлээ. Энэхүү алдаагаа засч, сум бүрт цахилгаан саалтууртай, бага оврын цехүүд байгуулах хэрэгтэй.

Ингэснээрээ уламжлалаа улам сайжруулж байна гэсэн үг. Эрүүл ахуй талаас нь сайжруулж, ингэж хөгжүүлэх цаг нь болсон. 100 хонийг гараараа саахад дөрвөн цаг саана. Цахилгаан саалтуураар 40-хөн минут саачихдаг. Ингэж саахгүйгээс бид жилд хоёр тэрбум ам.долларын сүү алдаж байгааг дахин хэлье. Хэрэв саагаад хэвшчихвэл өвөл нь бид хуурай сүү импортлохгүйгээр Монгол Улсаа сүүгээр хангах боломжтой.