Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.03.11

Барилгын материалын үйлдвэрлэлээр БНСУ-тай хамтарна

Монгол улсад Солонгосын хөрөнгө оруулалттай 20 гаруй аж ахуй нэгж барилгын материал салбарт ажиллаж байна.

Тухайлбал бетон зуурмагийн үйлдвэрлэлд шинэ технологийг Солонгосын хөрөнгө оруулагчид Монголд нэвтрүүлсэн. Цаашдаа дэлхийн технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын шинэ хууль суурь болно хэмээн манай тал үзэж байгаа юм. Уулзалтын үеэр барилга хот байгуулалтын сайд хөрөнгө оруулалтын  шинэ орчны талаар танилцууллаа.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Бид аливаа улстай харилцахдаа экспортыг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх зүйлээ өөрсдөө хийх талаас нь анхаарах. Мэдээж тодорхой хэмжээний техникийн дэвшил, техникийг гаднаас авах ёстой юм байна. Барилгын материалын үйлдвэрлэлд төхөөрөмж машин механизмыг үйлдвэрлэх бололцоо төвөгтэй. Тиймээс ялангуяа барилгын салбарт ашиглагдаж байгаа Бетон зуурмагийн тоног төхөөрөмж, чулуу ангилан боловсруулах үйлдвэр зэргийг Солонгосын зах зээлээс судалж байгаа.

Солонгос, Монгол хоёр орны хооронд жилдээ 600 орчим сая долларын худалдаа хийгдэж байна. Үүний тодорхой хувь нь барилгын материал юм. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх гарц нь хөрөнгө оруулалтыг татах юм гэж яамны зүгээс харж байгаа гэлээ. Энэ хүрээнд томоохон үйлдвэрлэгч нартай барилга, хот байгуулалтын сайд хэлэлцээр хийж зохих гэрээ хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна.