Р.Бурмаа: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох санал гарсан
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.03.12

Р.Бурмаа: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох санал гарсан

Өчигдөр УИХ-д суудалгүй намуудын уулзалт болсон. Энэ үеэр сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа гишүүнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн хуулийн төслийн ажил хэр түвшинд явна вэ?

-Намрын чуулганы хугацаанд судлаачид, шинжээчид, иргэдээс Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хууль санаачлагчийн зүгээс болон төрийн бус байгууллага, шинжээчдийн илтгэлийг хэлэлцэж ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хуулийн төсөл дээр хэд хэдэн зарчмын асуудал дээр тогтлоо.

-Эмэгтэйчүүдийн нэр дэвших 20 хувийн квотыг нэмэх санал гарсан гэсэн?

-Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас 30 хувь гэсэн санал гарсан.

- Сонгуульд нэр дэвших насны босгыг 40 болгох тухай яригдаж байсан. Энэ асуудал яасан бэ?

- Бид Үндсэн хуулийн Ажлын хэсгийг хүлээж нэлээд цаг алдсан. Тэгээд одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуульдаа нийцүүлж төслөө боловсруулж байна.

- Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн ажлын хэсгүүд гэхчлэн бусад ажлын хэсгээс санал ирүүлээгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооноос санал ирүүлсэн. Улс төр судлаачид, сонгуулийн болон улс төрийн намын чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос орон нутагт хийж байгаа хэлэлцүүлгээс гарсан сонгуультай холбоотой саналуудыг нэгтгэж авсан. Өчигдөр парламентад суудалгүй намуудаас саналыг нь авч байна. Өргөн хүрээтэй саналууд нэгтгэж авна. Иргэд ч гэсэн саналаа захидлаар өгсөн.

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болсон уу, тус тусдаа явагдах уу?

-Хоёр сонгууль нэг өдөр болохоор яригдаж байна. Үүнд сум болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Аймаг, нийслэл болон УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана. Үүнд улс төрийн намууд санал нэгдсэн.