Ц.Жадамбаа: Энэ жил 130 мянган иргэн тоон гарын үсгээ авна
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.03.14

Ц.Жадамбаа: Энэ жил 130 мянган иргэн тоон гарын үсгээ авна

Эдийн засаг, санхүүгийн салбарт цахим бизнес, банкны үйлчилгээ өргөнөөр нэвтэрлээ.

Цахим гааль, цахим татварын үйлчилгээ авдаг хувь хүмүүс, хуулийн этгээд 300 мянгад хүрч байна. Интернэт худалдаа, банк, үнэ баталгаажуулах шаардлага зайлшгүй тулгардаг. Үүнийг шийдэх шийдэл цахим гарын үсэг. Энэ бүхнээс харахад Цахим гарын үсгийн хууль хэрэгжих цаг аль хэдийн болжээ. тэнгэрээр нисэж яваа хууль хэзээ хөрсөн дээр буух юм бол оо. Батлагдсанаас хойш хоёр жил өнгөрчихсөн байна. цахим гарын үсгийн тухай хуулийн асуудлаар тодрууллаа.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа:

-Тоон гарын үсэг гэж чухам юу вэ гэж асуудаг. Нэг үгээр хэлбэл, онлайн орчин дахь таны гарын үсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэн та тоон гарын үсэгтэй болсноор мэдээлэл авах эрх чинь нээгдэнэ гэсэн үг. Энэ нь нууцлалын өндөр түвшин бүхий, олон улсад нийтлэг хэрэглэгддэг зүйл л дээ. Энэ жил 70 мянган аж ахуйн нэгж гарын үсгээ шууд авчихна, мөн 130 мянган иргэн хамрагдана.

Интернэтийн идэвхтэй хэрэглэгчдийн тоотой харьцуулаад эхний жилд 130 мянган гарын үсэг хангалттай гэж тооцож байна. Цаашдаа тоо нь нэмэгдэх учиртай. Тоон гарын үсэг ашигласнаар төрийн үйлчилгээг шууд авах боломж нь бүрдэнэ. Үүнд суурилаад 2014 оны зургадугаар сар гэхэд иргэд тоон гарын үсгээ ашиглаад 30 төрлийн үйлчилгээг шууд цахимаар авдаг болгох гэж байгаа.