З.Бат-Отгон: Гэгээрлээр засаглахуй бол мөнхийн засаглахуй, тиймээс монгол эрчүүд гэгээрэлд хүрэх ёстой
Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор З.Бат-Отгон
2014.03.18

З.Бат-Отгон: Гэгээрлээр засаглахуй бол мөнхийн засаглахуй, тиймээс монгол эрчүүд гэгээрэлд хүрэх ёстой

Ярилцах зочин маань өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн. Түүнийг анх лекц уншаад гарч ирэхэд янз бүрээр л бичсэн. Миний зочин бол Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор З.Бат-Отгон.

Монгол суу ухааны талаарх лекцийг нь хэдэнтээ телевизээр сонссон хүнтэйгээ ярилцах боломж олдоход би олзуурхан хүлээж авсан. Зочинтойгоо уулзахын өмнө түүний талаар нэлээд уншиж, бага ч гэсэн ойлголттой болсны дараа ярилцахаар очсон юм. Монгол цэргийн өдөр тохиож байгаа учир хаан ухааны тухай ярилцана гэж төлөвлөсөн ч бидний яриа сэдвэээсээ нэлээд өргөн хүрээг хамарсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Танай академи сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна. Ер нь хэр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Бид нийгмийн зорилтот хэсэгт биш ерөөсөө л ядарсан, зүдэрсэн, чадарсан, бүх л эмэгтэйчүүдэд хүрэхийг хүсдэг. Монгол суу ухаан, монгол гэргий ухаан, монгол хатан ухаан гэдэг чинь “Манукол” академи “Хатан ухаан” танхимын өмч биш. Монголын бүх эмэгтэйчүүд, ард түмний өмч. Тийм учраас хүн бүрт хүргэхийг хүсч байна. Тухайн хүн өөрөө ямар агуулгаар, ямар чиглэлээр авч ашиглаж болохоор байна. Бүх гарц гаргалгаа хувилбараар задарч болно.

Агуу юм энгийн. Энгийн зүйл агуу байдаг. Өнөөдөр харахад “Хатан ухаан” танхимын гээд ярихаар магадгүй УИХ-ын гишүүн сайд дарга эмэгтэй ярих ёстой юм шиг бид сэтгэдэг. Гэвч тийм биш. Хатан ухааныг гэртээ сууж байгаад эр нөхрөө зөв зүглүүлж, үр хүүхдээ зөв үнэн шударгаар хүмүүжүүлж чадаж байгаа ард түмэндээ зөв ариунаар нөлөөлж чадаж байгаа үйлчилж, соён гэгээрүүлж чадаж байгаа эмэгтэйчүүд гэртээ сууж байсан ч улстөрч эмэгтэй байдаг.

Гэтэл Төрийн ордонд, УИХ-ын танхимд, сайд дарга нарын албанд суучихаад нөхрөө ч зүглүүлж чадахгүй үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, ард түмнээ соён гэгээрүүлж чадахгүй төр засгийг зөв ариун руу чиглүүлж дийлэхгүй энэ эмэгтэйчүүдийг улстөрч эмэгтэй гэхэд хэцүү. Тэгэхээр Монголын түүхийг харж байхад хатан ухаантай эмэгтэйчүүд хүч, тархи, ухаанаа сорьж байсан талбар нь Монгол улсыг засаглахуй,  монгол төрийг төвшитгөхүй. Тэр тухайн үеийн дэлхийн 49 улсын 44-ийг нь нэгтгэчихсэн Монголын эзэнт гүрнийг хаад мэдээж тэргүүн магнайд нь залж явсан байгаа.

Гэтэл хаадын ард хэн байв. Араас нь түшээд зогсож байсан хэн байв. Хажуугаас түшээд зөвлөөд, зүглүүлээд зогсож байсан хэн байв. Монгол эмэгтэйчүүд, монгол хатад л байсан. Тэрийг ухаанаар хийсэн. Тэрийг эх орноо гэсэн, монгол улс үндэстнээ гэсэн эх оронч үзлээр хийсэн. Ер нь нь бол Монгол суу ухаанд зөв, үнэн шударга ариун гэгээн гурвыг л гэгээрэл гэдэг. Чингис хааны хэлсэн үг байдаг. Эдээр засаглахуй биш гэгээрлээр засаглахуй. Гэгээрлээр засаглахуй гэдэг нь зөв, үнэн шударга, ариун болгож байгаа юм.

Тэгвэл гэгээрсэн хүмүүст хууль хэрэггүй. Гэгээрсэн хүмүүст өнөөдрийнх шиг 700 хууль хэрэггүй. Их засаг гэж ганцхан хууль байгаад л дэлхийн 44 улсыг тэр үед нэгтгэж төвшитгөж чадсан. Тийм учраас Махатма Ганди “Монголчууд болон Чингис хааны эзэлсэн газар нутаг бүрт шинэ ёс, шинэ дэглэм, шинэ нийгэм тогтож байлаа” гэж хэлсэн байдаг. Тэр шинэ ёс, шинэ нийгэм, шинэ дэглэм гэдэг нь өнөөдрийн бидний байгуулах гэж мөрөөдөөд байгаа жинхэнэ ардчилсан нийгэм. Түүнээс өнөөдрийн мухардалд орчихсон америк ардчилал биш. Жинхэнэ хүнлэг энэрэнгүй нийгэм тэрийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр тэрийг нийлүүлээд л төвшин сайхны нийгэм гэж ярьж байна. Төвшин сайхан гэдэг бол амьдрал нь зовлонгүй, аюулгүй тийм нийгмийг хэлнэ.

-Та түрүүн сайдын суудалд суусан эмэгтэйчүүд гэж ярилаа. Тэгвэл одоогийн УИХ-д эмэгтэй гишүүдийн бүлэг гэж байгаа. Тэднийг ер та яаж харж байна?

Монгол эмэгтэйчүүдийн зууралдах зүйл энэ тамхи, архи биш.

-Яах вэ, өмнөх УИХ-д сууж байсан эмэгтэйчүүдээс арай нэг шат ахисан. Бас нэг хийчих гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, хөдлөх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг нөгөө өгөх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг гэдэг шиг л байна. Хийгээгүй ч юм алга гийгүүлсэн ч юм алга шиг байна. Тамхины хууль энэ тэр санаачлаад явж л байна. Гэхдээ энэ биш. Монгол эмэгтэйчүүдийн зууралдах зүйл энэ тамхи, архи биш. Юуны өмнө яаж хүн болох вэ, яаж монгол хүн болох, яаж эр хүн болох, эм хүн болох, яаж эх, эцэг хүн болох, хаан, хатан хүн болох юм.

Энэ хүн болохуйд нь сургаад ирэхээр аяндаа архи, тамхины асуудал шийдэгдэнэ. Нэг муу үндэснээс ургасан олон салаа муу мөчрийг бид нэг нэгээр нь барьж аваад засахгүй. Үндсийг нь сольчих юм бол тэр хүн солигдчихно. УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд гэдэг чинь бодлого боловсруулах түвшин шүү дээ. Өнөөдөр ажил барьж авдаг гүйцэтгэгч биш. Ийм бодлогоор ажиллана гэдэг бодлогыг нь тодорхойлж өгдөг. Тэд  өнөөдөр бодлогын чанартай ажилд оролцох болохоос биш архи, тамхины хууль санаачлаад суух нь төдийлөн тэдний ажил биш.

-Таныг гадагшаа явах гэж байгаа гэж сонссон. Ямар ажлаар явж байгаа юм бол. Хатан ухаан, хаан ухааны хүрээнд явж байна уу?

-Америкт ажиллаж, амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд нийлээд “Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сан”  ТББ байгуулаад, энэ бас чамгүй 3,4 удаа том чуулга уулзалт зохион байгуулсан. Тэр нь маш үр дүн өгсөн. Тэд энэ удаагийнхаа чуулга уулзалтыг Сан Францискод зохион байгуулах гэж байгаа. Түүндээ ирж хатан ухаан лекцийг тавьж өгөөч гэсэн. Мөн Америкийн дөрвөн хотод монгол суу ухааныг судалдаг клубүүд байгуулагдсан байна. Тэднээс урилга ирсэн тэнд очно. Монгол суу ухаан зөвхөн Монгол орноор хязгаарлагдахгүй өнөөдөр ертөнцийн нөгөө бөөрөнд дэлхийн энгэрт, хаана монгол зүрх, тархитай хүн сууж байна тэр газар бүрт хүрчихсэн байна. Үүнийг яаж монгол хүмүүсээс дэлхийн өөр бусад хүнд хүргэх үү. Тархинаас тархинд, зүрхнээс зүрхэнд хүргэх үү л гэдэг асуудал байна.

-Гадаадад ийм клубүүд байгуулагдаад таныг урьж байна гэлээ. Монголд та нартай хамтарч ажилладаг төрийн бус байгууллага, төрийн байгууллага байна уу?

-Төрийн, төрийн бус байгууллага ч байхгүй. Бид бор зүрхээрээ, цор ганцаараа өөрсдийнхөө урт дураар урт дур гэдэг нь одоогийнхоор бол сайн дураараа гэсэн үг. Бид улс Монголоо гээд л зүтгэж яваа. Маркетинг, менежментээ өөрсдөө хийж. санхүүгээ босгож байна. Өөрсдөө судалгаа шинжилгээгээ хийж, лекц соён гэгээрүүлэх ажиллагаагаа хийж байгаа. Бүх зүйлд академид байгаа 100 гаруй хүн зүтгээд, тэмцээд явж байна.

-Ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах саналыг төрийн байгууллагад хүргүүлж байв уу?

-Үгүй. Ер нь бол би саяхан “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ ард түмэн чинь боол биш. Энэ төрийн эрх мэдлийг буруу зөв аргаар авсан эрх мэдэлтнүүд чинь боолын эзэн биш. Яахаараа бид одоо тэртээ цагт улиран баларсан боол, боолын эзний сэтгэхүйгээр хандах ёстой юм. Ер нь Монгол суу ухаанд төр гэдэг бол ард түмнийг хэлнэ гэдэг. Эрх мэдэлтнүүд бол эрх мэдэлтнүүд. Ард түмнээс түр хугацаагаар өөрийнх нь эрх мэдлийг сонгууль гэх луйврын дор зээлж авсан хүмүүсийг л хэлдэг.

Би жинхэнэ төр болсон ард түмэнд л үүнийг хүргэх ёстой гэж үздэг. Жинхэнэ төр болсон ард түмэн хэзээ нэгэн цагт үүнийгээ ойлгоод сэхээрэхийн цагт энэ эрх мэдэлтнүүдийн хаалгыг тогшоод эрх мэдэлтнүүд рүү утас цохиод хэлэх байх. “Би хүүхдэдээ энэ монгол суу ухааныг заалгая. Миний хүүхдэд цэцэрлэгт, дунд сургуульд заагаад өг, их сургуульд заагаад өг” гэх цаг ирэх байх.

 Тэгэхээр жинхэнэ асуудлыг шийддэг ард түмэнд нь тавиад байгаа юм. Түүнээс биш эрх мэдэлтнүүдэд биш. Тэдэнд тавихаар нэг албан тоот бичиг болдог. Тэд хэчнээн сар жилээр хариу өгөхгүй. Өгөхдөө эсрэг хариу өгдөг ч юм уу, ерөөсөө энэ Монголын төрийн эрх мэдлийг ард түмнээс түр хугацаанд зээлж авсан энэ хүмүүс их соргог байх ёстой. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэж Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Төр түмэн нүдтэй гэдэг чинь ард түмэн төр юм аа гэдгийг хэлж өгч байгаа юм. Гэтэл хэдэн эрх мэдэлтнүүд нүд нь балай, чих нь дүлий таг байна. Тийм хүмүүс рүү бид албан тоот бичээд, царайчлаад боолоос боолын эзэндээ хандах гэсэн хандлага баймааргүй байна. Энэ сэтгэхүйг авч хаямаар байна.

-Танайх Монгол цэргийн өдрийг 18-нд эрчүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар сонирхуулаач?

-Бид хоёр дахь жилдээ эрчүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах гэж байна. 2013 онд бид Цэргийн баярыг тохиолдуулаад “Дээдлэх эр хүн” гэдэг арга хэмжээ зохион байгуулсан. Энэ удаа бид 50 минутын баримтат кино хийж байгаа. Ер нь хаана сүргийн манлай доройтно, тэнд сүрэг тарж бутардаг, мөхдөг жамтай. Монгол Улс, Монгол үндэстэн, ард түмэн сүрэг гэж үзвэл үүний манлайд эрчүүд байх ёстой. Гэтэл эрчүүд яах гээд юу хийх гээд байгаа юм. Архи, авлигал, хүүхэн эргүүлээд яваад байх нь эдний зорилго юм уу, энийг бас гаргаж тавимаар  байна.

-Тэгвэл үүнийг гаргаж тавихын тулд юу хийвэл зүгээр юм бол?

-Соён гэгээрүүлнэ. Эдээр засаглахуй бол түр зуурын засаглахуй. Гэгээрлээр засаглахуй бол мөнхийн засаглахуй байдаг гэж  Чингис хааны агуу сургуулаад байдаг. Тэгэхээр өнөөдөр эд баялаг, уул уурхай яриад Монголыг засахгүй. Африкийн араас явна. Тэгвэл ганц гарц байгаа нь гэгээрэл. Монгол суу ухаанд зүгээр л зөв, үнэн шударга, ариун бай тэр бол гэгээрэл гэж байдаг. Тэгэхээр зөвд, шударгад, ариунд сургана. Энэ чинь л өөрөө хүн болохуйн мөн чанар гэгээрэл юм. Тийм учраас Чингис хаан улс орны гадаад дайсан бол түр зуурын дайсан. Түүнийг яаж ч ялан дийлж болно. Харин улс орны мөнхийн дайсан бол дотоод дайсан. Тэр дотоод дайсныг ялан дийлэхэд маш хэцүү. Тэр дотоод дайсан бол гэгээрэлгүй хүн гэсэн байдаг.

Гэгээрэлгүй хүнийг гурван түвшинд авч үздэг. Булай, булхай, буулхай гэж. Булай гэдэг нь эдүгээчлээд хэлэхэд, ядуучууд. Амьдралд нь юу ч байхгүй. Идэхйин тулд, хэрэглэхийн тулд явж хайж олж иддэг, хэрэглэдэг. Энэ хүмүүсийг ядуучууд гэдэг. Ийм хүмүүс идэхээс өөр юманд анхаарал тавихгүй байж байгаад өөдгүйн боол болгодог нялуун дайныг үүсгэдэг. Дараагийнх нь хэсэг дундаж хэсэг. Зүтгэж зүтгэж жаахан юм олдог. Тэр нь амь зуулга, амьжиргаанаас нь илүү гардаггүй. Ийм хүмүүс өөрийнхөө олсныг булаалгаж дасдаг.

Үүнийг булхай гэж байгаа юм. Ийм хүмүүс хөндлөнгийн идэш болгодог, шулуун дайныг үүсгэдэг. Харин хамгийн хүчирхэгжин бэхэжсэн гэгээрэлгүй хүнийг буулхай гэдэг. Тэр нь одоогийн олигархи хэсэг. Тэр булай, булхай нараас хамаарахгүй, сэхээрэхгүй байгаа бүх үнэт зүйлсийг нь булааж авдаг. Булааж авахдаа зүгээр ирээд булаачихгүй. Хоорондоо булаацалддаг. Бат-Отгоны олсон нэг юмыг гурван буулхай ирж булаацалдаж авдаг. Энэ нь бол халуун дайныг үүсгэдэг. Ингээд нүдэнд үл үзэгдэх нялуун, шулуун, халуун гурван дайн бол Монгол Улсыг тос дотроосоо өтөх мэт сүйтгэдэг.

-Таны харж байгаагаар хугацаа товлоод хэлбэл хэр хугацаанд манай эрчүүд гэгээрэлд хүрэх боломж байна?

Яагаад эд нь авлигал, албан тушаал, архи, хүүхэн эргүүлдэг ажил руугаа тархи оюун бүх юм нь ажиллаж байна.

-Яг одоогийнхоор бол маш хэцүү. Ер нь бараг хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй шахуу байна.  Яагаад эд нь авлигал, албан тушаал, архи, хүүхэн эргүүлдэг ажил руугаа тархи оюун бүх юм нь ажиллаж байна. Юун энэ эх орон босох ёстой юу, сэрэх сэхэх ёстой юу энэ үргэлжлэх үү, мөхөх үү эдэнд бодож байгаа юм юу ч алга. Төрд дандаа ийм эрчүүд орчихсон. Төрийн эрх мэдлийг дандаа ийм эрчүүд нь авчихсан. Түрүүчээсээ өнөөдөр Дорнод аймагт 300 мянган га газрыг солонгосчуудад худалдчихаад сууж байна.

-Тэгэхээр тийм хүмүүсийг төрд гаргаад байгаа нь ард түмний өөрсдийнх нь буруу юм болов уу. Та юу гэж бодож байна?

-Монгол суу ухаанд бурууг бусдаас битгий эр, өөрөөсөө хай гэж сургадаг. Тэр бол яг үнэн. Ард түмний буруу. Мао Зедун “Ард түмэн бол цагаан цаас”  хэлсэн байдаг. Анх судалгаа маань дутуу байх үед би Мао Зедуныг үзэн яддаг байсан. Энэ бүхэл бүтэн ард түмнийг доромжилдог хэн бэ гэж. Гэтэл одоо Монгол суу ухаанд суралцсаны дараа ард түмэн гэдэг чинь төр юм байна, өөрөө юм байна, энэ ард түмний гарт өөрийнх нь сайхан амьдрах уу муухай амьдрах уу, хүчирхэг байх уу, сул дорой байх уу гэдэг нь гарт нь байдаг.

Тэгэхээр үүнийг ойлгосны дараа өө энэ ард түмэн чинь ийм гэгээрэлгүй юм байна гэж бодох болсон. Ер нь гэгээрэлгүй ард түмнийг л цагаан цаас гээд байгаа байхгүй юу. Тархинд нь ямар ч мэдлэг байхгүй, мухардалд орсон. Мухар сүсэг шашин шүтлэгээс өөр юм байхгүй. Амбиц, шунал тачаалаас өөр юм байхгүй. Энэ чинь л ард түмнийг цагаан цаас болгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний буруу. Солонгосын нэг зүйр үг байдаг. “Тэнэг хүний сонголт дандаа тэнэг байдаг” гэж. Тэнэг хүн мэдээж тэнэг л юм сонгоно шүү дээ. Хэзээ ч зөв юм сонгохгүй.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Мүүн Монголд орж ирсэн

-Мухар сүсэгтэй холбогдуулж нэг асуулт асуумаар байна. Сүүлийн үед Мүүн гэж нэлээд ярих боллоо. Төрийн томчууд холбоотой,  бизнесийн бүлэглэл гэцгээж  байна. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Дэлхийн энх тайвны холбоо гэдэг байгууллага орж ирж, Монголын улстөрчдийг элсүүлж, том нээлт хийсэн. Түүний дараагаас Мүүн Монголд орж ирсэн. Энэ бол 1997, 1998 оны үеийн процесс. Тэр үед Монголын улстөрчид гайгүй гэсэн зохиолч, яруу найрагчид бүгд явж орсон. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ биш юм байна гэдгийг мэдээд олон хүн татгалзсан. Зарим нь нам жим болсон. Гэтэл араас нь Олон улсын боловсролын холбоо гэдэг нэртэй нэг байгууллага ороод ирсэн. Тэгсэн тэр нь тэр чигээрээ Мүүний байгууллага байсан.

Харахад гоё, Энх тайвны холбоо, Олон улсын боловсролын холбоо гээд ийм нэрнүүдийн ард нуугдсан өчнөөн янзын мухар сүсэг, шашин, улстөрийн байгууллагууд орж ирж байгаа. Энэ дээр жинхэнэ монгол төрийн хяналт гэж байх ёстой. Мэргэжлийн хяналт гэж байх ёстой. Нөгөө социализмын үе шиг цензур байх ёстой. Энэ ард түмний тархи руу юу хийх юм. Мэргэжлийн хяналт тодорхой түвшинд ажиллаад л байна л даа. Ард түмний ходоод руу эрүүл хоол орж байна уу гэдгийг бас хянаад байна.

Гэтэл ард түмний тархи руу орж байгаа тэр мэдээлэл чинь тархийг тэжээж байгаа хүнс. Тэр зөв хүнс орж байна уу буруу хүнс орж байна уу гэдгийг хянаж чадахгүй байна. Дээр нь БШУ-ы яам, Боловсролын сайд, мэргэжилтнүүд юу ч хийхгүй. Нүд нь балай, чих нь дүлий. Ингээд байхаар энэ ард түмэн чинь хэзээ соён гэгээрэх юм бэ. Ганц нэг ТББ, ганц нэг хүний хийх ажил биш. Энэ бол үндэстнээрээ хийдэг ажил.

-Энэ асуудал ойрын үед нэлээд яригдсан чинь Үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэхийг хуульчлаад өгчихсөн гээд эрх яриад эхэлчихлээ. Магадгүй үүнд хуулиа чангалмаар юм уу гэж бодогдох юм?

-Үндэсний эрх ашиг гэдэг юмаа тодорхойлох ёстой байхгүй юу. Үндэсний эрх ашиг гэдэг юм тодорхойлогдохгүй болохоор энд тэнд хууль нэртэй гуулиудад янз бүрийн өгүүлбэр тусчихдаг. Тэгээд хууль нэртэй гуулиудад байгаагаа өгүүлбэрээ барих хэрэгтэй болдог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгаа. Тэнд үндэсний эрх ашгийг тодорхойлох ёстой. Үндэсний эрх ашиг гэдэгт нь хэчнээн зүйл заалт байх юм. Тэнд юу багтах юм. Оюун санаа, түүх соёл, баялаг гээд салбар салбараар нь үндэсний эрх ашгаа тодорхойлох ёстой. Үүнийг хэзээ ч юугаар ч хөндөх ёсгүй.

Одоо жишээ нь үндэсний эрх ашиг дотор энэ Монголын 1,5 сая км.квадрат хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэр гэдэг нь 3 сая хүний орон гэр байхгүй юу. Орон гэргүй хүн яаж гудамжинд гарч явж байгаад өвгөнтөд очоод үхдэгтэй адилхан бид газар нутаггүй болчихвол хэний газар нутгийг гуйж амьдрах юм бэ. Хаанаас орон гэр гуйж амьдрах юм. Тэгэхээр энэ газар нутгийг хэн ч эзэмших ёсгүй. Хувьчлах ёсгүй. Энэ бол ард түмний энд ирж амьдрах үе үеийн монголчуудын өмч байх ёстой. Ингээд үндэснийхээ эрх ашгийн юмнуудыг тодорхой болгохгүйгээс болоод газар руу нь хэн дуртай нь дайраад харийнхан эзэмшчихсэн сууж байна.

-Газар шороо гэснээс ялгаагүй тантай адилхан ТББ байгуулаад газар шорооны эсрэг тэмцээд явж байсан Ц.Мөнхбаяр байна. Тэр өнөөдөр 22 жилийн ял сонсчихлоо. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Эмгэнэл.Энэ төрд гарсан олигархиуд энэ буулхай нар ямар эрээ цээргүй болсны тод жишээ. Тэд өнөөдөр ард түмэн рүү, Монгол Улс, үндэстэн рүү өөрсдөө их буу шагайчихаад, атомын зэвсэг шагайчихаад сууж байгаа байхгүй юу. Тэрний эсрэг нэг муу ганц калибр бариад орсон хүнд ингэж хандаж болохгүй. Тэр хүн чинь  хүн чинь юмны төлөө тэмцэж яваад аргаа барахдаа дийлдэхээрээ хүн л юм чинь яадаг юм сэтгэлийн сөрөг туйл руу шидэгддэг л байхгүй юу. Энэ чинь хэн ч ойлгож болох үзэгдэл. Ямар ч сэтгэлзүйчийг, гудамжинд яваа жирийн ард иргэдээс яриа авахад үүнийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд тийм хүнийг 20 хэдэн жил. Энэ чинь яаж байгаа юм. Дараа дараагийн гарч ирэх гэж байгаа хүмүүсийг мохоож, зогсоож, тасалж байгаа байхгүй юу.

Монголчууд цөс нь хөөрөөд, цус нь оргилвол хэзээ ч босч ирж  мэдэх ард түмэн

-Таныг анх лекц уншаад эхлэхэд жишээ нь янз бүрээр бичиж байсан. Тэгэхээр одоо магадгүй бас таныг дарах ч юм уу. Энэ хүнийг тэнэг мангар гэж байгаад болиулчихъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл ажиглагдаж байв уу. Одоо хэр байгаа вэ?

-Чадахгүй шүү дээ. Ёстой солиор гэж хэлнэ. Надаар оролдох юм бол тэнгэр та нараар оролдоно. Монголын ард түмний заяа та нараар оролдоно. Чадах, чадахгүй, болох болохгүй, оролдох оролдохгүй зүйл гэж байдаг юм. Чадахгүй шүү л гэж хэлнэ. Яах вэ нэг сайт ороод сэтгэгдэл бичдэг, архины ширээний ард ярьдаг л байсан. Хэн өнөөдөр ил гарч ирээд албан тоот тавиад, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан мэтгэлцээнд хэн урьсан юм.

Чадахгүй шүү дээ. Үнэхээр Монголын ард түмнийг басч болохгүй. Цөс нь хөөрөөд, цус нь оргилоод босоод ирэх юм бол хэзээ ч босч ирж  мэдэх ард түмэн. Өнөөдөр унтаж байгаа ч гэсэн. Гэхдээ унтаж байгаа гэж хэлж болохгүй, сүүлийн хэдэн жилд их хурдан сэрж байгаа ард түмэн. Сүүлийн үед над руу тийм юм гайгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө анх 100 цуврал лекцийг гаргаад тавьж байхад янз янзаар хэлж байсан юмнууд бий. Гэвч тэр нь интернэт сайтын сэтгэгдэл, буцах хаяггүй, архины ширээний ард согтуурхлын түвшинд л байснаас албан түвшинд байж чадаагүй.

-Хатан ухаан, хаан ухаан гээд бодож байхад саяхан Ерөнхий сайд маань зурагтаар гал түлэхийг заалаа. Хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Таны хувьд Монгол Улсын төрийн өндөрлөгийн үйлдэл гэж харахад ямар байна. Уг нь бол утааг багасгах зорилготой гэсэн?

-Би үнэндээ тэрийг нь мэдээгүй. Ойрд нэвтрүүлэг, баримтат кино хийгээд телевиз, хэвлэл мэдээлэл рүү хандах зав байсангүй. Тэгэхээр үнэхээр заасан үйлдэл байгаа бол хоёр талтай л хардаг. Аливаа юмыг зөв өнцгөөс нь харвал зөв гаргалгаа гардаг. Буруу өнцгөөс нь харвал буруу л гаргалгаа гардаг. Гэхдээ энд тулга тулчих эмэгтэй хүн барагдчихаагүй байна. Эхнэр нь байхад аягаа угаах гээд дайраад байгаатай адилхан. Ноднин бил үү уржнан ч бил үү Төрийн ордонд нэг гал тахисан. Түүнд нь дандаа л эрчүүд байж байсан. Энэ чинь ийм юм биш. Энэ монгол төрийн эрхийг авсан олигархиуд мэдэх ёстой юмаа мэдэхгүй, түүх ёс заншлаасаа дэндүү холдчихсон.

Тэдний хамгийн ойрхон хамгийн сайн мэддэг юм нь уул уурхай, мөнгө доллар. Түүгээрээ л сэтгэж байгаа хэрэг. Энэ бол тийм таатай хэрэг биш.  Гал түлэхийг заахаас илүү Ерөнхий сайдад шийдэх ажил асар олон байгаа. Монголын хүүхдүүдийг яаж гурван ээлжийн биш сургуультай болгох вэ, яаж төрөх эмнэлгүүд барих уу, яаж дулааны цахилгаан станц нэмж барих уу, яаж энэ хүмүүсийг яаж гэгээрүүлэх үү тэр Ерөнхий сайдад бодож санаж, хийх юм зөндөө байна. Юун гал, битгий авгай чавганцын ажил хийгээд яваач ээ.

Ерөнхий сайд юм бол, эр хүн юм бол эр хүн шиг Ерөнхий сайд шиг бай. Монгол эрчүүдийн мэдлэг боловсрол, тархи сэтгэхүй ямар дорой болсны тод жишээ шүү дээ. Ер нь бол монгол үндэстэн сэргэж байгаа учраас монгол үндэстний ухамсар сэргэж байна. Монгол түүх соёлоо дээдлэх, үүнээс суралцах гэсэн хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа нь гарцаагүй үнэн.

Гэхдээ дайны хажуугаар дажин гэж байдаг. Энэ биднээс шалтгаалж байгаа биш энэ байгалийн зүй тогтлоор энэ дэлхийн оршихуйн зүй тогтлоор хийгдэж байгаа ажил. Гэтэл үүний хажуугаар хүмүүс зүгээр л хийх ажлаа хийгээд зөв, үнэн шударга яг Монголынхоо төлөө ямар ч амбицгүй хийгээд явмаар байна.  Монголын эмэгтэйчүүд арай ч гал түлэхээ заалгахаар болчихоогүй байна.

Надад энэ Монгол Улс үндэстэн Монгол Улс үндэстэн шиг болоосой гэх ганцхан амбиц бий

-Амбиц гэснээс амбиц ер нь сайн зүйл үү, эсвэл хэрэггүй зүйл үү. Сүүлийн үед хараад байхад дарга удирдлага, доод дээдгүй их л амбицтай хүмүүс болсон харагдах юм?

-Амбицныхаа зорилгоос хамаарна. Жишээ нь  Чингис хаан Их Монгол Улсаа Хамаг Монгол Улс болгоё. Энэ улсыг 108 төвшин сайхны орон болгоё гэж зоригдоогүй бол ийм зорилготой амбицыг өөртөө агуулаагүй бол үүнийг хийж чадахгүй шүү дээ. Энэ амбицыг Монгол суу ухаанд “хүслийн зүй” гэж нэрлэдэг. Бусдын, эх орныхоо төлөө урт дураараа зүтгэх энэ зүтгэлийг “хүслийн зүй” гэж хэлнэ. Харамсалтай нь өнөөдөр эрх ашиг, би ямар албан тушаалд очих уу тэр албан тушаалд очоод би юу хожих уу, юуг хуурч мэхэлж, олж авч болох уу хэчнээн төгрөгийн авлига авч болох уу гээд зөвхөн хувьдаа наах эрх ашгийн төлөө явчихаж  байгаа байхгүй юу.

Түүнээс улс үндэстний эрх ашгийн төлөө биш. Ингээд ирэхээр энэ зорилго нь нөгөө монгол эцэг дээдэс орчлонг бүхэлд нь таньчихаад орчлонгийн энгээр сэтгэж, дэлхийн энтэй амьдарсан. Бид өнөөдөр амбицны энгээр сэтгэж, аяганы хонхрын энтэй амьдарч байна. Үүнээсээ л гарчихмаар байгаа байхгүй юу. Хэрвээ бид аяганы хонхроосоо гарвал, амбицнаасаа салах юм бол бусдын төлөө амьдарч чадна. Би яаж хэтэвчээ зузаалах вэ, би яаж алдар нэртэй болох вэ биш Монголын төлөө би юу хийж чадах вэ ямар хувь нэмэр оруулж чадах уу гэдгийг бодоод ирвэл тэр чинь шал өөр зүйл болно.

-Та ер нь хэр амбицтай хүн бэ?

-Би өөрийгөө амбицгүй хүн гэж хэлэхгүй. Надад ганцхан амбиц байгаа. Энэ Монгол Улс үндэстэн Монгол Улс үндэстэн шиг болоосой л гэх ганцхан амбиц байгаа. Би тэрний төлөө чадах, мэдэх, хийж болох бүхнээ л хийж яваад энэ хорвоогоос халина. Хэн ч намайг зогсоохгүй.

-Сүүлийн үед тантай адилхан хүмүүс олширч байна. Тухайлбал, дуучин С.Жавхлан байна. Тэр хүн бас л анх солиотой, шизотойгоороо дуудуулаад л гарч ирсэн. Янз бүрийн зүйл яриад л явж байна. Зөв, буруу гээд хэлүүлээд л. Гэхдээ нийгэм тодорхой хэмжээгээр тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг болсон байна. Таны хувьд С.Жавхланг дэмждэг үү?

-Ер нь энэ ухаантай байх ёстой хүмүүс мунхаг болчихсон. Монгол суу ухаанд хэлдэг л дээ. Мэдлэггүй бол мунхаг, мэдрэмжгүй бол мулгуу, сэтгэлгүй бол тэнэг гэж. Тэгэхээр мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй энэ гурав нийлж ухаантай болох ёстой. Ухаантай байх ёстой хүмүүс өнөөдөр мунхаг, мулгуу, тэнэг болчихсон. Ухаантай байх ёстой төр нь өнөөдөр мунхаг, мулгуу, тэнэг болчихсон. Энэ долоон тэрбум хүн бүгд хайраар өлсөж амьдарч байна.

Ухаанаар өлсөж амьдарч байна. Тийм учраас бидний амьдрал өнөөдөр төвшин сайхныг олж чадахгүй байна. Эд материалын тансагийг олсон. Харамсалтай нь, тэр тансаг эд материал бидэнд  төвшин сайхныг өгч чадахгүй байна. Тэгвэл бидний эцэг дээдэс 108 төвшин сайхан тогтсон тэр амьдралыг бүтээсэн шүү дээ. Эндээс би юу хэлэх гэж байна гэхээр, хүн төрөлхтний тархи оюуны үйл ажиллагаа, ухаарал сэхээрэл, гэгээрлийн үйл ажиллагаа энэ амьдрал үйл хэргээс хэдэн зуун жилээр хоцрогдчихсон. Тийм учраас би боолын нийгмийн сэтгэхүйгээс салмаар байна аа гэж хэлсэн.

Өнөөдөр бид XXI зуунд ирчихээд боолын нийгмийн сэтгэхүйтэй амьдарч байна. Тэгэхээр энэ нь биднийг хэдэн зуун мянган жилээр хоцрогдчихсон байгааг хэлээд байгаа юм. Тэгээд ухаантай хүмүүс угтаж мэдээд юмыг хийхээр, хэлэхээр нөгөө мунхагууд ойлгохгүй. Ойлгохгүй болохоороо мунхагууд ухаантайгаа тэнэг, галзуу гэдэг. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөөр тэд ухаанаараа биш гай зовлонгоороо юмыг ойлгож ухаардаг. Ойлгоод ирэхээрээ одоо “Өө Жавхлангийн ярьж байсан зөв байна”  гэж хүлээн зөвшөөрөх аяс дуу гарч байна. Удахгүй Бат-Отгоных зөв байж хэдэн зууны дараа Чингис хааных зөв байсан байна гэх цаг ойрхон байгаа. Гэтэл бид хэдий болтол ингэж хоцорч амьдрах ёстой юм. Уг нь ухаан гэдэг чинь угтан мэднэ гэсэн үг. 

Түрүүлж хараад тосч бэлдэнэ гэж байгаа. Тэгээд тэсч үлдэнэ гэж байгаа байхгүй юу. Гэтэл бидний эцэг дээдэс ийм ухаан заачихаад байхад бид үүнээс яаж хоцорч сэтгэх тухай бодоод ямар ч сэхээ авахгүй яваад байгаа байхгүй юу. Энэ бол эмгэнэл. Нөгөө талдаа Жавхлангийн үйл явц бол зөв. Тэр хүн өнөөдөр судалгаа шинжилгээ хийгээд цогц салбарын түвшинд явж чадахгүй байгаа ч гэсэн тэр хүн хувь хүн, эр хүн, энэ Монгол Улсын иргэн хүн, монгол хүн гэдгээрээ тэр хүн яаж монголоороо байх уу гэдэг зүйлийг монголчуудад хэлж, хүргэж чадлаа. Тэрний үр дүн гарч байна. Тэр хүн өнөөдөр дээл хувцсаа өмсөөд монгол гэрээ барьж амьдраад тэр талстаараа хүргэж байхад Бат-Отгон энд тархи, оюун ухаан соён гэгээрэл, үнэн зөв, шударга, ариуныг тогтоох өөр өөр талстаараа нийлээд л нэг зүйл болох ёстой. Талст бүр нийлж байж аяга бүтдэг.

Онол гэдэг бол онож олсон хамгийн төгс гарц шийдэл байдаг

-Ухаан угтаж мэднэ гэснээс техник технологи асар хурдтай хөгжиж байна. Тэр хэрээр хүмүүсийн сэтгэх чадвар буурч байх шиг. Хэрэглэж байгаа зүйлс нь өөрсдөөс нь ухаалаг болоод тэрнийхээ хэрэгцээг л ашиглахаас илүү зүйлд сэтгэхээ больчих шиг боллоо. Уг нь Монгол Улс дэлхий нийтийн соёлтой хөл нийлүүлэн алхаж байна л гээд байдаг. Гэвч үүний цаана эмгэнэл яваад байх шиг?

-Энд эмгэнэлээр барахгүй мөхөл явж байгаа. Сүйрэл явж байгаа. Эмгэнэл гэдэг үг ч багадна. Тийм учраас монгол төр болсон ард түмэн өөрсдөө сэхээтэй, ухаантай байх ёстой.  Одоо больё. Нөгөө хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр бидний даган дуурайсан Америк, Англи өөрсдөө мухардалд орчихлоо. Тэгээд өнөөдөр яасан Латин Америкийн орнууд өөрсдийнхөө замыг хөөчихсөн. Орос, Хятад өөрсдийнхөө замыг хөөчихсөн. Хойд Солонгос Куба өөрсдийнхөө замыг хөөчихсөн. Европын холбоо өөрийнхөө замыг хөөчихсөн. Бид яах гээд байгаа юм. Гэтэл нөгөө Америк Арабыг зөв зүгээр сайхан социалист нийгэм тогтоогоод өөрсдөө тусгаар тогтноод авчихаад байхад нь хүчээр бөмбөгдөж байгаад өөрсдийнхөө олз хайх талбар болгочихлоо.

Яг л социалист системийг америкууд яаж задалсан яг тэр тогтолцоогоо л тэнд хэрэглэчихлээ. Тэгэхээр бид бүтэхгүй Америкийн араас явах хэрэг байна уу.Бид өөр зам замаа хайх хэрэгтэй байна. Энэ Монгол суу ухаанд Монгол Улс төдийгүй дэлхийн замнах замналыг заачихаад байна. Онолыг нь заачихаад байна. Онол гэдэг чинь онож олсон гарц шийдэл. Хамгийн төгс гарц шийдэл байдаг. Ялангуяа байгалийн онол хуулиуд. Тэрийг эцэг дээдэс харчихаад улс гэрээ байгуулах, хөгжүүлж бадрааж авч явах хамгаалж өмөөрөх бүх түвшинд тэр гурван онолыг хэрэглэсэн байна. Гуравхан онол.

-Тэгэхээр Арабын ертөнцөд үүссэн шиг зүйл Украинд ажиглагдаад байна л даа. Манайхан “Украины талд орвол манайд ашиггүй. Орос манай том хөрш. Магадгүй Монгол дараагийнх нь” гэх зэргээр ярьж байна. Энэ хэр үнэний ортой бол?

-Үнэн, хаана баялаг байна тэр газар нөгөө том алуурчид явж байгаа. Арабын хувьсгалын ард хэн байсан. Америк тэргүүтэй НАТО-гийн бүлэглэл байсан. Өнөөдөр Украины ард хэн байна. Яг тэд байгаа. Удахгүй Монголд энэ хувь заяа ирж магадгүй. Бас л тэд байна. Яагаад гэвэл тэд энэ дэлхийгээс хожих бүхнээ л хожих гэж үзнэ. Сорох, авах, ашиглах бүхнээ л авах гэж үзэж байна.

Тэгэхэд бид сэхээгүй суугаад байвал хэн биднийг ирж өмгөөлж, хамгаалах юм. Тэр бидний дагаж дуурайгаад байгаа Америк биднийг дараагийн төлөвлөгөөндөө онилчихоод сууж байгаа байхгүй юу. Монгол энэ их баялгийнхаа төлөө ийм төлөвлөгөөнд орно. Баялгийн хараал гэдэг чинь энэ. Төрийн эрх авсан энэ хэдэн олигархи хэзээ ч бидний төлөө хөдлөхгүй. Тэгэхээр ард түмэн өөрсдөө хөдлөх ёстой.

Үүний эсрэг Мөнхбаяр ганцаараа тэмцэх биш 3 сая ард түмэн тэмцэхэд яаж ч чадахгүй. Хамгийн гол нь монголчууд нэгдэхгүй байна, босохгүй байна. Боссон нэгийгээ дэмжихгүй байна. Утсаар, телевизээр дэмжчихээд “Илүү ихийг хийгээрэй” гэдэг. Намайг ч гэсэн тэгдэг. “Илүү ихийг хийгээрэй, амжилт хүсье” гүйцээ. Хамтраад нийлээд хийе гэж хэзээ ч хэлдэггүй. Энэ чинь биднийг ийм арчаагүй хувь заяа руу хөтлөөд байгаа юм.

Тэгэхээр бид саарал ордонд сууж байгаа саарал сэтгэл, саарал сүнс, саарал тархитай хүмүүстэй энийг найдаад даатгана эсвэл хэн нэгэн тэнгэрээс энэ цагийн Чингис хаан ирээд авралын од болох юм уу. Тийм юманд найдаад суугаад байж болохгүй. Чи сайн байвал өөрийгөө аварна. Гурван сая монголчууд сайн явбал та нар өөрөө өөрсдийгөө аварна. Та нар арчаагүй дорой байвал өөрөө өөрсдийнхөө дайсан. Энийг л Чингис хаан дотоод дайсан гэдгээр хэлж өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.