Дэлхийн хотуудын замын түгжрэл ба шийдэх гарц
АНУ-ын Нью-Йорк хотын ойролцоох замын түгжрэл.
2014.03.19

Дэлхийн хотуудын замын түгжрэл ба шийдэх гарц

Уншигч та бүхэндээ дэлхийн зарим хотуудын замын түгжрэл болоод түүнийг багасгасан арга замын талаар сонирхуулъя.

Тайландын Бангкок болон Индонезийн Джакарта хот замын түгжрэлээс болж хамгийн их асуудал үүсдэг нийслэлүүд юм. Эдийн засгийн хурдацтай өсөлт, автомашины үйлдвэрлэлийн дүнд автомашины тоо жил бүр нэмэгдсээр байдаг. Замын түгжрэл бол хөгжиж буй бүх орнуудын толгойны өвчин бөгөөд анагаах эм одоо болтол олдоогүй. Тэр байтугай дэлхийн хамгийн хөгжингүй хотуудын нэг Сингапурт замын бөглөрөл том асуудал болжээ.

Татвар хөнгөлснөөс болж Бангкокт машинууд цагт есөн км-ээс илүү хурдалж чадахаа больжээ.

Патумван нь Тайландын бизнесийн төв район. Ням гаригийн өглөө болон шөнөөр ажил гэр хоёрын хоорондын таван км замыг долоон минутанд туулж болно. Харин бороо орсон оройн оргил цагт дээрх зайд цаг гаруй мөлхдөг.

Тайландын нийслэл Бангкок хотын замын хөдөлгөөн.

Бангкокийн нийт замын урт 4000 км. Өөрөөр хэлбэл 59 кв.км талбай. Уг талбай дээр ойролцоогоор 3,2 сая машин байрлуулах боломжтой ч Тайландад бүртгэлтэй машины тоо 8,1 сая. Бусад районоос ирж буй машиныг тооцохгүйгээр. Хамгийн түгжрэлтэй гудамж болох Аюттайяд автомашины дундаж хурд 8,9 км-ээс хэтрэхгүй.

Хамгийн хачирхалтай нь Тайландын Засгийн газар 2012 оноос тухайн хүн анх удаа машин худалдаж авсан бол татвар, элдэв хураамжаас чөлөөлөх хуулийг баталжээ. Тиймээс автомашин худалдан авагчдын тоо эрс өсч, 2012 онд Тайланд даяар 24,5 сая машин үйлдвэрээс гарчээ.

Бангкокт ашиглаагүй талбай их байдаг ч Тайландын хуулинд үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаггүй учраас газрын эзэн баячууд хэнийг ч ойртуулалгүй газраа хадгалж байдаг аж.

Замын бөглөрлөөс болж Бангкок хот жилд 10 тэрбум бат буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

Бангкокын замын түгжрэл Тайландын эдийн засагт дөрвөн чиглэлээр хохирол учруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал замын бөглөө ажлын цагийг алдуулж, түлшийг нь барж, түүнчлэн авто осол, хүрээлэн буй орчин бохирдох шалтгаан болдог аж.

Мөнгөө төлөөд хот руу ор

Сингапур улс нэлээд эртнээс тээврийн асуудалд анхаарч иржээ. Эрх баригчид цэвэр, аюулгүй, түгжрэлгүй тохилог хотод хүн, мөнгө хоёр цугладаг гэж үздэг.

Тээврийн бодлогоор хэрэгжүүлдэг үндсэн арга хэмжээнүүдийн нэг нь 1975 онд баталсан зөвшөөрөл олгох журам. Журмын дагуу аль нэг район руу зорчиж буй автомашин, мотоциклуудаас төлбөр авдаг.

Хоёр дах арга хэмжээ нь 1990 онд баталсан тээврийн хэрэгслийг журамлах тогтолцоо. Авто машин худалдан авагчид өмч эзэмших гэрчилгээг авах ёстой бөгөөд гэрчилгээний тоо хязгаартай. Ингэснээр машины тоог барьж чаддаг байна.

Гэсэн хэдий ч хотын замын хөдөлгөөн сүүлийн жилүүдэд муудаж эхэлжээ. Гадаадын олон хөрөнгө оруулагчдыг татсан эдийн засгийн тасралтгүй өсөлтийн үр дүнд Сингапурын хүн амын сүүлийн 10 жилийн дотор 1,1 саяар өсч 5,3 саяд хүрчээ.

Джакартад буруу газар машин тавибал дугуйг нь цоолно.

Джакартад авто замын цагдаагийн тоо хүрэлцдэггүй учир дугуй цоолох зөвшөөрөл авсан хүмүүс ажилладаг байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Индонезийн тусгай тойрог болох Джакартагийн тээврийн газар замын бөглөрлийг үүсгэж буруу газар автомашин, мотоциклоо тавьсан бол дугуйг нь цоолох хатуу журмыг баталжээ. Түүнээс гадна 190 орчим ам.доллараар торгодог. Журам батлагдсанаас хойш нийтдээ 17 мянган дугуйг цоолж “шийтгэжээ”. Түүнчлэн албан ёсоор дугуй цоолох зөвшөөрөл авсан, багажаа бариад явж байсан ажилтныг зодож, дээрэмдсэн хэрэг хүртэл гарав. Гэхдээ энэ бүхний үр дүнд зөрчлийн тоо эрс багассан байна.

Лос-Анджелосын эрх баригчид замын түгжрэлтэй хэрхэн тэмцдэг вэ?

Гэрлэн дохионы ухаалаг систем нэвтэрснээр нэг жилийн хугацаанд жолооч нар 1,3 тэрбум долларыг бензиндээ хэмнэжээ.

Замын бөглөрлийг багасгахын тулд Лос-Анджелосын эрх баригчид хотын бүх гэрлэн дохиог “ухаалаг болгох” нүсэр ажлаа саяхан дуусгажээ. 30 жилийн энэхүү ажилд нийтдээ 400 сая долларыг зарцуулжээ. Үр дүнд замын хөдөлгөөнийг ажиглах автоматжсан систем бусад хотын хувьд үлгэр дуурайлал болж байна. Уг системийн онцлог шинжүүдийг дурдъя.

Замын уулзвар болгон дээр замын хөдөлгөөний нөхцлийг секунд тутамд кабелиар дамжуулдаг мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулсан. Лос-Анджелосын төв хэсэгт газар дор байрласан удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж шийдлийг гэрлэн дохионуудад буцаан илгээдэг. Хэрэв тухай замаар автобус явж байвал түүнийг саадгүй өнгөрөөх нөхцлийг замын цагдаа бус гэрлэн дохионууд өөрсдөө бүрдүүлнэ.