Латви улс хямралын хар нүхнээс хэрхэн гарсан бэ?
Латвийн нийслэл Рига хот
2014.03.25

Латви улс хямралын хар нүхнээс хэрхэн гарсан бэ?

Балтийн тэнгисийн орнуудаас дэлхийн эдийн засгийн хямралын улмаас хамгийн ихээр хохирсон нь Латви билээ. Гэвч өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт 5,6 хувьтай гарав. (Литви 3,7 хувь, Эстони 3,3 хувь). Зарим эдийн засагчид Латвийн энэхүү амжилтад одоо болтол итгэхгүй байгаа бөгөөд “эдийн засгийн гайхамшиг” хэмээн нэрлэжээ.

2008 онд Латвийн Засгийн Газар Олон улсын валютын сангаас 820 сая лат буюу 1,457 тэрбум долларыг бага хүүтэй зээлжээ. Гэхдээ авсан зээлээ төсвийн маш хатуу бодлогоор зарцуулсан байна. Латви аль болох түргэн хугацаанд санхүүгийн зах зээлд бие даасан байдалтай болохын тулд 2012 онд өрөө төлж дуусчээ. Амжилттай ажиллахад төрийн зүгээс 1,25 тэрбум латийн бонд гаргасан нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн байна.

Латвийн эдийн засгийн байдал мөн оноос эхлэн сайжрав. Латвийн Статистикийн хорооны тоо баримтаар 2012 онд есөн сарын дотор жижиглэнгийн худалдааны эргэлт 2011 оныхтой харьцуулахад 3,7 хувиар, экспортын хэмжээ 9,5 хувиар өссөн байна.

Латви бараагаа улам олон чиглэлд экспортолж 2011 оны экспорт өмнөх оныхтой харьцуулахад 28,1 хувиар, харин 2012 оны экспорт 2011 онтой харьцуулахад 15 хувиар өсчээ.

Латвийн Эдийн засгийн сайд Д.Павлют 2013 оны дөрөвдүгээр сард хийсэн мэдээлэлдээ: “Хямрал биднийг дотоодын зах зээлээс гадаад зах зээл рүү хандахад хүргэсэн. Учир нь дотоодын эрэлт маш сул байлаа. Бид хүний нөөцөө хамгийн үр дүнтэй ашиглахыг зорьж, бүс нутагтаа худалдааны суурь болж, мөнгөний урсгалын зангилаа газар байхыг хүсч байна. Бидний зарчим бол хоёр талдаа ашигтай бизнесийн орчныг бүрдүүлж, хүмүүсийг хамтран ажиллахад туслах. Мэдээж мэдлэгийн эдийн засаг, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна” гэжээ.

“Ernst & Young” хэмээх олон улсын компаний хийсэн судалгаагаар 2014 онд Латвийн эдийн засаг 4,4 хувиар, 2015 онд 5,2 хувиар өснө гэсэн тооцоо байна. Компаний шинжээчдийн үзэж буйгаар уг үзүүлэлт гадаадын хөрөнгө оруулалт, экспортын өсөлттэй холбоотой.

“Ernst & Young” компаний шинжээч Г.Кролс: “Латвийн эдийн засгийн прогноз таатай харагдаж байгаа ч нэг зүйлийг мартаж болохгүй. Өсөлтийн үндэс нь төр засгийн ганцаарчилсан тоглолт, санхүүгийн зах зээлийн өөрчлөлт биш, үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээ байх ёстой. Засгийн Газрын хувьд хүмүүсийн хэрэглээ, төсвийн зарцуулалт, үйлдвэрлэгчид технологи, инновацийн ашиглалт, харин иргэд өөрсдийн боловсрол, мэдлэгт анхаарах хэрэгтэй. Хэрэв эдгээрийг тэнцвэртэй авч явж чадвал эдийн засаг алзахгүй” хэмээн хэлжээ.

Өсөлтийн үндэс нь төр засгийн ганцаарчилсан тоглолт, санхүүгийн зах зээлийн өөрчлөлт биш, үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээ байх ёстой

Харвардын их сургуулийн профессор Д.Родрик: “Латви эдийн засгийн сонгодог хямралтай тулгараад зогсоогүй, санхүүгийн секторынхны үлээсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх  хөөс хагарснаас болж эдийн засаг хамгийн их хохирол хүлээсэн. Учир нь мөнгөний хэмжээ бодит үйлдвэрлэлээс зөрсөн. Харин одоо банкны үйлчилгээний зэрэгцээ бараа нийлүүлж буй учир байдал дээрдлээ. Латвид өөрийн онцлог бүхий эдийн засгийн хөгжлийн загвар тогтлоо” гэжээ.

2013 оны тавдугаар сард “PolitiCafe” байгууллагаас Латвийн нийслэл Ригад “Эдийн засгийн хямралыг давсан Латвийн амжилтын түүх” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогсод хямралаас болж ажиллах хүч гадагшаа цагаачилж гарсан нь Латвийн хүлээсэн хамгийн том хохирол гэдгийг онцлов.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой барихын тулд нийслэл болон орон нутгийн хоорондын хүн амын ялгааг арилгах хэрэгтэй. Хүн амын судалгаагаар Ригаас 50 км тутамд хотуудын хүн амын цагаачлал сүүлийн арван жилд таван хувиар нэмэгджээ. Хэрэв тухайн хот нийслэлээс 100 км хол оршдог бол хүн амын 10 хувь хилийн чанадыг зорьсон гэсэн үг. Харин 250 км хол оршдог хотын оршин суугчдын 25 хувь нь цагаачилж гарсан болж таарч байна.

2008 оны есдүгээр сарын 15 нд Америкийн 158 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын банк "Lehman Brothers" дампуурснаар дэлхийн санхүүгийн хямрал үүссэн гэж үздэг. Хэвлэлийнхэн уг өдрийг "хар даваа гараг" гэж нэрлэжээ.

Латви дахь эдийн засгийн хямрал дууссан гэдэг нь хэтэрхий нэг талын хандлага гэж үздэг эдийн засагчид бас бий.

Гэхдээ хэн ч юу ч хэлж байсан Латви хямралыг туулж чадсан нь хөдөлшгүй баримт. Хамгийн сонирхолтой нь хямрал ид гаарч байх үед парламентын сонгууль болж, «бүсээ чангалсан» улс төрийн хүчнүүд ялалт байгуулжээ. В.Домбравскис ахиад л ерөнхий сайд болов. Тэгэхээр сонгогчдын итгэл талаар өнгөрөөгүй бололтой.