Худалдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа
Хуулийн төсөл өргөн барив
2014.03.25

Худалдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Худалдааны тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.03.25/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Худалдааны чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөж байгаа аж.

Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа учир худалдааны бүртгэл, мэдээллийг төрөлжүүлэх, нэгтгэн төвлөрүүлэх, бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэх, судалгаа шинжилгээ, төрийн бодлого шийдвэрт оновчтой ашиглах шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” бүлгийн үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээсэн үүргийн дагуу гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх”, “Эрүүл чийрэг монгол хүн” бүлгийн хүрээнд “Импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх”, “Аюулгүй орчинтой монгол хүн” бүлгийн Нийгмийн аюулгүй байдал дэд бүлгийн хүрээнд “стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих” гэсэн зорилтуудыг тус тус дэвшүүлэн тавьжээ.

Нийгэм, эдийн засгийн дээр дурдсан шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан Монгол Улсын гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь хууль болох Худалдааны тухай хуулийн төслийг есөн бүлэг, 29 зүйлтэйгээр боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.