С.Бямбацогт: Манай нам лав Сонгуулийн хуулийг гацаагаагүй
2011.04.22

С.Бямбацогт: Манай нам лав Сонгуулийн хуулийг гацаагаагүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Танай намын бүлгийн хуралдаан дээр АН-ыг хамтарсан Засгаас гаргах тухай асуудал яригдсан гэх юм. Яг юу болсон юм бэ?

-Бүлгийн хурал дээр Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах уу, гаргахгүй юу гэдэг асуудал ерөөсөө яригдаагүй. Зүгээр Э.Мөнх-Очир гишүүн хамтарсан Засгийн газрыг сайн сайхан л гээд байсан, сайхан юм харагдахгүй байна шүү дээ гэсэн утгатай үг хэлсэн. Бусдаар бол яригдаагүй. Гэхдээ хамтарсан Засгийн газрын тухай яривал бас  асуудал байгаа. Анх хоёр намын амласан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд, Мон-голын ард түмний түүхэн хөгжлийн цаг үед аятай тухтай амьдрах, амьдрал ахуйг нь дээшлүүлэхийн тулд хамтарсан Засгийн газар байгууллаа, их юм хийнэ ээ гэж байсан. С.Баяр дарга ажлаа өгч байх үед бид бас асууж байсан. Ардчилсан намын даргаас л даа. Энэ хамтарсан Засгийн газар чинь үнэхээр ажил хийхийн төлөө байна уу, эсвэл сандал ширээний төлөө, хувааж идэхийн төлөө нэгдчихсэн юм биш үү гэдэг асуудал ярьсан. Тэр үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг "Үгүй ээ, бид одоо сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллана аа. Ажил хийхийн төлөө нэгдсэн, сандал ширээний төлөө нэгдээгүй. Тийм болохоор ажил хийхийн төлөө хамтарсан Засгийн газраас хөөсөн ч гэсэн бид гарахгүй ээ" гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль УИХ-д орж ирээд зургаан сар боллоо. Энэ хугацаанд Ардчилсан намын бүлэг удаа дараа завсарлага авч байна. Өчигдөр хүртэл хуралдаад завсарлага авлаа. Гэтэл хамтарсан Засгийн газар нь 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" гээд зарлачихсан. Энэ  хүрээндээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоё, хууль батлуулъя гээд байдаг. Гэтэл бодлого нь хийж байгаа ажилтайгаа зөрөөд, нөгөө талд нь хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа намынхан нь завсарлага аваад энэ хуулийг явуулдаггүй. Завсарлага авч байгаа шалтгаан нь ерөөсөө нөгөө сандал ширээ хуваах асуудал байгаа. Үүнээс болоод ерөөсөө ажил явахаа болилоо. Ингээд бодохоор нөгөө ажил хийхийн төлөө бус, сандал ширээ хуваахын төлөө л энэ хамтарсан Засгийн газар ажиллаад байгаа юм биш үү гэдэг бидний тухайн үед ярьж байсан асуудал баталгаажиж байна. Хэрвээ үнэхээр ажил хийхийн төлөө бус сандал ширээ хуваахын төлөө байгаа бол энэ Засгийн газар тарах хэрэгтэй.

-Гэхдээ  эцсийн дүндард түмнийхээ ирээдүйгхарвал хамтарсан засгийг дэмжих хэрэгтэй байх.Олон чухал асуудал шийдлээ шүү дээ?

-Ажил хийхийн төлөө,үнэхээр сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө байж байгаа бол, үнэхээр ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө ажиллаж байгаа бол дэмжинэ. Ингээд сандал ширээний төлөө байж байгаа юм шиг, ингэхгүй болно тэгнэ, энэ хуульд заавал Ардчилсан намын хүнийг томилох тухай асуудлыг оруулж өг, тэгэхгүй бол бид завсарлага авна гэдэг байдлаар байвал утга алга. Хэрэггүй гэж бодож байна.

-Ер нь хамтарсан Засгийн газрын сүүлийн гурван жилийн ажлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Төрийн ажил их удаан явдаг юм байна. Миний ойлгож байгаагаар шүү дээ. Үнэхээр энэ хамтарсан засгийн ажил ингэж удаан явдаг юм уу, угаасаа төрийн ажил ийм удаан байдаг юм уу. Би сайн ойлгохгүй байна. Өмнө нь би хувийн хэвшилд ажиллаж байсан. Асуудал эрчтэй, хүчтэй, хурдан л явчихдаг байсан. Гэтэл харж байхад, нэг асуудал шийдчихээд, дараа нь хэрэгжүүлэх гэж, ялан-гуяа хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр Засгийн газар үнэхээр удаан ажиллаж байна. Томоохон олон олон асуудлыг шийдэх гэж оролдсон. УИХ-ын бид Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал бүрийг маш хурдан, шуурхай шийдвэрлэж өгдөг. Гэтэл хэрэгжилт дээрээ очоод усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Ийм л байдалтай байна.

-Одоогоор усанд хаясан чулуу болчхоод байгаа ямар асуудал байна?

-Тухайлбал, урт нэртэй хууль байна. Батлаад бараг хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Хэрэгжсэнгүй. Тэр байтугай энэ хуулийг одоо хүчингүй болгох асуудлыг Засгийн газар өөрсдөө зохион байгуулаад, санаачлаад явж байна шүү дээ. Хууль өөрсдөд нь таалагдахгүй, санаанд нь нийцэхгүй бол хуулийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэх нь бүү хэл буцаагаад өөрчлөх асуудлыг яриад явж байдаг. Бид Хөгжлийн банк байгуулаад, том том хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэлээ. Хөгжлийн банк байгуулагдах гээд бүтэн хоёр, гурван сар болж байна, байгуулагдсангүй. Оюутолгойн гэрээг засаж сайжруулах үүргийг өгчихөөд байж байна. Одоо болтол хийгдэхгүй, хэрэгжихгүй л байна. Гэх мэтчилэн ярих юм бол олон жишээ байгаа.

-Сонгуулийн хуулийн талаар та юу гэх вэ. Анх хоёр нам хамтрахдаа л сонгуулийн хуулиа өөрчилнө гэж байсан шүү дээ. Одоо болтол байдаггүй?

-Энд ерөөсөө хоёр асуудал байгаа шүү дээ. Тогтолдоо. систем нь ямар байх юм. Пропорциональ байх уу, мажоритар байх юм уу, холимог уу гэдэг нь чухал уу, эсвэл сонгуулийн процесс ямар байх вэ. Процедур нь ямар байх юм, сонгуулийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой, санал хураахаас бусад үйл ажиллагаа нь. Санал хураалтын дүн үнэн, шударга гардаг байх ёстой. Тэнд ямар нэгэн булхай, луйвар орохоос хамгаалагдсан, хэрвээ орсон байвал хуулийн маш хатуу хариуцлагатай байх ёстой гэдэг асуудал.Тэгэхээр нэг талаасаа тогтолцоо, систем, нөгөө талаасаа процедур. Үүн дээр бид ярих ёстой. Өнөөдөр сонгууль яагаад будлиад байгаа юм. Систем нь муу байна гэдгээсээ илүү миний ойлголтоор процесс, процедурын асуудал байгаа. Сонгууль шударга явагдахгүй байна, тооллого будлиантаж байна, сонгуулийн үед хууль бус сурталчилгаа хийж байна, сонгуулийг будлиантуулсан этгээдэд хариуцлага тооцохгүй байна гэдэг асуудал дээр л ард түмэн бухимдаж байна. Түүнээс биш тогтолцоо систем гэж ярихгүй байгаа биз дээ.Тиймээс миний хувьд сонгуулийн хууль тийм, ийм байх ёстой гэдгээсээ илүү эхний ээлжид сонгууль, сонгуулийн сурталчилгаа шударга болдог, сонгууль будлиантуулсан нөхөрт хатуу хариуцлага тооцож чаддаг байх ёстой.

-Одоо ер нь ямар шатандаа яваа юм бол.Сонгуулийнхуулийг аль нам нь гацаагаад байгаа юм бэ?

-Энэ оны нэгдүгээр сард манай намын удирдах зөвлөл дээр сонгуулийг холимог системээр явуулъя гээд шийдвэр гаргасан. Тэр байр суурь хэвээрээ явж байна. Д.Лүндээжанцан даргын ахалсан ажлын хэсэг сонгуулийн хууль өргөн барьчихсан байж байгаа. Ингээд хараад байвал манай намд энэ хуулийг тэгж удаагаад, уяад байх сонирхол байхгүй. Чухам хаана, юун дээрээ, яагаад гацаад байгааг би сайн хэлж мэдэхгүй байна. Удирдах зөвлөл бодлогоо гаргаад тогтоочихсон. Энэ шийдвэрийг гаргатлаа бид олон удаа нам, бүлэг дээрээ энэ асуудлыг ярьсан. Одоо манай бодлого бол тодорхой байж байгаа шүү дээ.

-Тэгэхээр та холимог тогтолцоог дэмжиж байгаа хэрэг үү?

-Удирдах зөвлөлийн байр суурь тийм байгаа. Миний хувь хүний байр суурь гэх юм бол тогтолцоо хамаагүй. Тэртэй тэргүй үнэхээр зөв, шударга үйл ажиллагаагаа явуулж байх юм бол ямар ч тогтолцоо, ямар ч системтэй үед хүн гарч ирж чадах байх. Тийм болохоор би ийм байвал надад ашигтай болов уу, холимог, мажоритар, эсвэл пропоциональ ч юм уу Тэр нь байвал надад ашигтай байх гэж сонгуулийн  систем,тогтолцооны хойноос гүйхгүй байгаа. Аль ч тогтолцоо,аль ч системийнх нь  үед ажиллаж болох л байх.

-Наад шударга гэдэг нэрийн дор чинь хоёр нам амлалтаасаа ухрах гээд байгаа юм биш үү. Нэг ёсондоо тогтолцоондоо гол асуудал нь биш гэж байгаад сонгуулийн хуулийг өөрчлөхөөсөө татгалзаж, бүр цаашлаадхуучны мажоритар систем рүүгээ орох нь гэх хардлага байна?

-Тийм асуудал яригдах байх. Мэдээж эхний  ээлжид  таг зогсож байхаар зарим асуудлаа шийдэж л байя. Бага багаар, алхам алхмаар ахих л хэрэгтэй.Тэгэхгүй нэг мөсөн бүгдийг нь шийднэ гээд  л гацаад, хүлээгээд байх хэрэггүй шүү дээ. Иймэрхүү байдалтай удлаа.Тэгэхээр тодорхой асуудлуудыг нь бага багаарч гэсэн шийдээд явж байя, шийдэж чадахгүй,ойлголцож чадахгүй байгаа асуудлаа үлдээгээд яваад байя.Тэгж байгаад тодорхой асуудал шийдэж байх үед тэр асуудал нь аяндаа шийдэгдээд, зөвшилцөлд хүрчих ч юм бил үү.Тийм болохоор ойлголцолд хүрэхгүй асуудлаараа урдаа бамбай барьчхаад бусад бүх асуудлыг зогсоогоод  байгааг буруу гэж бодож байна.

-Гэхдээ аливаа асуудал урагшилж байх ёстой биз дээ. Гэтэл хэлэлцэж байгаа дүр эсгэж байгаад эргээд мажоритараар үлдээнэ гэдэг чинь ухралт гэж ойлгож байна. Хоёр нам яг ийм , сонирхолтой байгаа гэх "бор шувуу" нисээд байна?

-Яг үнэндээ би сонгуулийн хуулийг нэг их сонирхохгүй байгаа. Тиймээс наад асуудлаар чинь би тэгэх гэж байгаа юм байна, ингэх гэж байна гэж хариулахад хэцүү байна. Энэ яах гэж байна вэ гээд хүмүүсээс асуугаад, гүйгээд байгаа юм байхгүй болохоор шүү дээ. Яг энэ талаар мэдээлэл надад алга.

-Хаврын чуулган  эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.Та хувьдаа ямар асуудлаар гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна даа?

-Энэ хаврын чуулганы нэг том асуудал нь алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл. Үүн дээр би нэлээн анхаарал хандуулж ажиллаж байгаа. Бид энэ асуудлыг анхаарах ёстой. Яагаад гэвэл Улаанбаатар хотын утаа, замын түгжрэл, хөрсний бохирдол, гэмт хэрэг, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээгүй байдал гээд. Энэ бүхэн юунаас болж байна вэ гэхээр хэт төвлөрлөөс бий болж байгаа. Хэт төвлөрлийг задлах нэг боломж нь юу вэ гэхээр хөдөөд ажиллаж амьдарч байгаа ард иргэдээ тодорхой хэмжээний эдийн засгийн хөшүүргээр дэмжих. Ингэж байж, Монголчууд өргөн уудам нутагтаа аятай тухтай амьдрах, Улаанбаатар хот руу тэмүүлэх тэмүүлэл багасна. Үүнийг шийдэхийн тулд бүсийн нэмэгдлийг үе шаттайгаар тодорхой тодорхой асуудлаар шийдэх ёстой гэж үзэж байгаа. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэж хууль байгаа, миний. Энэ хуулийг би явуулах ёстой. Өнөөдөр эх орны хишиг олгож байна, эх орны хишиг олгож байгаа процедур маань зөв байна уу, буруу байна уу. Үнэхээр бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн, улам халамжийн шинжтэй болоод байгаа юм биш үү. Яаж үүнийг ажлын байр бий болгох, хүнийг ажил хийх хүсэл тэмүүлэлтэй болгох, орлоготой, өмчтэй, ажилтай болгоход чиглүүлэх вэ гэдэг дээр тодорхой асуудал төлөвлөж байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай гээд бас анхаарал татсан хуулийн төслүүд байна?

-Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хууль, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль гээд яг тодорхой салбарын асуудал байна. Тэр бүхэнд би нэг их төвлөрч ажиллаж чадахгүй байна. Эдийн засгийн, нийгмийн бодлогын чиглэлийн тухай хуулиудад голчлон анхаарч байгаа. Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Халамжийн хууль гээд үндсэндээ манай нийгмийн салбар дахь хамгийн чухал хуулиудыг бид хаврын чуулганаар батлах ёстой. Тэгж чадвал нэлээн том ахиц, дэвшлийг бий болгож чадна. Эдийн засгийн чиглэлээр гэвэл Компанийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, түрүүний хэлдэг Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, нийгэм эдийн засгийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл гээд хоёр том баримт бич-гийг батална. Засгийн газрынхаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгнө. Гэх мэтээр нийгэм, эдийн засгийн чухал чухал асуудал бий. Энэ хаврын чуулганаар зөв хэлэлцэж, зөв шийдэж чадвал Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нэлээн том өөрчлөлт авчрах хуулиуд байгаа. Сонгуулийн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулиуд бол улс төрийн амьдралд нэлээн том өөрчлөлт авчирна. Ингээд багцалж хэлбэл томоохон асуудлуудыг шийдэх ач холбогдолтой чуулган болно байх.

-УдахгүйТавантолгойн асуудал эцсийн хувилбараараа Засгийн газраас орж ирнэ байх.Та хэрхэн харж байгаа вэ, энэ асуудлыг?

-Хоёр жилийн өмнө бид Оюутолгойн гэрээг баталж байсан.Тэр үед бид харьцангуй туршлага багатай, тухайн үеийн нөхцөл байдал ч өөр байлаа. Тэрнээс хойш монголчууд олон улсын зах зээл дээр хувьцаа гаргаж, IРО хийж, хөрөнгө татдаг болж байна. Ер нь байгалийн баялгийг яаж үнэлэх, ашиглах, яаж ард иргэддээ үр өгөөжтэй байлгах ёстой юм гэдэг дээр маш их туршлага судаллаа. Биеэрээ мэдэрлээ. Юун дээр алдав, юун дээр онов гэдгийг харлаа. Тийм болохоор Таван толгой дээр бид харьцангуй бага алдах байх. Алдаа багатай гэрээ хийгдэх болов уу.Таван толгойг үнэхээр Монголын ард түмэнд өгөөжтэй байлгахын төлөө бид ажиллах ёстой.

-Хөрөнгө оруулалтын банкнуудыг сонгоод багагүй хугацаа өнгөрлөө.Та эдийн засагч хүний хувьд эдгээр банкнуудыг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Үнэхээр дэлхийн хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарт тэргүүлдэг 16 банк Монгол Улсад ирсэн. Монголыг шал өөр байдлаар харж, шал өөр байдлаар мэдрээд явсан. Эндээс харж байхад Хөрөнгө оруулалтын банкнуудыг би муу гэж хэлэхгүй.Яах аргагүй дэлхийд тэргүүлдэг. Бид бас бүх зүйлийг муу талаас нь хараад байж болохгүй шүү дээ. Яах аргагүй дэлхийд тэргүүлдэг 16 банк байсан.Тэндээс гурав нь шалгарсан байна лээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.