Хадны завсар хавчуулагдсан хүнс үйлдвэрлэгчид
Хүнсний салбар нь Монголын эдийн засгийн стратеги салбар юм.
2014.03.26

Хадны завсар хавчуулагдсан хүнс үйлдвэрлэгчид

Vip76.mn сайтаас Монголын Хүнсчдийн Холбоотой хамтраад “Хүнс үйлдвэрлэгчдэд учирдаг саад бэрхшээл” сэдвээр үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зарим байгууллага болон уншигчдын дунд  онлайн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд нийт 28 үйлдвэрлэгч, хүнсний салбарын мэргэжилтнүүд ярилцлага өгч, санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн ШӨХТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл хэлэлцүүлэгт өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Үйлдвэрлэгчдийн эсрэг сөрөг мэдээлэл тарааж, мөнгө нэхдэг үзэгдлийн талаар тусгай нийтлэл бичиж, Цагдаагийн ерөнхий газраас тодруулга авав. Үйлдвэрлэгчдийн яриа, хүнсний мэргэжилтнүүдийн ирүүлсэн санал бодлоос дүгнэхэд Монголын хүнсний салбарт дараах асуудлууд хамгийн ихээр тулгамдаж байна.

Хэдийгээр хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагч шат шатандаа хариуцлага хүлээнэ гэж заасан ч бодит амьдрал дээр үйлдвэрлэгчид бүх хариуцлагыг үүрч буй нь хууль  нэг талдаа үйлчилж байгааг үйлдвэрлэгчид онцоллоо.

Үйлдвэрлэгч болон брендийн нэр хүндэд санаатай халдах, үйлдвэрлэгчдээс мөнгө нэхэж дарамталдаг үзэгдэл газар авсаар байна. Монголын олонхи хүнс үйлдвэрлэгчид ийм дарамтанд өртсөнөө ярьж байлаа. Монголын эдийн засагт үүссэн энэхүү гаж үзэгдэл цаашид үргэлжилвэл үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд сөргөөр нөлөөлөх дүр зураг харагдаж байна.

Монгол улс өнөөг хүртэл худалдааны тухай хуульгүй явж ирсэн. Тиймээ худалдааны байгууллагууд үйлдвэрлэгчээс авсан бараандаа хариуцлага үүрдэггүй бөгөөд эрүүл, аюулгүй байдлын горимыг зөрчсөн ч эцсийн хариуцлага үйлдвэрлэгч дээр ирдэг.

Түүхий эд импортлоход хяналтын олон шат дамжлагаар ордог нь үйлдвэрлэгчийн зүгээс ихээхэн цаг хугацаа, зардал мөнгө шаарддаг байна.

Монголд хэрэглэгчийн боловсрол маш доогуур байна.

Ихэнх хэрэглэгч аливаа бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа шалгадаггүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэлд итгэдэг. Төрийн зүгээс хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дорвитой алхам хийхгүй байгааг үйлдвэрлэгчид шүүмжилж байна.

Харин хэлэлцүүлэгт оролцсон ШӨХТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид дээр дурьдсан асуудлуудаар өөр байр суурьтай байна. Ялангуяа хууль ёсны байгууллагад хандалгүй санаатайгаар үйлдвэрлэгчийг дарамталдаг үзэгдлийн талаар ШӨХТГ ямар ч мэдээлэлгүй байдаг нь харагдлаа. Цагдаагийн Ерөнхий Газраас өмнө нь үндэслэлгүй мэдээллээр шантаажилж үйлдвэрлэгчээс мөнгө нэхсэн хэрэг олонтаа гарч байсан тухай мэдээлж байна. Ер нь үйлдвэрлэгчдийн зүгээс ийм гомдол байнга ирдэг бөгөөд одоо ч гэсэн ийм нэгэн хэргийг шалгаж байгаа юм байна.