Монголын хүнсчдийн холбооны 6-р их хурал болж өнгөрлөө
2014.03.31

Монголын хүнсчдийн холбооны 6-р их хурал болж өнгөрлөө

 Энэ салбарт шинэ технологи, олон улсын стандартыг тодорхой хэмжээгээр нэвтрүүлж байгаа. Энэ бүгдийн илэрхийлэл гэж Монголын хүнсчдийн холбооны 6-р их хурлын зарим төлөөлөгчид хэлж байлаа.

Монголын хүнсчдийн холбооны 6-р их хурал болж өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнан ирэх 4 жилд хийх ажлаа төлөвлөлөө. Холбооны ээлжит их хуралд 200 орчим төлөөлөгчид оролцож байгаагийн 80-аад хувь нь хөдөө орон нутгаас хүрэлцэн иржээ. Хөдөө орон нутагт хүнсний боловсруулах үйлдвэрийн хөгжил өмнөх 4 жилтэй харьцуулахад хэрхэн хөгжсөний илэрхийлэл гэж хэлж байлаа. Нөгөөтэйгүүр 2012 онд хүнсний хуульд нэмэлт өөрчлөлт оруулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуультай болоход Монголын хүнсчдийн холбоо голлох үүрэг гүйцэтгэснээ холбооноос хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэгээр нэрлэж байна.

Монгол улсын Шадар сайд, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Тэрбишдагва:  Хүнсчдийн холбоонд элсэх гишүүдийн тоо нэмэгдэж нийтдээ 128 үйлдвэрүүд хүнсчдийн холбоонд нэгдлээ. Ингээд үзвэл бид ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах, сургалт семинарыг зохион байгуулах,  өнгөрсөн 4 жилд хүнсний тухай хуулийн эрх зүйн орчны таатай нөхцөлийг бий болгох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийг явуулах, дотооддоо харилцан бие биеэсээ суралцах, дэлхийд хамгийн чухал системийг нэвтрүүлэх, гээд үзвэл хүнсний үйлдвэрт өнгөрсөн хугацаанд ололт амжилтаар дүүрэн жил байлаа.

Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид орчин үеийн техник технологийг боломжийн хэмжээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг. Тухайлбал: Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9000 стандартыг нэвтрүүлсэн үйлдвэр хэд хэд байгаа. Цаашлаад хүнсний аюулгүй байдлын ISO 21000-ыг нэвтрүүлсэн ч  байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь дэлхийн жишгээр эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд хүргэж чадаж байна гэсэн баталгаа юм.

МХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Янжин:   “Чанарын удирдлагын системийг нэвтрүүлэх ажил нэлээд шийдвэртэй тавигдаж байна.  Энэ нь гарцаагүй хийгдэх ёстой. Ялангуяа хүнс үйлдвэрлэгчид үүнийг хийхгүйгээр би эрүүл хүнс үйлдвэрлэж байна гэхэд хэцүү. Энд маш олон үйлдвэрүүд бэлтгэл ажил дээрээ явж байгаа. Энэ бол манай хүнсний үйлдвэр хөгжих, хөгжихдөө эрүүл баталгаатай хүнсийг хэрэглэгчид идэх баталгаа бүрэн хангагдаж байна. Үүний үндэс суурь аль хэдийн тавигдчихсан гэж бодож байна.”

Дэлхийн хүнсний чиг хандлага байгалийн гаралтай буюу органик хүнсэн дээр төвлөрөх болсон. Манай улс ч энэ жишгээр цаашдаа хөгжлөө тодорхойлж байна. Ялангуяа Монголын хүнсчдийн холбооны зүгээс гол бодлогоо органик хүнсэн төвлөрүүлэх юм. Мөн МАА, газар тариалангийн баялаг ихтэй манай улсын хувьд ийм төрлийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах, дэлхий нийтэд таниулах чиглэлээр ажиллах томоохон төлөвлөгөөтэйгөөр Монголын хүнсчдийн холбоо ажиллах юм.