Төв аймгийнхан үнэт зүйлээрээ гайхууллаа
Төв аймгийнхан үнэт зүйлээрээ гайхууллаа
2014.04.01

Төв аймгийнхан үнэт зүйлээрээ гайхууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" уриан дор Хүнс Хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн үндэсний зөвлөлгөөн Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 27-нд болж өнгөрлөө.

"Хамтдаа хөгжье" уриан дор болсон эл зөвлөлгөөнд газар тариалан, төмс, хүнсний ногоо сүү, мах, малын үржлийн чиглэлийн ажилтнууд, гахай тахиа, зөгий үйлдвэрлэгчдээс гадна жимс жимсгэнэ тариалагсад, хүнсний салбарын бизнесийн хүрээнийхэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан ахмад хөдөлмөрийн алдартнууд хүнс, хөдөө аж ахуйн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын ажилтан албан хаагчид оролцсон нь энэ салбарын хөгжлийн ирээдүйг итгэлтэй, өөдрөгөөр харах боломжийг бий болгосон юм.

Дэлхийн хүн амын   өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээ ихэссэнээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хий асар ихээр нэмэгдэж, дулааралт эрчимтэй  явах болсон. Манай оронд ч ялгаагүй 1976 оноос хойш уур амьсгал хурдтай өөрчлөгдөж, нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, гадаргын усны нөөц хомсдон малын бэлчээр нутаг хумигдаж, ган зудны давтамжаас үүдэх гарз хохирол нэмэгдсээр.

Хүн амын 30-40 хувь нь ядуурлын түвшинд хүрч, амьдралаа чадан ядан залгуулж байна. Байгаль дэлхий цаг агаарын өөрчлөлтөд нэрвэгдэхийн хэрээр байгалиас хүний хүртэх өгөөж төдий хэмжээгээр буурч байгаа нь хүнсний хангамжинд муугаар нөлөөлөх болжээ.

Өнөөдөр дэлхий дахинаа 300 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай байгаагийн дээр хүнсний хомсдолыг 50 хувь бууруулах зорилт 2030 он хүртэл шийдвэрлэх боломжгүй байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тэмдэглэсэн байна. Экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх, байгаль орчныг хамгаалах, хүнсний хангамжийг сайжруулахад том аж ахуйн нэгжүүдээс гадна мал, газартай бүхий иргэд, өрхийн аж ахуй эрхлэгчдийн оруулж буй хувь нэмэр агуу билээ.

Тус зөвлөлгөөнд Төв аймгийнхан зөгийн балтай хөөрүүлсэн цэвэр сүү, дөнгөж бүрсэн элгэн тараг, ямааны цөрөм, хайлмагтсан хайлмаг, шинэхэн чацарганы  сироп, ундаа болон Мөнгөн морьтын цөцгий мэхээртэй тос, мэрүүш  брэнд болсон төмс, артишокны  ундаа, цагаан идээгээр оролцлоо. Тухайлбал, Монгол Улс газар тариалангийн үйлдвэрлэлээрээ мянган 378,9 тн үр тариа 189,7, мянган тн төмс 63,8 тн хүнсний ногоо хураан авчээ.

Газар тариалангийн бүтээгдэхүүний 80 шахам хувийг хувийн хэвшил дангаараа үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон улсад бэлтгэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний талаас 86,4 гаруй махны 80-90 хувь, тахианы махны 20-30 хувь, өндөгний 50 шахам хувийг нийлүүлж байгаа нь Монголын Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн гишүүдийг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх үндсийг бүрдүүлж байгаа бөгөөд төр засагтаа үндэсний аюулгүй байдлыг хангаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн "Том төрөөс -ухаалаг төр рүү " гэсэн санал санаачилгыг дэмжиж, иргэн бид хийж чаддаг, харин төр жинхэнэ бүтээлч иргэнээ дэмжиж урамшуулж чадвал хэнээс ч хараат бус байх боломж бүрдэнэ.

Дэлхийн олон орон, түүний дотор хөгжингүй орнууд цаашлаад Европын холбоо фермерийн аж ахуй, өрхийн тариаланг дэмжих замаар хүнсний хангамжийг сайжруулах нь зүйтэй гэсэн шийдвэр хүртэл гаргаад байна. Төв аймгийнхан монголчуудын олон зуун жил хийж бүтээсэн мал аж ахуйн уламжлалт 17 сумын 48 нэр төрлийн бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэнд амжилттай  оролцож, тэргүүн байр эзэлсэн төдийгүй мал аж ахуйн жишээг бодитоор харуулж чадлаа. Тус арга хэмжээнээс дараах зүйлүүдийг шийдэх шаардлагатай гэж үзлээ.

Үүнд, Бага газартай тариаланч, ногоочид, өрхийн аж ахуйг дэмжлэгт хамруулах, ургацаар барьцаалсан зээл олгох, хөдөлмөр, техник, хүчээрээ хамтран нэгдсэн зохион байгуулалтад орох нөхцөл бололцоог хангах, газар тариалангийн салбарт ажиллагсадад малчдын нэгэн адилаар мэргэшүүлэх давтан сургах, шинэ үеийн газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллагсдыг бэлтгэх, сургалтын зардлыг төсөвт тусгах, төрийн зарим үүргийг Иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

Төв аймгийнхан монголчуудын олон зуун жил хийж бүтээсэн мал аж ахуйн уламжлалт 17 сумын 48 нэр төрлийн бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэнд амжилттай  оролцов.

Өрхийн аж ахуйн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчидтэй холбогдох, шат дамжлагыг цөөлөх, зохистой системийг бий болгох, аймгуудын нэрийн борлуулалтын нэгдсэн захыг  Улаанбаатар болон томоохон төв суурин газруудад нээх, мах төмс, хүнсний ногоо зэрэг гол нэрийн түүхий эд, бүтээгдэхүүний хуваарилалт, борлуулалт  "дамын наймаачид, ченж"-үүдийн мэдэлд орсон байгааг цэгцлэх, тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Иргэд, өрхийн аж ахуйн болон аж ахуйн нэгж, ТББ-уудад төмс хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр газар эзэмшүүлэх ажлыг бодлогоор зохицуулах, Монголын нөхцөлд ургах сайн чанарын үр бордоогоор хангах.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг Монголын нийгмийн амьдралын үндсэн салбар болохын хувьд ямагт тэргүүн ээлжинд хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлан зарим бүс нутгийг улс үндэстний хоол хүнсний стратегийн хэмжээнд чухалчлан авч үздэг байлгах

Монгол орны байгаль цаг уурын онцлогийг ашиглан жимс жимсгэнэ түүний дотор чацаргана тариалах идэвх санаачилгыг бодлогоор дэмжих, зөгий аж ахуйг өргөтгөн сайжруулах гахай, тахиа, туулай үржүүлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийн сангаас тусгайлан дэмжлэг туслалцаа үзүүлэх. Газар тариалан, хүнсний ногоо, сүү мах үйлдвэрлэлд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогоор хөрс ус, хүрээлэн байгаа орчныг тогтвортой хөгжлийн  үндэс болгох талаар менежментийн оновчтой шийдэлд хүрэх.

Монгол оронд нийт эм малынхаа сүүг бүрэн ашиглаж чадвал 650,0- 900,0 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг олох боломж байгаа ч багахан хувийг нь ашиглан хэрэглээний хүрээнээс гарч чадахгүй байгааг арилгаж, хөдөөд 12,0-13,0 мянган малчдыг зуны хугацаанд 1-2 сар цалинжуулж, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж иргэдээ эрүүлжүүлэх бодлого боловсруулах.

Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд өөрсдийн хүч нөөцөд тулгуурлан монгол хүний хийж чаддаг уламжлалт ба шинэ технологийн  брэнд бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд таниулах, иргэдийг түүнд суралцуулах дадлагажуулах, хүч хөдөлмөрөө нэгтгэсэн менежментийн багийг бүрдүүлэх нөхөрлөл, хоршоо бүлэг байгуулан хамтын хөдөлмөр, хүчний давуу талыг иргэдэд мэдрүүлэх талаар хамтран ажиллах сав баглаа боодол стандартын асуудлыг шийдвэрлэх

Хүрээлэн байгаа орчноо эзний ёсоор хайрлаж, байгалийн унаган төрхийг сэргээх хөрсний эвдрэлийг зогсоох хамгаалах ,мод бут тариалах, ногоон байгууламжийг бий болгож , эзэнжүүлэх , аливаа байгалийн иж бүрдэл орлогын золиос болохоос хамгаалах хашаатай айл өрх бүрийг амьдралын ногоон орчинтой болгох түүнд ус ногоон тарьц үр бордооны туслалцаа үзүүлэх

Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ногоон амьдрал хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үр өгөөжөө өгөх төсөлд түлхүү зарцуулах

Эх орон нутаг усныхаа байгалийн баялаг, газар шороо эрдэнэт мал сүрэг хөдөлмөр бүтээлээр бий болгосон бүхнээ хайрлан дээдэлж, бахархан хүндэлж бид бүхний хийсэн бүтээснээр Монгол орон дэлхийд эрүүл энх сайн сайхан амьдарч байгаа гэдгийг мэдрүүлж, ухамсарлуулан  экологийн шинэ цэвэр бүтээгдэхүүн хоол хүнс хэрэглэх үйлсэд гар сэтгэл нийлэн үлгэрлэн ажиллаж амьдарцгаая гэж уриалмаар байна.