Хотын мөрөөдөл хөдөөгийн хөрсөнд соёолов
Хотын мөрөөдөл хөдөөгийн хөрсөнд соёолов
2014.04.01

Хотын мөрөөдөл хөдөөгийн хөрсөнд соёолов

Орчин үеийн. амьдралын хэв маяг Улаанбаатар хотоос алс, хөдөөд биеллээ олов. Учир нь, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад "Шинэ сум" төсөл хэрэгжиж инженерийн шугам сүлжээнд холбогдсон Канад технологийн байрууд оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болжээ.

Хот, хөдөө хосолсон анхны хоёр сумын ажлын үр дүнг үзэхээр УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаар ахлуулсан албаны хүмүүс, сэтгүүлчид тус сумдыг зорьсон бөгөөд хуучин сумыг шинээр солих түүхэн цаг үеийн гэрч болов. Тиймээс хөдөөд соёолсон хотын мөрөөдөл юу байв гэдгийг дор сийрүүлэн хүргэе.

 Сум буюу улсын харуул

Улаанбаатарчууд өөрсдөөсөө бусдыг    улаан хацартай  "хөдөө" гэж нэрлэх дуртай. Орчин үеийн техник, технологио эхлээд улаанбаатарчуудын өмсч зүүж байгаа нь орон нутгийн иргэдээс эрс өөр учраас хот, хөдөөгийн ялгаа өнөөдрийг хэлбэл өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийг "хөдөөний" гэж гойчлох нь орон нутгийн хөгжил хэдийнэ хоцрогдсоныг бүрэн илтгэх бүдүүлэг ч үнэн үг. Гэтэл манай улсад хөгжлөөрөө хэт хоцорсон 330 орчим сум өнөөдөр үүсээд буй бодит аюул мөн. Үүнийг морь унаж, мал хариулсан залууг мянга гаруй км зам туулахдаа нүдээ ширгэтэл хайсан бидний аялал нотолно.

Говь, тал, хангай хосолсон Баянхонгор аймагт малчид уналгандаа морь биш мотоцикль хэрэглэж, гэрт биш байшинд амьдарч байгаа нь нүүдэлчин удам татарч байгаагийн бас нэг баталгаа. Сумдын дэд бүтэц, амьдрах орчин зэрэг уналтад орж, хүүхдүүд сум гэхээс хотын бараа харах мөрөөдөлд автжээ.

Яг л хуучны киноны кадар шиг бүрэлзсэн, тасалдсан амьдрал сумдад үргэлжилж байна. Гэтэл сум гэх жижигхэн засаг захиргааны нэгж нь өргөн уудам газар нутагтай манай улсын манаачийн үүргийг давхар гүйцэтгэдэг чухал нэгж. Товчхондоо, тэд монголчуудын өв  соёлыг бүрэлдүүлдэг хамгийн бага нэгж хийгээд улс орондоо эзэн сууж буй хамгийн сүүлчийн нүүдэлчид. Гэвч    жижиг  даргын том зангаас, том засгийн жижиг алдаанаас үүдэн сумдад хүн тогтох бус сумдаас хүн зугтаах байдалтай бид нүүр тулаад байна. Гэхдээ эзгүй хээр талд салхи эргэв.

 Бүтэхгүй амлалт

 Одоогоос хэдэн жилийн өмнө "Шинэ сум" төсөл хэрэгжинэ гэхэд эх орон даяар инээдэм болж байв. Шавар тааз босгож чадахгүй байж сум барих мөрөөдөл хол хэвтэнэ гэсэн басамжлал хаа хаанаа л байсан. Энэ үед "Манай сум гоё болно" гэж цээжээ дэлдэж чадаагүй ч "бүтэхгүй амлалт"-д битүүхэн итгэж, горьдлого тавьсан нь Баянлиг болон Бууцагаан сумын иргэд байв.

Тэд өнөөдөр бахдалтай сууж байна. 10-хан сарын өмнө хоосон байсан хөндийд жижигхэн хот босч, эрүүл мэнд, сургууль, дотуур байр гээд орчин үеийн шаардлага хангасан 10 гаруй объектыг тэд мөрөөдөх биш өдгөө өөрсдөө үйлчлүүлж байна. Үүнийг сумын иргэд "Бүтэхгүй амлалт гэж үгүй, гагцхүү бүтээх сэтгэл дутагдаж байсныг харууллаа" хэмээн товчхон дүгнэв.

Гэхдээ энэ дүгнэлтээс илүүтэй нутагтаа эргэн ирж, бууриа зассан залуу бүтээн байгуулалтын  үр дүнг  биеэрээ харуулсан юм. Түүн шиг нутагтаа эргэн ирж, бүтээн байгуулалт дагаж өссөн ажлын байранд ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэн олон болсныг ч Засаг дарга нь хэлж байв.

10 аравдахгүй, 20 хорьдохгүй

 Тус сумдад хийсэн бүтээн байгуулалт нийтдээ 29.6 тэрбум төгрөг бөгөөд Баянлиг суманд 14.7 тэрбум, Бууцагаан суманд 14.9 тэрбум төгрөгөөр 12 объектыг 10-хан сарын дотор ашиглалтад оруулсан. Энэ тоо бол нэг тэрбум төгрөгөөр байшингийн суурь цутгадаг өнөө үед манай улсын түүхэнд байгаагүй бага мөнгөөр их бүтээн байгуулалт хийж чадсан түүх болон бичигдэнэ.

Харин сумдын хүн ам 4500- 3500 болтлоо буурсан гэх тоо бий. Гэхдээ "Шинэ сум" төслийг хүн ам өснө хэмээн тооцоолж хүчин чадлыг нь нэмжээ. Тухайлбал, 400-500 хүний хүчин чадалтай спорт, соёлын ордон, 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 20 ортой эмнэлэг, 180 ортой дотуур байр, усан сан, халаалтын зуух, цахилгаан дэд өртөө, 200 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, цэвэрлэх' байгууламж, үерийн усны далан, авто зам, зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргийг жишиг болгон бүтээн байгуулсан байв.

Үүнийг Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс "Шинэчлэлийн Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл бол "Шинэ сум" төсөл юм.УИХ, Засгийн газар энэ онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам,. сүлжээг барьж байгуулахаар 80 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй" гэсэн юм. Энэ бол хөдөө нутгийг эзгүйрэхээс хамгаалах, төв суурин руу чиглэх нүүдлийг сааруулах "Шинэ сум" төслийн эхний шат амжилттай дууссаны баталгаа юм.

Канад мод

 Шинэ сумыг цемент цутгаж аль эсвэл тоосго өрж хийгээгүй нь барилгын чанар болоод өртөгтэй шууд холбоотой. Учир нь, Канад технологийн модон барилгын материал чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хоргүй, 70-100 жилийн насжилттай. Манай улсад энэ төрлийнтехнологи байдаггүй бөгөөд модоо Канадаас авчирч БНХАУ-д боловсруулан оруулж ирсэн юм. Мөн эрс, тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд чанараа алдахгүй гэдэгт Канадын тал баталгаа өгч байна. Тиймээс шинэ сумын иргэд хотын амьдрах нөхцөлөөс дутахааргүй орчинд сэтгэл өег амьдрах цаг иржээ.

Үргэлжлэл бий