6 настай хүүхдийг сургуульд оруулснаар хөдөө орон нутагт олон асуудал үүсгэж байна
2014.04.08

6 настай хүүхдийг сургуульд оруулснаар хөдөө орон нутагт олон асуудал үүсгэж байна

Сургуульд орох хүүхдийн нас 6 болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Төлөвлөсний дагуу үр дүн дагуулж байгаа гэдэг тайлан энэ шийдвэрийг дагалдаж байгаа ч хөдөө орон нутагт зарим хүндрэлийг дагуулж эхэлсэн талаар  Хөвсгөл аймгийн малчид хэлж байлаа.

Тодруулбал малчдын тухайд энэ шийдвэртэй уялдуулан төврүү хошуурах нь нэмэгдэж байгаа гэдгийг хэлж байна. Сургуульд элсэх насыг 6 болгон өөрчилснөөр хэд хэдэн чиглэлд ашиг тусаа өгч байгааг салбар яамнаас мэдээлж байдаг. ОУ-д мөрдөж байгаа жишиг, стандартыг дагавал хүүхдийг энэ насанд нь ерөнхий боловсролд хамруулах нь хамгийн оновчтой шийдэл гэгдэнэ. Гэхдээ энэ нь төв суурин газарт л хэрэгжүүлж болох талаар яригдаж эхэлсэн байна.

Аймаг сумын төвөөс алслагдсан малчдын хувьд хүүхдүүдээ энэ насанд нь сургуульд элсүүлснээр олон хүндрэл дагалдаж эхэлсэн.

Нэг үгээр ОУ-ын стандарт манайх шиг нүүдлийн МАА зонхилсон оронд төдийлөн зохихгүй гэдгийг хэлж байна. Аймаг сумын төвөөс алслагдсан малчдын хувьд хүүхдүүдээ энэ насанд нь сургуульд элсүүлснээр олон хүндрэл дагалдаж эхэлсэн гэнэ. Наанадаж залуу малчдын хувьд үүнтэй холбоотойгоор буюу үр хүүхдийнхээ боловсролд анхааран төв бараадах нь нэмэгдсэн талаар иргэд хэлж байв. Цаашлаад хэд хэдэн чиглэлийн хүндрэл, эрсдэл тулгарч болохыг онцолж байлаа. Тиймээс салбар яам тодорхой зохицуулалт хийх шаардлага гараад байгаа юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:    “6 настай хүүхдийг сургуульд оруулсан нь хөдөө орон нутгийн хувьд болохгүй байна. Бэлчээрийн МАА-тай болохоор оторлох шаардлагатай. Энэ нь залуучуудыг төврүү оруулах, гэр бүлийн салалтын  гол шалтгаан болж байгаа нь үнэн. Иймээс сөрөг зүйлүүдийг тодорхой анхаарах нь ёстой талаар байр сууриа боловсролын сайдад хэлж байгаа.”

Нүүдлийн соёл иргэншил давамгайлсан гэгдэх манай улсын хувьд бага, дунд боловсролын тогтолцоондоо тодорхой зохицуулалтыг хийх цаг болсныг эндээс харж болно. Энэ байдлыг шуурхай болоод, нааштайгаар шийдвэрлэхгүй бол нэг талаас хүүхдээ боловсролгүй нэгэн болгох, нөгөө талаас мал ахуйгаа орхих 2 сонголт залуу малчдад тулгараад байгаа юм.