Ж.Эрдэнэбат: Долларын зээл авах талаар яриа гараад эхэлчихлээ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.04.08

Ж.Эрдэнэбат: Долларын зээл авах талаар яриа гараад эхэлчихлээ

УИХ- ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

 Таныг тойргоороо явсан гэж дуулсан. Иргэдийн зүгээс ямар захиас хэлж байна вэ?

-Сэлэнгэ аймгийнхаа сумдад ажиллаад ирлээ. Монголын эдийн засаг хүндэрснийг хүн бүр мэдэж байна. Эдийн засаг хүндэрснийг ганцхан би ч биш, Сэлэнгийн ард түмэн ч биш, Монголын ард түмэн хэлээд байгаа юм. Харин цөөхөн хэдэн хүн л эдийн засаг хүндрээгүй гээд байна.

Сэлэнгийнхэн маань өөрсдөө  хөдөлмөрч ард түмэн. Ямартай ч өөрсдийнхөө хөдөлмөрийн үр шимээр бүтээж хуримтлуулсан багахан зүйлс нь барагдаж дууслаа. Хаврын тариалалтаас эхлээд ажил хөдөлмөрөө эхлэх үед  хүндрэлтэй  зүйлс тулгарахаар бухимдаж байна.

Тойргийн иргэд хамгийн түрүүнд цалин хөлс нэмэгдэхгүй байгаад таагүй хандаж байсан бол ахмадууд “Та нар юунд биднийг ингэж хулхидаж байгаа юм бэ” гээд ихээхэн шүүмжлэлийг илэрхийлж байна лээ. Тэтгэвэр, цалин нэмлээ гэж сэтгэл санааг нэг өдөр сайхан байлгачихаад маргааш нь унтраах байсан юм бол үүн шиг эмгэнэл байхгүй шүү гэдгийг хэлж байна.

Цаашид төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажил нь ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн зүйл байх ёстой. Түүний нэг илрэл нь ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл байлаа. Хэрэв тэтгэвэр нэмэх гэж байгаа бол инфляцийн өсөлтдөө уялдуулан нэмэгдүүлсэн бол үр дүнтэй болох байсан. Аливаа зүйлд оромдсон байдлаар хандахаар буцаад хариу нь ингэж ирж байгаа юм л даа.

-УИХ-ын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд ямар асуудлуудыг зайлшгүй хэлэлцэх ёстой гэжхарж байна вэ. Мэдээж эхний ээлжинд эдийн засгийн талаар санал бодлоо хэлцгээх байх?

Валютынхаа ханшийг алдчихаад Монголбанкны ерөнхийлөгч нь “Бид худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ дээр л төгрөгийн ханшийг ярина уу гэхээс гадаад валютын тал дээр ярихгүй" гээд ярьж байна.

-Эдийн засгийн асуудал гэхээр иргэдийн амьжиргаатай шууд холбогдоод байгаа юм. Бид Монгол Улсынхаа эдийн засгийг сайжруулаагүй тохиолдолд мянган сайхан шинэчлэл, сайхан зүйл яриад нэмэргүй.

Ард иргэдийнх нь амьдрал өмнөх түвшингээс буурчихаад байхад хуулийн салбарын шинэчлэл гэдэг ч юм уу бусад зүйлсийн талаар ярина гэж байгаа бол энэ дараагийн асуудал. Эхний ээлжинд иргэдийн ахуй амьдрал уруудаад байгаа энэ хүчин зүйлсээс гарах тал дээр эрх баригчдын зүгээс ямар шийдвэртэй арга хэмжээнүүдийг  хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ ярилцах ёстой.

Эдийн засаг хүндрээд удаагүй байгаа тул яаралтай зөв арга хэмжээ авч чадвал хохирол багатайгаар гарчих боломжтой. Түүнийгээ  анзаарахгүйгээр бусад зүйлс рүүгээ анхаарал хандуулаад байгаа нөхцөлд унасан эдийн засгаа дараа нь өсгөнө гэдэг тийм ч амар биш.

Орон нутгаар явж байхад иргэдийн зүгээс “Сөрөг хүчин танайхан юу хийгээд байгаа юм” гэсэн зүйлсийг ярьж байна лээ. Харамсалтай нь бид эдийн засгаа ингэх ёстой, мөнгөний  бодлого ийм байвал зүгээр байна гасан саналаа хэлж байгаа ч МАН-ын бүлгийн гишүүдийг сөрөг  хүчний бүлгээс гарч буй саналуудыг дандаа буруу зүйл ярьж хэлж байна гэсэн өнцгөөр хараад байгаа тул тодорхой хэмжээнд бидний зааж хэлж буй үгсийг хүлээж авахгүй байгаа юм. Өмнө нь сайдаас эхлээд бүхий л томоохон албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийнхээ үгийг сонсох л хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэл  юунаас шалтгаалж байна вэ?         

-Эдийн засгийн хүндрэл ганцхан эрх барьж буй хүмүүсээс шалтгаалаад байна уу, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл байна уу гээд энэ бүхнийг судалж үзэх л хэрэгтэй. Энэ Засгийн газар өмнөх Засгийн газруудаас хамгийн их мөнгөтэй нь гэж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засаг яагаад ингэж уруудаад байгаа юм бэ. Бизнес эрхлэгчид гэхэд худалдан авалт байхгүйн улмаас үйлдвэрлэл нь хаалгаа барихад хүрчихсэн. Үйлдвэрийг хөдөлгөгч хүч болсон хэрэглэгчид мөнгөгүй болчихоор худалдан авалт буураад эхэлчихнэ.

Монголын томоохон эдийн засагчид валютын ханшаа барих ёстой байсан гэдгийг хэлж байна. Монгол Улс хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор оруулж ирж байгаа. Валютынхаа ханшийг алдчихаад Монголбанкны  ерөнхийлөгч нь “Бид худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ дээр л төгрөгийн ханшийг ярина уу гэхээс гадаад валютын тал дээр ярихгүй" гээд ярьж байна. Төгрөгийн худалдан авах чадвар нь гадаад валюттай харилцаж буй ханшаар тодорхойлогдох ёстой. Талх 600 төгрөг байж байгаад 800 төгрөг болсон. Энэ нь худалдан авах чадвар гэж ярьж болохгүй.

Хүндрэлээс гарах боломж хэр байгаа бол.  Гарах гарцын үзүүрт гэрэл харагдах юм уу. Хүндрэл  хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 

-Монгол Улсын гадагшлах уг валютын урсгал татарна гэсэн ойлголт байхгүй. Бид валютын дотоод урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Гаднаас авсан бондуудаараа валютын дотогшоо урсгалыг нэмэгдүүлэх бизнесийн салбарыг дэмжих ёстой. Монголын валютыг нэмэгдүүлэх нэг урсгал нь нүүрс байсан. МАН-ын байгуулсан гэрээг шүүмжилж байхаар тэр гэрээг үргэлжлүүлээд Хятад улстай хэл амаа ололцоод явчихсан бол болох л байсан. Харин манайхан тэгэлгүйгээр хэл ам хийж байгаад хүчингүй болгочихоод дараа нь өөрсдөө гуйж очоод гэрээ байгуулсан.

Одоо өмнөх хэмжээнд нүүрс гарахгүй байна. Төмөр замын асуудлаа бондын мөнгө орж ирэнгүүт хамгийн түрүүнд шийдэх ёстой байсан ч тэгээгүй. Энэ мэтчилэн зүйлсээс болж бид гадаад зах зээл дэх орон зайгаа алдаж байгаа юм. Хятадын эдийн засаг хангалттай өссөн. Гэтэл Хятадын хэрэглээ буурсан мэтээр ярих утгагүй. Үнэн чанартаа бидний нүүрс гаргах хэмжээ багассан болохоос Хятадын эдийн засаг дахь хэрэглээ буураагүй. Төр засгийн алдаатай бодлогоос болж ийм нөхцөл байдалд хүрчихлээ.

-Ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн ч 1800 төгрөг хүрэх гэж байна. Цаашид ам.долларын ханш буурах боломж байна уу?

-Анх төсөв батлахад л үүн дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Төсөв батлагдсаны дараа би танай сонинд ярилцлага өгөхдөө “Их л сайхан өөдрөг төсөв боллоо доо” гэж хэлж байсныг санаж байгаа байх.

. Ам.долларын ханш 1700- 1800 төгрөгийн хооронд хэсэг тогтвортой байсан нь Чингэс, Самурай зэрэг бонд гаргаж дэлхийн зах зээлд гаргасны хүчинд тогтсон байх.

Монголчууд ашдын бэлгээс амны бэлгэ гэж хэлэх дуртай. Гэтэл энэ уг маань бодит байдал дээр хэрэгжихгүй эдийн засгаа хүндрүүлчихсэн. 1750 төгрөг хүрсэн ам.долларын ханш хэзээ ч 1384 төгрөгт хүрэхгүй шүү гэдгийг хэлж байсан. Гэтэл эрх баригчид бид үүн дээр барих гээд байхад та нар заавал өсгөх гээд байдаг нь ямар учиртай юм гэж байсан л даа. Бодит байдал дээр 1800 төгрөгт дөхчихлөө. Цаашид бүр ч өсөх хандлага ажиглагдаад байгаа.

Эрх баригчид дахин гаднаас долларын зээл авах талаар яриа гарч байна. Тэгж болохгүй. Бид үр хойчдоо ер, дарамт өвлүүлж өгч байна гэсэн үг. Хүндрэл нь 2016 оноос мэдрэгдэнэ. Дахин доллараар зээл авах маш хүнд. Монголын эдийн засаг үүнийгээ  даахгүй. Ам.долларын ханш 1700- 1800 төгрөгийн хооронд хэсэг тогтвортой байсан нь Чингэс, Самурай зэрэг бонд гаргаж дэлхийн зах зээлд гаргасны хүчинд тогтсон байх. Ам.долларын ханш буурлаа гэхэд 50 төгрөгөөр буурч магадгүй. Үүнээс хойш бол байнга өснө гэж бодож байгаа. Манайхан тэнгэр бурхантай их ярьж зөвлөлддөг болсон. Гэнэт л тэнгэр бурхан нь харж үзээд буулгадаггүй л юм бол хэцүү.

-МАН-ынхан ам.дол­ларын ханш өсөх бүрт л баярлаад байдаг нь ямар учиртай юм бэ. Танайхан ам.долларын хадгаламж ихтэй гэсэн хардлага байна?

-Өнөөдрийн байдлаар Эрдэнэбат гэдэг хүн ам.долларын хадгаламж бүү хэл төгрөгийн хадгаламж ч үгүй шахам байна. Эрх баригчдын зүгээс өгдөг мессэж нь болохгүй бүтэхгүй зүйлс  бүхнийг Ардын нам руу чихэж байгааг харж байгаа биз дээ. Ардын намынхан авлигач, луйварчин гэх болж. Бодит байдал дээр хэнд нь тийм их мөнгө байгааг мэдэж байгаа байлгүй дээ.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй том компани, корпорациуд хэний эрх мэдэл байна гээд бүхий л зүйл нь ил байгаа. Эрх баригчид өмнөх ажлаа хийж чадахгүй байж ардын намыг муулах нь үндсэн ажил нь болчихлоо. Ардын нам эрх барьж байхдаа арай ч ийм хуншгүй байгаагүй. Зарим гишүүд нь АН ардчилсан коммунизмд шилжиж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

-Эдийн засгийг хүндрүүлсэн ямар ямар хүмүүс байна вэ?

-Ганц нэг хүнтэй шууд асуудлыг холбох утгагүй. Тухайн засаглал өөрсдийнхөө бодлогыг л гаргана. Хамтарсан засаг барьж байгаа үед Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас болж эдийн засаг хүндэрсэн гэж ойлгож болохгүй. Эдгээр хумуус хариуцаж буй салбартаа зөвлөгөө өгдөг нь тодорхой. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар, Их хурал гэж гаргадгаас бус Батбаяр, Ганхуяг гэж гаргадаггүй л байхгүй юу. Эсвэл энэ хоёр л бурхан бусад нь тэнэг болж таарах нь уу. Тиймээс төр засгийн алдаатай бодлогын дун нь ингэж гарч байна.

-Царцаасан 243 обьектоос танай аймгаас хичнээн обьект багтсан бэ. Цаашид хэрхэх бодолтой байгаа бол?

-Царцаасан 243 обьект  гээд байгаагаас уг нь 272 обьект байгаа юм. Өнөөдөр зарим обьектыг хэрэгцээгүй тул борлуулна гэсэн дүгнэлтийг аудит гаргасан байна. Яагаад ийм байдалд хүрсэн нь ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд авлигажсан төсөв гээд хэлснээс л болсон. Авлигажсан төсөв гээд манай намынхан руу тэр тусмаа надад хандаж Сэлэнгийн усан бассейн гэж байгаад л хэлсэн.

Эрдэнэбат гэдэг хүн тэр обьектын хаанаас нь авлига авсан юм. Түүнийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Ерөнхий сайд бодлогогүй, юу бодсоноо шууд ярьчихдаг. Аудитын дүгнэлт гарсны дараа бид аудитын даргаас нь авлигажсан төсөв  байна уу гэхэд хэлж мэдэхгүй байсан. Ерөнхий сайд нь авлигажсан гэдгээ мэдэж байгаа юм бол тэрийгээ гаргаад АТГ ч юм уу харьяалагдах газруудаар нь шалгуулах хэрэгтэй.

Нэгэнт нийгмийн захиалга шаардлагаар Их хурал, Засгийн газар нь шийдээд гаргачихсан шийдвэрийг өнөөгийн засаг нь энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэж ангилах нь буруу.

Аймгийн хувьд ганц усан бассейн ч биш худалдаа үйлдвэрлэлийн байгууллага, сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт олон ажлууд бий. Эдгээрээс дөрөв, тавыг нь өнжөөж хоёр ажлыг нь огт санхүүжүүлэх шаардлагагүй гэсэн. Огт санхүүжүүлэхгүй байж болохгүй гэдгийг нь би хэлсэн. Мөнгө төгрөг завшаагүй огт асуудалгүй барилгыг ССАЖЯ нь шийдвэрээ гаргачихсан байхад чухал биш гээд хасах гэж байна. Чухал биш барилга гэдгийг нь хэн тодруулах гээд байгаа юм гээд асуудал их байгаа.