Д.Чимгээ: Гэртээ талх авах уу, эсвэл үр тариагаа авах уу гэдэг сонголттой байнга тулгардаг
Хэнтий аймаг хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн тэргүүн Д.Чимгээ
2014.04.08

Д.Чимгээ: Гэртээ талх авах уу, эсвэл үр тариагаа авах уу гэдэг сонголттой байнга тулгардаг

Хэнтий аймаг хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн тэргүүн Д.Чимгээтэй ярилцлаа.

-Хэнтий аймгийн хүнс, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд юу хэрэгтэй байгаа вэ?

Өндөр хүчдэлийн шугам хэрэгтэй байна. Гэхдээ энэ асуудлыг удахгүй шийдэх байх. Ер нь ногоочдод сортын үр, техник тоног төхөөрөмж, санхүүгийн чөлөөт байдал хэрэгтэй.  Хавчигдмал санхүүтэй юм хийж чаддаггүй. Ногоочид маань гэртээ талхаа авах уу, эсвэл үр тариагаа авах уу гэдэг сонголттой байнга тулгардаг шүү.

-Сум хөгжүүлэх сан болон ЖДҮ эрхлэгчдийн дэмжих зорилгоор очиж байгаа зээлд хэрхэн хамрагддаг вэ?  

Манай аймагт янз бүрийн төсөл ирдэг. Гэтэл төсөл хэнд очиж, ямар үр дүнтэй байв гэдгийг шалгахгүй байна уу гэж бодогддог.

-Төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан уу?

Ногоочид бол хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Арван сая төгрөгний үйл ажиллагаа явуулмаар байтал хоёр сая төгрөгний л зээл өгдөг. Ийм хангалтгүй байдал нь бодитой дэмжлэг болдоггүй. Төр засаг ногоочдодоо итгэмээр байна. Алийн бүр биеэ зовоогоод техникгүйгээр гараараа тарих вэ. Өдөр шөнөгүй ялаа шумуултай ноцолдож, ногоон талбай дээр өнжих вэ. Уг нь жаахан дэмжээд өгвөл дотооддоо бүх ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.

-Хэнтийн ногоочид аймгийнхаа хүн ардыг ногоогоор бүрэн хангаж чадаж байгаа юу?

Чадаж байгаа. Хэнтийчүүд маань ч өөрсдийнхөө тарьсан ногоог авдаг болсон. Гэхдээ ногоогоо хадгалах сав, агуулах зоорьны асуудлыг дэмжмээр байна. Техник хэрэгтэй.

Ногоочдын зүгээс техник, механикжуулалтын асуудлыг их тавьдаг. Түүнчлэн ногоочдод урамшуулал хэрэгтэй. Өдөр шөнөгүй л хөрсөө сийрүүлж, услана. Зэрлэгийг нь зулгаана, хортон шавьжтай тэмцэнэ гээд ажил мундахгүй.

Дараагийн асуудал нь ажиллах боловсон хүчин. Залуу хүн халшраад ирдэггүй. Тиймээс механикжуулаад өгвөл тэд ирдэг болно. Одоо ногоочдын хамгийн залуу нь гэхэд 40 настай.

Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.