Д.Тэрбишдагва: Хяналт, шалгалтыг хүний субьектив нөлөөллөөс ангид байлгахын тулд “тоглоомын дүрэм” маш тодорхой байх хэрэгтэй
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.04.10

Д.Тэрбишдагва: Хяналт, шалгалтыг хүний субьектив нөлөөллөөс ангид байлгахын тулд “тоглоомын дүрэм” маш тодорхой байх хэрэгтэй

Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва-ийн ярилцлага

-УИХ Таны санаачилсан Хяналтыг хэрэгжүүлэх тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулиар МХЕГ-ыг тарааж, төрийн хяналтын эрх мэдлийг яамдад буцааж өгөх асуудал багтсан. Арван жилийн өмнө бүх яамнаас хяналтын эрх мэдлийг хурааж МХЕГ-ыг байгуулсан. Дөнгөж төвлөрч, хөлөө олж яваа хяналтын системийг дахиад талын нэг тараах нь хэр оновчтой юм бол?

-Хуулийн төсөлд зарим хяналтыг салбарын яамдад шилжүүлэхээр тусгасан нь эрх мэдлийг яамдад буцааж өгч байна гэхээс илүүтэй тухайн салбарын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, түүний төлөө салбарын сайдын хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа хэрэг гэж ойлгохыг хүсье. Нөгөө талаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. Урьд өмнө бидний олж хараагүй, тооцоогүй байсан шинэ нөхцөл байдлууд бий болсон.

Энэ бол амьдрал. Цаг үеэ дагаад төрийн тогтолцоо, үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, боловсронгуй болж байх учиртай. Энэ өөрчлөлтийн нэг хэсэг нь чухамдаа үүнтэй бас холбоотой. Салбарын яамд руу шилжиж байгаа хяналтуудыг мэргэжлийн хяналтын байгууллагын явуулж байсан шиг байцаагч нар шалгаж торгоод байдаг тэр арга хэлбэрээр хэрэгжүүлэхгүй. Үүнийг энэ хуулиар бас зохицуулсан. Одоо салбарын яамд дээр төрийн зохицуулалтын олон механизм байгаа. Тэр механизмаар ихэнх нь хэрэгжих боломжтой. Байгаль орчныг хамгаалах гэх мэт тодорхой цөөн салбарт хяналтын байцаагч нар ажилладаг болно.

Бодлого хэрэгжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах асуудал зааг ялгаатай.  Мэргэжлийн хяналтын одоогийн нэгдсэн тогтолцоог бүрмөсөн алга хийж байгаа юм биш л дээ. Хүний амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэхтэй холбоотой хяналтыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлдэг илүү мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, дарамт, гажуудал багатай хяналтын тогтолцоог шинээр зохион байгуулахаар хуулийн төсөл, үзэл баримтлалд ойлгомжтой томьёолсон.  

Хүний амьдрах аюулгүй орчин бүрдүүлэх асуудал хоорондоо нарийн харилцан уялдаатай 5 хяналтаас бүрдэж байгаа. Үүнд хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны болон хүний амьдрах орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эм, эмчилгээний аюулгүй байдал, эдэлж, хэрэглэж байгаа бараа таваарын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.

Эдгээр хяналтыг тухайн чиглэлээр сургагдаж бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн, үйлдвэрлэл дээр ажиллаж туршлагажсан, хяналтын чиглэлээр тусгайлан бэлтгэгдэж мэргэшсэн, хамгийн чадварлаг мэргэжилтнүүд хэрэгжүүлдэг байхаар хуулийн төсөлд, түүнийг дагалдаж гарах баримт бичгүүдэд тусган оруулж байна.

Хуулийн зорилгыг ойлгуулахын тулд арван жилийн өмнөх түүхийг бас дурдах ёстой байх. Жишээ нь, тухайн үед хүнсний асуудал эрхэлсэн яам хүнсний аюулгүй байдлыг хянаж байхад зэрэгцээд Эрүүл мэндийн яамны давхар хяналт орж ирж, яамдын дунд хяналтын давхардал маш их үүсдэг байсан. Ямар нэгэн шийдвэр гаргах үед хяналт давхардаж зөрдөг, яамд өөр өөрсдийн эрх ашгаа хамгаалж түвэгтэй нөхцөл үүсдэг байсан л даа.

Тиймээс хяналтын системийг нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, хүнд суртал, давхардлыг арилгах гэж МХЕГ-ыг байгуулсан. Энэ шийдвэр зөв байсан. МХЕГ байгуулагдаад арван жил болоход есөн даргын нүүр үзсэн байна. Шинэ дарга нар хяналтын хуулийг дагаж мөрдөхөөс гадна өөр өөрсдийн сонирхлоор тусгай журмууд гаргасан байдаг. Энэ нь хяналтын байгууллагад хүнд суртал бий болгох эхлэлийг тавьсан байгаа юм. Үндсэндээ тус байгууллагын нийт шалгалтын 70 хувь нь ард иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэж, дарамт, шахалт ихэсч, үйл ажиллагаа явуулах босгыг өндөрсгөсөн.

МХЕГ-т өнгөрсөн хугацаанд олсон ололт байгаа ч энэ мэт сөрөг талууд байгааг харлаа.

Өнөөдөр энэ байгууллагад мэргэжлийн байцаагчаас гадна төрийн захиргааны ажил хийж явсан хүн хүртэл байцаагч хийж байна. Би энэ салбарыг хариуцаж ажиллаад жил гаруй боллоо. Үйл ажиллагаатай нь танилцаж, төвөөс хөдөө орон нутаг дахь анхан шатны нэгжтэй нь тулж ажилласан хүний хувьд төвлөрсөн хяналтын системтэй МХЕГ-т өнгөрсөн хугацаанд олсон ололт байгаа ч энэ мэт сөрөг талууд байгааг харлаа. Тийм учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МХЕГ-ыг татан буулгах асуудал багтсан байгаа. Энэ асуудлыг цэгцлэх, тодорхой хууль санаачилж, батлуулах үүрэг танд ногдсон хэрэг үү?

-Хүмүүс өөрт таалагдсан юмандаа илүү ач холбогдол өгч, түүнээ л гол болгоод байдаг юм шиг байгаа юм. Уул нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эхэнд “бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна” гэснийг огт ярихгүй, МХЕГ-ыг татан буулгахыг л их анхаараад байх юм.

Огт хяналтгүй байх нь аюултай, бас бүх хяналтыг  яам, яаманд нь тарааж, 10 жилийн өмнөх байдалд нь оруулбал давхардал, хүнд суртал, чирэгдэл нь хэд дахин ихсэх гээд олон сөрөг талууд харагдаж байгаа. Тийм болохоор дэлхий дахины явж байгаа чиг хандлага, өөрийн орны хөгжлийн өнөөгийн шатны онцлог, ард иргэд, нийтийн ашиг сонирхол, бизнест ээлтэй орчин бүрдүүлэхТөрийн бодлого зэргийг хооронд нь нягт уялдуулан авч үзэж хамгийн тохиромжтой хувилбарыг сонгож, шийдлийг гаргах нь илүү чухал гэдгийг юуны өмнө хэлье.

Засгийн газар МХЕГ-ыг өөрчлөх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулсан.  Энэ Ажлын хэсэг  олон судалгаа хийсэн. Мөн миний бие тушаал гаргаж, мэргэжлийн хяналтын эрх зүйн орчинг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг тусад нь  байгуулж ажиллуулсан. Энэ хуулийн ажлын хэсэг нийтдээ 32 төрлийн томоохон судалгаа гаргаж шинжилгээ хийжээ.

Дээр нь НҮБХХ, Дэлхийн банк, ОУСК зэрэг олон улсын хөгжлийн байгууллагуудаас мэргэжлийн хяналтыг авлигаас ангид байлгах, хүнд суртал, дарамтыг нь багасгах, хяналт шалгалтын эцсийн үр дүн, өгөөжийг сайжруулах талаар 2007 оноос хойш олон судалгаа хийж, чухал ач холбогдол бүхий тайлан, мэдээллүүдийг гаргасан байдаг. Эдгээр судалгааны материалыг хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулахад ашигласан. Түүнээс гадна одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 110 хуулинд задлан шинжилгээ хийж, 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулсан. 

Ажиглаж байхад зарим хүмүүс хяналтанд их дуртай юм шиг. Шалгаад, шалгуурт нийцэж байгааг нь ажиллуулж, чадахгүй байгааг хаана гэдэг бол өөрөө хоёр талтай асуудал. Хяналт шалгалт ихсэхээр тодорхой бизнес, үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийг шахаж, дарамтлах, магадгүй эндээс авлига, хээл хахуул үүсдэг юм байна. Энэ нь эрх зүйн зохицуулалт муу байгаатай их холбоотойг өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.

 Аливаа хяналт, шалгалтыг хүний субьектив нөлөөллөөс ангид байлгахын тулд эрх зүйн зохицуулалт буюу “тоглоомын дүрэм” маш тодорхой байх хэрэгтэй юм байна. Энэ шаардлагын үүднээс хуулийн төсөлд хяналт, шалгалт гэсэн ойлголтуудыг хооронд нь зааг ялгаатай болгож, хяналтын байгууллага, улсын байцаагч шалгалт хийхээс илүүтэй хяналт хэрэгжүүлдэг, иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны зөрчил дутагдлыг нь засаж залруулах талаар зааж зөвлөдөг, соён гэгээрүүлдэг, өөрийнх нь хариуцлагыг өндөржүүлэх, дотоод хяналтын механизмыг сайн ажиллуулах замаар ер зөрчил гаргадаггүй болгох, аюул, эрсдэл үүссэн хойно нь бөөн зардал, чирэгдэл болж, торгож шийтгэх биш, тийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн үйл ажиллагааг илүүтэй явуулдаг байхад шинэ хуулийн үзэл санаа чиглэгдэж байгаа юм.

Өнөөдөр хэрэгжиж байгаа төрийн 40 төрлийн хяналтын 12-ыг МХЕГ-т, 13-ыг нь салбарын яаманд, салбарын яамны хуулиар зохицуулахаар зохион байгуулж, үлдсэн 15 хяналт шалгалтыг хүчингүй болгосон нь зөв гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа. Тэгээд ч хяналтын бүх эрх мэдлийг нэг газарт төвлөрүүлэхээр МХЕГ-т оролцохгүй асуудал гэж байхгүй болж байна л даа.

 Өнөөдөр хэрэгжиж байгаа төрийн 40 төрлийн хяналтын 12-ыг МХЕГ-т, 13-ыг нь салбарын яаманд, салбарын яамны хуулиар зохицуулахаар зохион байгуулж, үлдсэн 15 хяналт шалгалтыг хүчингүй болгосон нь зөв гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа.

Мэргэжлийн хяналтыг цаашид зөвхөн аж  ахуйн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болгож, харин төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хуулийн хүрээнд Төрийн байгууллагууд өөрсдөө шат шатандаа хэрэгжүүлдэг байхаар зааглаж өгсөн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлыг маш сайн  тодорхойлчихсон.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 12 дах хэсэгт хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Яамдад энэ асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга, орон нутагт Иргэдийн хурлын төлөөлөгч, Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд өгсөн байгаа. Харин энэ эрх бүхий этгээдүүд яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байна гэдэг дээр ерөнхий хяналт тавьдаг, хариуцлага тооцдог тогтолцоо алга болоод олон жил болж байна даа.

-Татан буулгахаар яригдаж байгаа МХЕГ-ын 2014 төсөв улсын төсөвт багтсан уу. Хэрвээ Засгийн газар дээрх байгууллагыг татан буулгахадаа тулбал ажиллагсадыг нь ажлын байраар яаж хангах вэ. Бас төсвийг нь тараах асуудал ундрах байх даа?

-Төсөв нь батлагдсан. Тараах сонирхолтой хүмүүс зориудаар буруу мэдээлэл тарааж, МХЕГ-ын  төсвийг хассан гэсэн мессеж өгч байгаа л даа. Төр түмэн нүдтэй болохоор энэ байгууллагын ач холбогдлыг сайн ойлгож байгаа. Тийм болохоор энэ байгууллагыг ор үгүй алга болгох юм байхгүй. Харин бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, дотоод хяналтын талаар зарчмын том өөрчлөлт хийгдэнэ.

Бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр одоо ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь “гудамжинд” гаргах гэж байна гэсэн сөрөг мэдээлэл явагдаад эхэлсэн байна. Энд тийм юм байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Бидэнд хангалттай судалгаа, тооцоо бий. Мэргэжлийн болон мэргэшлийн шалгуурыг харж байцаагчдыг дээрх хяналтын чиглэлүүдэд томилох хуулийн заалттай. Нилээд байцаагч холбогдох яамны мэдэлд шилжинэ.

Харин авлигалд өртсөн, бусдад дарамт үзүүлдэг “буруу гарын” хүмүүсээс бид зоригтой салах болно. Жил гарангийн хугацаанд энэ талаар нилээд мэдээлэл цугларсан, хэн нь хэн бэ гэдэг тодорхой болсон. Ийм хүмүүс тун цөөн тоотой байгаа хирнээ энэ байгууллагын нэр хүндэд маш их хор хохирол учруулсаар байгаа.  Ер нь ноён нуруугаараа ихэнх байцаагч эх орон, ард олныхоо төлөө шударга ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж удирдлагын түвшинд өөрчлөлт орно. Төрийн албаны хуулийн хүрээнд энэ бүхнийг ил тод, шударга шийдээд явах боломжтой.

Тийм болохоор нийт байцаагч нартаа хандаж хэлэхэд янз бүрийн буруу явуулгад авталгүй, хариуцсан ажилдаа эзэн болж, хариуцлагатай сайн ажиллахыг, ажлаа цалгардуулахгүй байхыг сануулж байна. Янз бүрийн шуугиан дэгдээж байгаа хүмүүс та нөхдийн дунд бас байгаа шүү. Тэд бол ихэнхдээ шулуун шударгаар тэнд очоогүй, түрүүний миний хэлсэн “буруу гарын” хүмүүс гэдгийг ойлгож, тэдний элдэв явуулгад автахгүй байх нь зүйтэй.

-Бүтээн байгуулалтын нэг жилийг үдсэн Шинэчлэлийн Засгийн газар хийж, бүтээнэ гэж зорьсон ажлынхаа ард гарч чадсан гэж Та үзэж байгаа юу?

-Засгийн газрын үйл ажиллагааг нийтээр хамруулж дүгнэхэд эрт байна. Ерөнхий бодлогын хэмжээнд Засгийн газар чармайж ажилласан. Төлөвлөсөн ажлууд яаж хэрэгжсэн бэ гэдгийг салбар бүр дээр, сайд нарын ажил тус бүр дээр харах учиртай.

-Энэ жил нэлээд хүнд жил байлаа. Экспорт, импортын уналт, ханшийн зөрүү гэх мэт эдийн засагт амаргүй сорилт тулгарсан. Ирэх онд сайн мэдээ дуулдана гэх найдвар танай танхимд бий юу?

-Бид нэлээд хүнд жилийн ард гарч яваа нь үнэн. Эдийн засаг хүндэрч, түүхий эдийн экспорт, импорт татарч, гадаад дотоодын аж ахуйн нэгжийн сул зогсолтоос үүдэн татвар, улсын төсөв тасарч олон саадтай тулгарсан. Гэхдээ бид чармайсан.

Амралтын өдрүүдийг эс тоон, өдөрт 12 цагаас дутуугүй ажиллаж байгаа ч үр дүнгээс хойш нь татаж, зорьсон болгоноо хийж амжихгүйд хүргэснийг нуугаад яахав. Жишээ нь, УИХ-ын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид хөрөнгө оруулалт хийх нэрээр улсын төсөвт асар их мөнгө суулгаж чаддаг хэрнээ ажлынхаа бодит тооцоо судалгааны тал дээр түүхий суусан. Улсын төсөвт хөрөнгө оруулалт болно гэж туссан ажил хууль болж, заавал хэрэгжих ёстой. Гэтэл мөнөөх зураг төсөв нь байхгүй ажлыг хийж болдоггүй.

Хэл ам болж байж, зураг төсвийг нь гаргахаар өртөг нь төсөвт тавигдснаас өндөр болсон байдаг. Ингээд тендер, худалдан авах ажиллагааг зураг төсөвт нь тааруулж хийх үү, улсын төсөвт суусан хэмжээнд барих уу гэх зөрчил үүссэн. Үүнээс болж олон ажил хийгдээгүй. Гэхдээ үүнийг ил болгосны хүчинд цаашид улсын төсөвт зураг, төсөл нь бэлэн болсон ажлыг оруулна гэсэн шийдвэрт хүрлээ. Энэ бол давуу тал. 

-Чингис бонд Засгийн чихнээс хонх уясаар байгаа. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөгүй байж бонд оруулж ирж, банкинд түгжээд хоосон хүү төлөх нь хямарч байгаа эдийн засагт дарамт өгч байна гэсэн шүүмжлэл мөд тасрахгүй шинжтэй?

-Бондын тухайд би оруулж ирж байгаа нь сайн хэрэг ч, төсөв төлөвлөгөөнд онцгой анхаар гэж анхнаас нь хэлсэн. Өнөөдөр яг энэ төсөв, төлөвлөгөө зарцуулалтад алдаа гарч байна. Засгийн газар бондын мөнгийг зөв зарцуулж байна уу гэдэгтээ гарцаагүй хяналт тавих ёстой. Бид оруулж ирсэн бондын зарцуулалт дээр ямар алдаа гаргав, юунд онов, цаашид бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босговол бид юуг илүү анхаарах вэ гэдгээ Засгийн газар тодорхойлох ёстой.   

-Бондын мөнгөнд төлөвлөлт хийхдээ алдсан Эдийн засгийн хөгжлийн сайд зэрэг албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой байх аа. Танай танхимд ийм эрүүл уур амьсгал цухалзах юм уу?

-Засгийн газар бондын мөнгөнд задаргаа хийж, ололтоо бататгаж, алдаанаасаа сурах ажлыг эхлүүлж, хариуцлагагүй хандсан нөхдөд анхааруулга өгөх ёстой. Өмнөх Засгийн газрын хуралдаанд би энэ асуудлыг оруулсан. Бондын мөнгөнд хянуур ханд гэж эхнээс нь анхааруулсан хүний хувьд би өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын гишүүдийг амарч байх үед дэд сайд нарт хэлсэн. Бондын мөнгө түгжигдэж, хүү алдаад байна гэж.

Бондын зарцуулалтад Хөгжлийн банк төлөвлөлт хийсэн. Өнөөдөр хэн нь ажлаа хийж чадаагүйг, хаана алдаа гарсныг тооцож гаргах ёстой. Ер нь бол хариуцлага тооцож, хэн нэгнийг халж, солино гэхээс илүү босгоод ирсэн том хөрөнгийг амжилттай хэрэгжүүлж чадсан уу, үгүй юу гэдгээ дүгнэх ёстой.

Манай Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд санаачилж нэлээд үр дүнд хүргэсэн ажлууд бол бий. “МАНАН”-гийн Засгийн газрын хийж байсан ажлыг үргэлжлүүлж, өр ширийг нь цэгцлэхээс эхлээд бид нэлээд юм хийсэн. Энэ онд автозамын ажил хамгийн зөв, хамгийн сайн явсан. Ер нь бол магтуулдаг Засгийн газар гэж хаана ч байхгүй. Шүүмжлэлтэй тулгарч байгаа ажлаа засаад явах нь л чухал.

-Шинэчлэлийн Засгийн газар хэтэрхий шоу хэлбэртэй болсон гэх шүүмж тасрахгүй байгаа. Жишээ нь, Ерөнхий сайд иргэний бүртгэл мэдээлэл авах ажиллагааг цахим хэлбэрт оруулж, ТҮЦ машинтай болсон тухайгаа зурагт, сонингүй ярьсан. Нэг агентлагийн мэргэжилтэн, инженер шийдээд удирдлагадаа танилцуулж, хэрэгжүүлэх хэмжээний ажлыг Ерөнхий сайд барьж аваад, УИХ-ын танхимд хүртэл ярих нь жижиг хэрэг биш үү?

Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргана гэдэг асуудлыг УИХ өөрөө хуульчилсан байгаа.

-Энэ асуултаа Ерөнхий сайдад тавь. Хэвлэлийнхэнтэй долоо хоног бүр уулзаж байгаа. Ер нь бол хийсэн ажлаа бодитоор танилцуулж, алдаагаа засах нь буруу биш. Миний тухайд гэвэл би үр дүн л ярих дуртай. Шинэчлэлийн Засгийн газарт сахилга, хариуцлага, дэг журам, манлайлал гэдэг юм Шадар сайд болон Шадар сайдын ажлын албанаас, Д.Тэрбишдагва гэдэг хүнээс эхэлнэ гэж боддог.

Ядаж нэг хэсэг нь сахилга бат, дэг журам, манлайлалтай байх ёстой биз дээ. Хүн болгон хариуцлагаа ухамсарлаж байж улс орон хөгжих байх. Түүнээс биш өмнө нь тэнэг төр байсан шиг өнөөдөр ухаалаг төр яриад хэрэгжүүлнэ гэж байхгүй байх. Би тэр ухаалаг төрийг ерөөсөө ойлгохгүй байгаа.

-Иргэд танай Засгийн газраас цалин тэтгэвэрийн нэмэлт хүлээж жил илүү хугацааг туулж явна. Инфляц өсөж, вальютын ханшийн зөрүү иргэдийн амьдралыг өдрөөс өдөрт унагаж байна. Энэ хүлээлт хэзээ дуусах вэ?

-Засгийн газар 2014 оны төсөвт цалин тэтгэвэрийг нэмэгдэлд 200 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Хэрхэн яаж нэмэх, хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдгээ он гараад шийдэнэ. Хүмүүсийн сэтгэлийг ханшны өсөлт хамгийн ихээр зовоож байгаа нь үнэн. Бид өнөөдөр маш зөв дүгнэлт хийх ёстой. Монгол банк ханшны зөрүү, үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын мөнгө, арилжааны банкуудын нөхцөл байдлыг хянуур судлах ёстой.

Ханш өсөхөд нөлөөлсөн гадаад дотоод нөхцөл байдал, экспорт импортыг ч хамруулах ёстой. Ингэж дэс дараагаар нь дүгнэж, шийдэх ёстой асуудлын дараалал гарган, эхлээд нэн түрүүнд алийг, дараа нь юуг шийдэх вэ гэдгээ тодорхойлж, хэн ямар алдаа гаргав, цаашид яах вэ гэдгээ тодорхойлох нь зөв байх.    

-Засгийн газар 1.5 тэрбум ам. долларын бондоо шингээж чадсангүй. Ахиад “Самурай” бонд авна гэсэн. Бонд нэмж авах цаг нь мөн үү, биш үү гэдэг асуудал мөн л маргаан дагуулсан. Энэ талаар Таны байр суурь ямар байгаа вэ?

-“Самурай” бонд гаргаж, үүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулах уу эсвэл шинээр гаргах бонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын нийт өрийг ДНБ-ний 40 хувьтай тэнцүүлнэ гэсэн заалттай зөрчилдөж байна уу гэдгийг УИХ хэлэлцэж шийднэ. Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргана гэдэг асуудлыг УИХ өөрөө хуульчилсан байгаа. Засгийн газрын дангаараа шийдэж болохгүй энэ асуудал ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх байх.

-Төрийн ажлаас гадна улс төрийн намыг авч явах үүрэг бий. Д.Тэрбишдагвыг огцруулах нь гэсэн мессеж үе үе тардаг. Яагаад ийм яриа яваад байдаг юм бэ?

-Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намд энэ зэргийн шүүмжлэл, яриа хөөрөө байдаг л асуудал. Эмзэглээд байх юм биш. Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа идэвхижүүл гэх эвсэл даалгавартай өрнөдөг шүүмжлэлийг ялгаж, салгах чадвар бидэнд бий. Өөрсдөө буруу үйлдэл хийчихээд, гэмт хүнд гэлбэлзэнэ гэдэг шиг түүнээ халхавчилж, Д.Тэрбишдагвыг огцруулна гэж яваа хүмүүс байгаа ч энэ яриа удирдлагын хэмжээнд, газар автал яригдаагүй.

Аливаа шүүмжлэлийг би эмзэглэхгүйгээр хүлээж авдаг. Хэсэг гишүүд хэвлэлийн хурал хийсний төлөө зөрүүлж тайлбар тавиад явах зав надад үнэндээ алга. Гэхдээ гүжир гүтгэлэг, доромжлолд харин хариу барьчихна шүү.

-МАХН, МАН хоёр нэгдэнэ гэх мэдээ улс төрийн орчинд үе үе гардаг. Энэ хоёр нам нэгдэх ёстой, нэгдэнэ гэсэн итгэл найдвар гишүүдийнх нь дунд байдаг юм шиг. Намууд нэгдэх асуудлаар ямар нэг алхам хийгдэж байна уу?

-Ийм яриа хэлэлцээр байхгүйг хариуцлагатай хэлнэ. МАХН, МАН хоёр бол угшил гарал нэгтэй. Ингэж хэлэхээс айж, ичих хэрэггүй л дээ. Үнэндээ бол МАН-ын гишүүд бидний найз нөхөд. Ямар нэг асуудлаар санал солилцох, ярьж хөөрөх асуудал бишгүй л гардаг. АН-д ч миний найз нөхөд бий. Тийм учраас хүмүүсийн хоорондын харилцаанд тулгуурлаж, хоёр нам нэгдэх гэж байна гэж дүгнэж болохгүй.

Үзэл бодлоосоо болж салж, тусгаарласан ч цэвэр ёс суртахуунтай, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, олигархжсан үзлийг дэмждэггүй, угшил нэгтэй МАН-ын гишүүд МАХН-д элсэх хүсэлт гаргавал бид татгалзахгүй. Бас олигархжсан бүлэглэлийг дагах сонирхолтой хүмүүс намын гишүүнчлэлээс татгалзвал бид хорихгүй.

-Н.Энхбаяр болон таньтай хол биш харьцаатай М.Энхболд МАН-ыг даргалж эхэлсэн. Энэ цаг үе хоёр намын нэгдлийг ойртуулах юм биш биз?

-Биднийг М.Энхболдтой холбоотой, найз нөхөд байсанд тулгуурлаж ийм дүгнэлт хийж болохгүй. Нам нэгдэхдээ хүрвэл бүхэл бүтэн улс төрийн намын үзэл баримтлал, явуулж байгаа үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлж таарна. МАХН аль ч улс төрийн намтай зарчмын хувьд хамтарч ажиллана. Тэдний дунд МАН багтаж байгаа. Гэвч бид нам нэгдэх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суугаагүй. Бидний дунд албан ёсны уулзалт болоогүй.

-Засгийн газартай холбоотой дуулиан шуугианы нэлээд хэсгийг Эрүүл мэндийн яам эзэлдэг. Засгийн газар Н.Удвалыг танхимаасаа явуулна. Н.Удвал АНУ, Англид элчингээр явуулчих, тэгвэл ажлаа өгье гэсэн байна гэх мэдээ түгдэг. Хамтарч Засаг барих зөвшилцлийн гэрээний хэрэгжилтийг хянаад сууж байгаа хүний хувьд Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Н.Удвал сайд ч ийм яриа хэлэлцээр, тохиролцоо хийгээгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Яахав ер нь ажил хийж байгаа хүнийг, тодорхой зорилгоор гутаан доромжлох, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн янз янзын оролдлого ихэсч байгааг харж байна. Намын дэд даргын хувьд би Засгийн газарт багтсан гишүүдээ боломжийн хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж хэлнэ.

-Шадар сайд Худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ-ыг албан тушаалын хуваарилалтаар авч,  өөрийн хүмүүсээ томилсон гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Худалдан авах ажиллагааны газрын даргыг би биш Ерөнхий сайд томилсон. Д.Энхжаргал гэдэг эмэгтэй МАХН-ын гишүүн байсан уу гэвэл тийм. Одоо төрийн алба хашиж байгаа учраас намын гишүүнээс татгалзсан. Би Д.Энхжаргалыг МАХН-ын дэд дарга болсон цагаас хойш мэддэг болсон. Энэ эмэгтэйг манай эхнэрийн хамаатан, бараг миний нууц амраг гэсэн яриа гарсан. Энэ хүн бидний дунд найз нөхдийн болон хамаатан садны ямар ч хэлхээ, холбоо байхгүй.

Би түүнийг эрдэмтэн, эмэгтэй хүний хувьд Худалдан авах ажиллагааны газрыг зөв авч яваа. Хэл амтай энэ байгууллагыг нэг жилийн дотор авлига, хээл хахуульгүй, хариуцлагатай, ил тод болгох чиглэлээр хүчин чармайлт гаргаж, сайн удирдаж байгаа гэж үздэг. ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн тухайд нуугаад байх юм алга. Хүмүүс миний туслах байсан гэдэг юм.

Баянгол дүүрэгт болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж, төрийн албыг олон жил залгуулж, миний УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан ийм залууг ОБЕГ-т томилсон нь үнэн. ОБЕГ-ын даргыг ямар хүнд хариуцуулах вэ гэдэг асуудлыг нэлээд ярьж, Засгийн газарт оруулсан. ОБЕГ өөрөө иргэний, галын, нөөцийн, цагдаагийн гээд олон салбараас бүрдсэн байгууллага. Удирдлагыг нь дундаас сонгохоор өнөөх нь үндсэн салбар нэгтэй хэсгээ түлхүү дэмжээд явчихдаг юм байна. Ингээд зөрчил үүсдэг.

Тийм учраас огт хөндлөнгийн, гэхдээ төрийн албаны туршлагатай хүнээр удирдуулах нь зөв гэж үзээд би хоёр хүний нэр санал болгосон. Т.Дуламдорж Засгийн газрын хуралдаанаар дэмжлэг аваад гараад ирсэн. Т.Дуламдорж энэ газрын даргаар ирээд аваар осол, гамшигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, техникжүүлж, дотно хамт олон бүрдүүлж муугүй ажиллаж байгаа. Үнэн юмыг үнэнээр нь хэлэх ёстой. Залуу хүнд сурч, нэмж сайжруулах олон зүйл байгаа байх гэж бодож байна.