16 аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн ажлыг хийж байна гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.11

16 аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн ажлыг хийж байна гэв

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч, үүнийг шийдэх цогц бодлогыг төр засгаас явуулж буй. Үүний нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж эхлээд байгаа билээ. Э.Бат-Үүл дарга сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч энэ асуудал тусгагдсан.

Тэгвэл энэ талаар өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Дээрх ажлыг гардан хийхээр  50 гаруй аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр оролцох хүсэлт ирүүлснээс өнөөдөр 16 аж ахуй нэгж шалгарч 57 талбар дээр  үйл  ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд бүтээн байгуулалт өрнүүлэх эрх авсан “Хера Пропертийз”  ХХК гэхэд нийт 70.4 га газарт дахин төлөвлөлт хийх юм байна.  Одоогоор есөн айлын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд 189 айлын орон сууцыг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах аж.

Үүнээс гадна “Жиди” ХХК бидний хэлж заншснаар Ханын  материалын 53.6 га газарт дахин төлөвлөлтийн ажил хийхээр болжээ. Энэ мэт 16 аж ахуй нэгж иргэдийг тав тухтай амьдруулах ажлыг гардан гүйцэтгэж байна. Уулзалтын эхэнд хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил санаанд оромгүй хурдан хугацаанд хэрэгжиж буйг онцолж байлаа.

Тодруулбал, Солонгос, Япон зэрэг оронд  дахин төлөвлөлт хийх гэж маш олон жилийг зарцуулдаг бол манай улс үүнийг амжилттай шийдэж, нэг жилийн хугацаанд иргэдтэй тохирч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн нь дэлхийн рекорд тогтоох хэмжээний амжилт болсон гэдгийг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Япон улсад долоон га газарт дахин төлөвлөлт хийх гэж  16 жил зарцуулсан байдаг аж.

Дөрвөн айлын газар дээр 120 айлын орон сууц баригдана.

Гэтэл манай улс нэг жилийн хугацаанд 4000 айлтай ярилцаж тохирч, энэ онд 11 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орох ажээ. Тиймээс л үүнийг хотын дарга Геннисийн амжилт тогтоох ажил болсон гэхэд болно хэмээж байв. Энэ мэт дахин төлөвлөлтийг гардан гүйцэтгэх байгууллагууд хоорондоо тохирч, тав тухтай орчинг бүрдүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, ганцхан орон сууц бариад өнгөрөх бус, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, үзвэр үйлчилгээний газар, худалдааны цогцолбор гэх мэт иж бүрэн байдлаар хотхон байгуулах ажээ.  Дахин төлөвлөлтийн ажил нь иргэдэд ая тухтай орчинд амьдрах боломжийг бий болгож байгаа ч нөгөө талаараа төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад асар их ашиг авчрах ажил юм.

Тодруулбал, дөрвөн айлын газар дээр  120 айлын орон сууц баригдана гэдгээс үүнийг хялбархан харж болно. Дээр нь дэд бүтцийнх нь зардалд зориулан хотын төсвөөс 53 тэрбум төгрөг гаргаж өгсөн байна. Гэхдээ иргэдийн зүгээс нэг болгоомжлол бий нь юу гэхээр газраа чөлөөлөөд өгдөг. Гэтэл эсрэгээрээ газар ч үгүй байр ч үгүй үлдэх вий гэхээс эмээж буй учир газраа чөлөөлж өгөхгүй байх үзэгдэл гарч байгаа ажээ.

Мөн барьсан барилга нь чанаргүй байх асуудал ч байгаа учраас үүнд онцгой анхаарч ажиллах юм байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Газраа чөлөөлж, мөнгөө өгсөн иргэд тухайн барилгын үйл ажиллагаанд хяналт тавьж болно. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын үйл явц ямар байгааг харахаас гадна Мэргэжлийн хяналтын байгууллага ч үүнд анхаарч ажиллана” гэлээ.

Түүнчлэн сүүлийн үед эдийн засаг хүндэрч байгаа ч иргэд цалингийн хуримтлал үүсгэж орон сууцтай болох нь хамгийн ашигтай гэдгийг хэлж байлаа.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг үгүйсгэж болохгүй ч дөнгөж эхэлж буй ажилд санаанд багтамгүй өндөр амжилт гэсэн дүн тавих нь хэтэрхий эртэдсэн асуудал. Хүний хашаанд толгой хорогдож байгаа айл өрхийг яах вэ, одоо ч зөрүүдэлсээр байгаа газрын эздийг хэрхэх, түр оршин суух орон байрыг яаж зохицуулах вэ гээд шийдлээ хүлээсэн олон асуулт бий ч үүнийг нэг өдрийн дотор зохицуулж болохгүй гэд­гийг энэ үеэр онцолж байлаа.