17 сайдын давхар дээлийг тайлуулах ёслол болов
2014.04.12

17 сайдын давхар дээлийг тайлуулах ёслол болов

 МАН-аас тайван жагсаалыг зохион байгууллаа. Зарим улс төрийн намууд,  иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн,  ард иргэдийн төлөөлөл  дампуурсан төр засаг давхар дээлээ тайл гэсэн  жагсаалыг дэмжин оролцсон байна.

Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг дээлээ тайлахыг шаардаж энгийн иргэдээс эхлээд МАН-ын гишүүд дэмжигчид, иргэний нийгмийн төлөөлөл, Чингисийн талбайд гурван цагийн турш жагслаа.

Жагсагчид дампуурсан төр засаг давхар дээлээ тайл гэсэн лоозон барьж МАН-ыг дэмжигч иргэдийг улс орны эрх ашгийн төлөө нэгдэн тэмцэхийг уриалсан юм. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу давхар дээлийн хуулийг УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлыг хойшлуулсан нь улс төрийн наймаа гэж олон хүн үзэж байгаа юм.

Шинэчлэлийн засгийн газар гарснаар Монгол улсын түүхэнд байгаагүй эдийн засгийн хямрал бий болж, ард иргэд туйлдаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ  өдрөөс өдөрт өсч байгааг эсэргүүцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: “Эзэн Чингис хааныхаа нэрээр өглөг өгсөн хэмээн нэрлэсэн энэ их мөнгийг өнөөдөр юунд зарцуулав. Хэний амьдралд нөлөөлөв, хэний амьдрал дээшлэв гэдэг асуудлыг энд ярьж, асууж байгаа. Тиймээс сөрөг хүчний зүгээс энэ олон асуултад хариу нэхэж, хариуцлагагүй байгаа засгийн газартайгаа хариуцлага тооцох ёстой юм байна. Үнэхээр энэ хүмүүс маань хүлээсэн юм байна гэж бид ойлгож байгаа.”

Давхар дээлийг тайлах асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлогдсон нь МАН-ынхны дургүйцлийг нэлээдгүй хүргэжээ. 14 жилийн өмнөх 2000 оны засгийн газартай харьцуулахад эрс ялгаатай байгааг гишүүд онцолсон. Тухайн үед 76 гишүүний 22% нь засгийн газарт байсан бол одоо бараг 100%-д хүрлээ гэж үзэж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: “Тэр үеийн засгийн газар дотор үндсэн чиг үүргийн 4 сайд, үлдсэн сайд нар нь гаднаас байсан. Тэгэхээр харьцаа нь 30 хувь нь дотроосоо, 70 хувь нь гаднаасаа байсан гэсэн үг. Одоо 100 хувь дотроосоо байна. Парламентын ёс зүй, засаглалын ёс зүй алдагдаад байна, хариуцлага тооцож чадахгүй байна” гэсэн юм.

МАН-ын дарга М.Энхболд: “УИХ-ын намрын чуулганыг эрх баригчид үгсэн хуйвалдаж завсарлуулж байсан. Тэр завсарлага өнөөдөр 65 хоносон. Тэдний хамтран зүтгэгчид болох “Шударга ёс” эвслийн нөхдүүд дахин завсарлага авч Монгол улсын төрийг “Том төрөөс ухаантай төр лүү” дэвших Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгох асуудлыг дахин хойш нь татлаа.”

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: “Тансаг хэрэглээ болж хойшлогдож байгаа барилга объектуудад ахмадууд та бүхний амралтын байр, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг,  соёлын төв багтаж байгаа.  Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, барилга объектууд тансаг хэрэглээ болж хувирч байна. Бодит байдал, амьдрал ийм байна. Энэ жил улс орны эдийн засаг 11.6 хувьд өссөн гэж зарлаж байгаа. Гэтэл бодит байдал дээр энэ өсөлтийн ихэнх хувь нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, малчин түмний хөдөлмөр зүтгэл, монгол түмнийг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн малын минь буян.”