"Шударга ёс" эвсэл завсарлага авлаа
2014.04.12

"Шударга ёс" эвсэл завсарлага авлаа

Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэх ёстой байсан. Гэвч “Шударга ёс” эвслээс тав хоногийн завсарлага авснаар хуулийн төслийн хэлэлцэх хугацаа дахин хойшиллоо.

УИХ-аас 2000 онд Үндсэн хуулийн долоон зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдөр төрийн ажилд ихээхэн хүндрэл учруулах болсон гэж хууль санаачлагч үзжээ. Тухайлбал, 2000 онд Үндсэн хуулийн 29-р зүйлийн нэгдэх хэсэгт “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт оруулжээ.

Ингээд уг хуулийг дагалдуулан Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 20-ын 1-ийг, Үндсэн хуулийн 39-р зүйлд заасан ёсоор “Засгийн газар  Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална”  гэж өөрчилсөн байдаг. Харин ингэж өөрчилсөнөөр төрийн хууль тогтоох дээд байгууллагаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх эрх, үүрэг бүхий засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо алдагдаж байгаа зэрэг олон сөрөг үр дагавар бий болжээ.

Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу давхар дээлээ тайлах хуулийн төслийг намрын чуулганы үеэр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Харин тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсантай зэрэгцэн намрын ээлжит чуулган өндөрлөсөн. Ингээд хаврын чуулганаар давхар дээлээ тайлах буюу засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэх байсан ч “Шударга ёс” эвслээс тав хоногийн завсарлага авснаар уг хуулийн хэлэлцэх хугацаа дахин хойшилсон юм.

Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва: "Бүлэг дээр хоёр нам өөрөө нэг бүлгийг бүрдүүлж байгаа учраас бидний хооронд зарим нэг зүйл дээр санал зөрөлдөх зүйл байгаа учраас бүлэг дээрээ ярья гэсэн байр суурины үүднээс 5 хоногийн завсарлага авсан."