Содбаатар.Я 2014.04.14 | Сайт: UNEN.mn

Я.Содбаатар: Худалдааг олон улсын стандартын дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр хийх нь хамгийн чухал

Я.Содбаатар: Худалдааг олон улсын стандартын дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр хийх нь хамгийн чухал
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулжээ.  Хуулийн төслийн танилцуулгыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ худалдааны байгууллагад ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр нар оролцов. 
Монгол Улсын  худалдааны харилцаа хэлбэр,төрөл, худалдаагаар дэмжих төрийн бодлого зохицуулалт, олон улсын эрх зүй хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг, зэрэг асуудал нь хуулийн нэгдсэн зохицуулалтгүй явсаар иржээ.  Худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байна. 

Энэ үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хуулийн төслийн гол зорилт, ач холбогдлыг тайлбарлаач?

-УИХ-ын нэр бүхий гишүүд Худалдааны тухай хуулийн төслийг өргөн барьж байгаа.  Энэ нь худалдааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, нийгэм эдийн засгийн зайлшгүй шаардлага байна. Ялангуяа Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжиж, чөлөөтэй худалдаа эрхлэх болсон. Тиймээс ч бид 1997 онд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Манайд гадаад, дотоод худалдаанд үндэсний худалдааны эрх зүйн орчныг тодорхой болох, түүнд тавигдах шаардлага, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг төрийн бодлого зохицуулалтаар хянах шаардлагатай байгаа юм.  Тиймээс худалдааны хуулийн нэр томьёог тодорхой болгох, худалдааны төрөл ангиллыг тодорхой болгох, худалдаагаар дамжуулж үндэсний эдийн засгийг хамгаалах асуудал нийгэмд хэрэгцээтэй байна.  Манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон хэрнээ  гишүүн орныхоо авдаг хөнгөлөлт, чөлөөлөлтийг авахгүйгээр 20 гаруй жил явж ирлээ.  Тиймээс далайд гарцгүй орны хувьдхудалдааны гэрээ хэлцлийн хүрээнд боломж нөхцөлүүдийг авч ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

-Сүүлийн үед чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн их орж ирэх болсон.  Хуулийн үйлчлэл үүнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээрээс хэрхэн эргүүлж татах уу, бизнес эрхлэгчдийг хэрхэн хохироохгүй асуудлыг шийдэх үү гэдэг асуудлыг Засгийн газар их ярьдаг болсон л доо.  Мөн бараа бүтээгдэхүүний үнийг эрх зүйн зөв хүрээнд зохицуулахгүй бол Засгийн газар улстөрийн зорилго агуулсан эвсэл улстөрийн хүчин тодорхой зорилготой зах зээлийн бус аргаар оролцож байгаа явдал нь эргээд маш их хэмжээний зардал гардаг.  Тиймээс үнийн асуудалд Засгийн газар, төр хэрхэн оролцох ёстой юм гэдгийг хуулиар зохицуулж байгаа.  Мэдээж худалдаа эрхчлэгчдэд тавигдах шаардлага, бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн эрх үүрэг гэх мэт худалдааны салбарт гарч байгаа харилцааг нэлээн өргөн хүрээтэй 9 бүлэг 29 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан. 

-Хамгийн гол нь зах зээлийн зарчмаар явж байгаа худалдааг нэг хайрцагнд оруулж хуульчилснаар ямар давуу талууд бий болох юм?

-Монгол Улсад  ганзагын гэж нэрлэгддэг худалдаа хөгжөөд 20 гаруй жил боллоо.  Ер нь үүний цаана хэн хохирч байсан гэхээр  ерөөсөө хэрэглэгч мөн иргэд.  Тиймээс Засгийн газар бусад аж ахуйн нэгжүүдтэй хийдэг худалдааны гэрээний загварыг Засгийн газар баталж өгдөг байя гэж байгаа юм. Ингээд худалдааг олон улсын стандартын дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр хийх нь хамгийн чухал.  Хаана, хаанаа хариуцлага өндөрсөж, үүнийг дагаад экспорт, импортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний чанар стандартыг хангах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.